Нийгэм
Тоон гарын үсгийн салангид олон программуудыг нэгтгэж, иргэдэд ойлгомжтой хэрэглээг бий болгоно

Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 58 хувь нь тоон гарын үсэгтэй. Гэвч тэдний 3.2 хувь нь тоон гарын үсгийг ашиглаж байна.
Тоон гарын үсэг бол тухайн иргэнийг цахим орчинд таньж баталгаажуулах найдвартай, аюулгүй арга хэрэгсэл юм. Гэвч иргэдийн хувьд тоон гарын үсгийг хаана, юунд ямар зорилгоор ашиглах талаар ойлголтгүй байгаа бол аж ахуйн нэгжүүд тендерт оролцохдоо л ашиглаж байгаагаас өөрөөр хэрэглээндээ хэвшүүлээгүй байна.
Учир нь, тоон гарын үсэг олгож буй байгууллагууд тус, тусдаа программ хөгжүүлж, төрийн цахим үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлсэн нь нэг талаасаа иргэд төрийн цахим үйлчилгээг авах болгонд тоон гарын үсгийг шинээр авах, нөгөө талаасаа эмх замбараагүй олон системийг бий болгох нөхцөл үүсгэжээ.
Үүний зэрэгцээ, манай улсын тоон гарын үсгийг олон улс хүлээн зөвшөөрдөггүй. Хэт олон журамтай.
Иймд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, тоон гарын үсгийн программуудыг нэгтгэж, сайжруулах чиглэл өглөө. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам холбогдох хууль, журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, үндэсний суурь гэрчилгээний системийг шинэчилж, цаг бүртгэлийн системийг нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, салангид олон программудыг нэгтгэн сайжруулж, мобайл хувилбарыг хөгжүүлэх ажлыг эхлүүллээ.
Дээрх ажлууд хийгдсэнээр төр болон хувийн хэвшлийн байгууллагууд төрөл бүрийн зардлыг бууруулж, төсөв хэмнэх боломж бүрдэх юм. Тухайлбал,
- Цаас, хэвлэлтийн зардал буурах:
Уламжлалт гарын үсэгтэй баримт бичигт цаас, хор, хэвлэгч шаардлагатай. Тоон гарын үсэг эдгээрийг хэрэглэхгүйгээр цахимаар баталгаажуулдаг тул дээр зардлыг хэмнэнэ.
- Тээвэрлэлтийн зардал хасагдах:
Баримт бичгийг шуудан, илгээмжээр явуулах шаардлагагүй болсноор шуудангийн төлбөр хэмнэгдэнэ.
- Хадгалалтын зардал буурах:
Баримт бичгийг хадгалахад тодорхой хэмжээний агуулах, тавиур гэх мэт орон зай шаардлагатай. Харин тоон баримтыг клоуд эсвэл сервэрт хадгална.
- Цаг хугацаа ба ажиллах хүчний хэмнэлт:
Баримт бичиг бэлтгэх, илгээх, буцааж авах, архивлах зэрэгт зарцуулагддаг цагийг багасгана.
- Тооцоолол ба хэмнэлтийн хэмжээ
Монголд шуудангийн зардал (жишээ нь, 1000-5000 төгрөг/баримт), цаас, хэвлэлтийн зардал (500-1000 төгрөг/хуудас), ажилтны цагийн үнэ (цагт 10,000-20,000 төгрөг) гэж үзвэл: Сард 200 баримттай жижиг байгууллага уламжлалт аргаар 500,000-2,000,000 төгрөг зарцуулна. Тоон гарын үсгийг ашиглавал сард 50,000-150,000 төгрөг төлнө гэж таамаглавал жилд 4,200,000-23,400,000 төгрөг хэмнэх боломжтой юм.

Нийгэм
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Энэ сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн НЭ-ийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан байна.
Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.
Нийгэм
Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа “Crossrail international” компани ажиллаж байна.
Тус компани Улаанбаатар метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендерийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажиллаж байна.
Өчигдөр тус компанийн захирал Patrick TenHave, Alistair Thomson, Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Dohwa Engineering” компанийн захирал Пак Юн Чул, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал У.Баатар нар төслийн тендерийн баримт бичгийг стандартад нийцүүлэх, нягтлах, олон улсын хэмжээний томоохон компаниудыг оролцуулах, төслийг санхүүжүүлэх сургалт зохион байгууллаа.
Ташрамд, “Crossrail international” компани нь 2022 оны тавдугаар сард Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан бөгөөд Австрали, АНУ, Канад, Хонг Конг зэрэг улсад стратегийн зөвлөхөөр ажилладаг билээ.
Нийгэм
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Өчигдөр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар сургалт, зөвлөгөөнүүд болж өндөрлөв.
Салбар хуралдаануудыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт, үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан.
Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны нөхцөлд тохирсон үр соорт нутагшуулах, хөрс ургамал хамгаалал, техник технологийн дэвшил зэргийг танилцуулж, сургалт хийлээ.
Мөн газар тариалангийн хоршоологчид болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хоршоод, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жинсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй, эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамрууллаа.
Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр “Атрын IV аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Их танхимд болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.