Улс төр
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Монгол Улс хүн амын бодлогоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлага үүсээд байна

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Үүрийнтуяатай уулзаж ярилцлаа.
-Энэ ажлын хэсгийг байгуулах үндэслэл, шаардлага юу байсан бол?
-Өнөөдөр Монгол Улсын хүн амын өсөлтийн бодлогыг ямар байгууллага хариуцан хэрэгжүүлж байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Урд хөрш БНХАУ 1.4 тэрбум, хойд хөрш ОХУ 127 сая хүн амтай. Энэ хоёр том хөршийнхөө дунд бид 3.5 саяулаа. Тиймээс манай улсын хувьд хүн ам зүйн бодлого үндэсний аюулгүй байдлын хэмжээний бодлого байх ёстой. Аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс нь газар нутагтай байх, хүн амтай байх ёстой үндсэн шалгуур байдаг шүү дээ. Монгол Улсын хүн амын өсөлт өнөөдөр ямар түвшинд байгааг статистик үзүүлэлтээс харахаар 2024 оны байдлаар 1.1 хувь болж огцом буурч байна. Бид урт хугацааны хөгжлийн бодлогодоо 2050 он гэхэд 5 сая хүнтэй болно, хүн амын өсөлт жилд 1.7 хувиас дээш байж энэ өсөлтийг хангана гээд тодорхойлчихсон байгаа. Өнөөгийн үзүүлэлтийг харвал 2050 он гэхэд Монгол Улсын хүн амын тоо төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй нь.
Бид эдийн засгаа хамгаалж, дотооддоо эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэе гэвэл, нөгөө талдаа эдийн засгийн өсөлтийг дэмжиж, зах зээлээ эргэлттэй байлгая гэвэл хүн амын өсөлтөд анхаарах ёстой. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой улс орны тулгын чулуу болсон асуудлын нэг нь хүн ам зүй. Тэгтэл хүн амын өсөлтийн энэ бодлогыг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага, агентлаг манайд алга. 2024 онд шинээр байгуулагдсан Засгийн газар гэр бүлийн асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд нэмж, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгон өөрчлөн байгуулсан. Өнөөдрийн барьж байгаа бидний бодлого одоо байгаа хүн ам руу л чиглээд байгаа болохоос амынхаа өсөлтийг дэмжих чиглэл нь орхигдоод байна гэж үзэж байна. Монгол Улс 1957 оноос “Алдарт эх”-ийн одонг олгож эхэлснээр хүн амын өсөлт идэвхжсэн байдаг. Дараа нь Хүүхдийн мөнгө, Цалинтай ээжийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ гурван бодлогын үр дүнд хүн амын өсөлт тухайн түвшиндээ өсөж байсан. Харин 1990-2005 он бол хүн амын өсөлтийн хурд илт буурсан он жилүүд байсан. Энэ 15 жилийн хугацаанд бид 300-гаад мянган төрөлтийг алдсан гэсэн статистик бий. Энэ үед төрөх байсан хүүхдүүд өнөөдөр нөхөн үржихүйн насанд хүрч, гэр бүл болоод хүн амаа өсгөж байх байлаа.
Нөгөөтэйгүүр, хүн амын өсөлтөд эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, амьдралын чанар, нөхцөл чухал нөлөөтэй. Амьдралын чанараа дээшлүүлж байж залуучууд гэр бүлээ төлөвлөж, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэ ажлын хэсгийг байгуулсан юм.
-Ажлын хэсгийн нэн түрүүнд хийх ажил юу байх бол?
-Нэгдсэн бодлого зохицуулалтгүй хаягдаад байгаа хүн амын өсөлтийн асуудлыг УИХ тодорхой чиг үүргийнхээ хүрээнд анхаарч байна. Ажлын хэсэг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 800 гаруй хуульд хүн амын өсөлтийг дэмжсэн, хүн ам чанартай амьдрах боломжийг хангасан эрх зүйн ямар зохицуулалтууд байгаа, тэрхүү заалтууд нь хэрэгжиж байгаа эсэх, хэрэгжүүлэхийн тулд хэрхэн өөрчилж шинэчлэх шаардлагатай байгааг нэн түрүүнд судална. Эхний ээлжинд яамд руу хандан холбогдох мэдээллүүдээ цуглуулж, судалгаа хийгдэж байна.
-Ажлын хэсэг байгуулах санал гаргахдаа энэ асуудлыг багагүй судалсан байх?
-Тиймээ, багагүй хугацаанд судалгаа хийсэн. Монгол Улсын хэмжээнд хүн амын өсөлт ямар байна, хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр Монгол Улс ямар бодлого хэрэгжүүлж байсан, түүний үр дүнг судалсан. Мөн олон улсын хэмжээнд хүн амын өсөлтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлж буйг судалж үзсэн. Тухайлбал, БНСУ хүн амын өсөлтийг үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал гэж авч үздэг. Манай улсын хувьд иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын үндсэн эрх ч хангагдаж чадахгүй байна. Ийм байхад хүний хөгжлийг дэлхийн түвшинд хүргэе гэж уриа лоозон байдлаар яриад явбал бид цаашаа урагшлахгүй. Бид юуны төлөө, яах гэж мега төслүүдийг төлөвлөөд байгаа билээ. Эцсийн дүндээ иргэдээ сайхан амьдруулж, хүнээ хөгжүүлэхийн төлөө, хүн амаа өсгөхийн төлөө шүү дээ. Гэтэл энэ эцсийн зорилго маань зорилгодоо хүрэх процесс дунд нь саармагжаад, хаягдаж гээгдээд байна гэдгийг би хэлээд байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн өсөлттэй зэрэгцээд хүн амын хөгжлийн асуудал явах ёстой. Үүнд хөрөнгө санхүү хэрэгтэй. Бидэнд боломж байна, гол нь зөв менежемент, түүнийгээ хэрэгжүүлэх улс төрийн зориг хэрэгтэй байна. Өнөөдөр гаргаж байгаа зарим шийдвэрүүд ард иргэдэд таалагдахгүй байж болно. Үр дүн чухал. Тухайлбал, манай улс нийгмийн хамгаалал гэхээс илүү нийгмийн халамжид асар өндөр зардал гаргаж байна. Энэ тогтолцоог зоригтой өөрчлөх хэрэгтэй.
-Таны бодлоор үүнийг хэрхэн өөрчлөх вэ?
– Монгол Улс нийгмийн хамгааллын зөв бодлоготой, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, хүн амын өсөлтөө хангасан улс байх ёстой гэж боддог. Энд улс төрчид зоригтой шийдлүүд гаргах хэрэгтэй байна. Гаргасан шийдлүүд зарим талаараа ард иргэдэд таалагдахгүй, нэг хэсэг нь эсэргүүцсэн ч бид зоригтой ажиллах ёстой. Хавтгайрсан халамжийн бодлогоосоо салж, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо руу шилжүүлэх нь зөв зүйтэй юм. Халамжаас хөдөлмөр рүү шилжинэ гээд бодлого чиглэлээ гаргаад явж байгаа ч хууль, эрх зүйн орчин нь үүнтэйгээ нийцэхгүй байна. Тийм учраас нийгмийн халамжийн багц хуулиудыг хамгааллын бодлого, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого руу чиглүүлэн өөрчлөх шаардлагатай. Энэ чиглэлээр хийсэн судалгаандаа үндэслэн саналаа гаргаж ажиллах болно.
Дэлхийн том гүрнүүд хүн амаа цөөлөх бодлого барьж байсан бол одоо эргээд хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого руу орж эхэлсэн. Тухайлбал, БНХАУ саяхныг хүртэл нэг хүүхдийн бодлого, хоёр хүүхдийн бодлогыг хэрэгжүүлж байсан бол өнөөдөр гурав ба түүнээс олон хүүхэдтэй байхыг дэмжээд эхэлжээ. Тэд айлын хоёр дахь хүүхдийг таван нас хүртэл, гурав дахь хүүхдийг 10 нас хүртэл жил бүр 1400 орчим ам.долларын дэмжлэг олгож эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Хүн ам зүйн бодлодоо тулгуурлаж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хангах нь улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын асуудал болсон байгаа нь том гүрнүүдийн бодлогоос харагдаж байна. Олон тэрбум, 100 сая давсан хүнтэй улс орон ийм бодлого барьж байхад Монгол Улс өнөөдөр хүн амын бодлогоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлага үүсчихжээ. Үүнд эрүүл мэнд, хүнс, боловсрол, хүүхэд хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, эдийн засгийн зэрэг олон асуудал яригдана. Манай ажлын хэсэг Монгол Улсын хүн амын өсөлтөд ямар хүчин зүйл хамгийн их нөлөөлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоогоод, хамаарлын хүчин зүйл хамгийн өндөр байгаа коэффициентууд дээр эхний ээлжид ажиллах төлөвлөгөөтэй байна.
Асуудлуудыг судалж эрэмбэлнэ, үе шаттайгаар шийдлийг олно. Энэ бол үе шаттайгаар, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын суурь эхлэлийг тавьж буй ажил юм.
-Хүүхдээ өсгөж буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Энэ тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар иргэд санал гаргадаг. Үүн дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Тойргийнхоо иргэдтэй уулзаж байхад энэ асуудлыг их хөнддөг. Тус дэмжлэг хүн амын өсөлтийг дэмжих урамшуулал болохгүй байна гэдэг. “Цалинтай ээж” хөтөлбөр нь халамжийн бодлогоор явах ёсгүй юм. Энэ бол хүн амын өсөлтийг дэмжсэн урамшууллын бодлого байх ёстой. Цалин гэж нэрлэж байгаа бол ядаж сард 500 мянган төгрөгийн тэтгэмжийг нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд олгох нь зүйтэй юм. Хүүхдээ нэг нас хүртэл нь ээжүүд хүүхдийн сүүний, живхний мөнгөтэй байх боломжийг нь хангадаг болмоор байгаа юм. Хүүхэд нэг нас хүрсний дараа тухайн ээж ажил хийж, ажил мэргэжилдээ өсөх боломжийг ханган яслийн тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болгох бодлого байх хэрэгтэй байна. Хүүхдээ гурван нас хүртэл сард 50 мянган төгрөг аваад гэртээ хүүхдээ хараад сууна гэдэг эдийн засгийн хувьд ч тэр, хувь хүний хөгжлийн хувьд ч асар их боломжийг энэ цаг хугацаанд алдаж байгаа. Хүн амын өсөлт нэмэгдэхгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Эмэгтэй хүн дөрвөн хүүхэд төрүүллээ гэхэд 12 жилийг буюу өөрийнхөө идэвхтэй өсөж хөгжих насыг гэр бүлдээ зарцуулж байгаа юм. Энэ 12 жилийг гэр бүлдээ зарцуулах шийдвэр гаргаж байгаа эмэгтэй хэр олон байна вэ гэдгийг бид хүн амын өсөлтийн бодлоготойгоо уяж бодох ёстой. Тийм учраас эмэгтэйчүүд гэр бүлээ төлөвлөөд, хүүхдээ төрүүлээд ажлаа хийх нөхцөл боломжийг бид бүх төрлөөр, бүх механизмаар дэмжих, урамшуулах бодлого шаардлагатай байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх Татварын багц хууль, Нийгмийн даатгалын хуулиудад ч гэсэн залуу гэр бүлийг, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлогууд сууж байж амьдрал дээр бодит боломж болж гарч ирэх юм.
Мөн “Алдарт эх” одонгийн асуудлыг хөндөж байгаа. Монгол Улсын хэмжээнд хүн амын өсөлтийг дэмжсэн хамгийн чухал бодлого нь “Алдарт эх”-ийн одон байсан. Олон хүүхэд гаргасан эхчүүдэд урамшуулал олгох тухай хуульд зааснаар дөрвөн хүүхэд төрүүлсэн эх “Алдарт эх”-ийн хоёрдугаар, зургаан хүүхэд төрүүлсэн эх нэгдүгээр одон авдаг. Гэхдээ энэ тоонд нэг нас хүрээгүй байхад нь алдсан хүүхдийг оруулдаггүй. Энэ заалт маш их гомдлыг дагуулдаг. Тойрогтоо ажиллаж байхад олон ээжүүд энэ талаар саналаа хэлж байсан. Монгол эх хүн төрдөө гомдож явах ёсгүй. Тиймээс хүүхдээ төрүүлээд Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгүүлээд төрсний гэрчилгээгээ авсан бол ямар ч шалтгаанаар хүүхдээ алдсан бай төрүүлсэн хүүхдийн тоонд оруулж тооцдог байх ёстой гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.