Нийгэм
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан “Засгийн газраас 2026 оны оныг боловсролыг дэмжих жил болгохоор зарласантай холбогдуулан сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангахаар төсөл, арга хэмжээг боловсруулж байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын тулгамдаж байгаа асуудлуудыг бодитоор ярилцаж, санал хүсэлтийг авах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм. Мөн нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан хотын захын дүүргүүд болон сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу дүүрэг, хороодод шинээр бүтээн байгуулалт хийж, ачааллыг эн тэнцүү байлгах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэдгийг онцлов.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн боловсролын салбарт нийт 1000 орчим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлж, 40 мянга гаруй багш ажилчид ажиллаж, 530 мянга гаруй хүүхэд суралцаж, үүний цаана нэг сая 600 мянга гаруй гаран эцэг эх байна гэж тооцоолохоор сая 600 мянган орчим хүний дундын харилцаа дунд нийслэлийн боловсролын үйл ажиллагаа өрнөж байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 488 барилгын объект байгаагаас 70 орчим хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай буюу хуучны сургууль, цэцэрлэгийн барилгууд байдаг. Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хуулиараа нийслэл хариуцдаг. Уг засварыг илүү сайн, үр дүнтэй, хурдан шуурхай хийх талаар мөн санал солилцлоо. Үүнтэй холбоотойгоор сургалтын орчинд ашиглах орчин үеийн тоног төхөөрөмж, орчны аюулгүй байдалтай холбоотой газар чөлөөлөлт, зам, дэд бүтэц, камержуулалт зэрэг олон ажлуудыг шинээр шийдвэрлэх, сайжруулахаар ирүүлсэн саналуудыг нэгтгэн шийдвэрлэх чиглэл аваад ажиллаж байна” гэв.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал М.Туулсайхан “Өнөөдөр ЕБС-ийн сургуулиудын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бодитой санал солилцох уулзалт хийсэн нь үр дүнтэй боллоо. Бодит нөхцөл байдалтай танилцаж, биднээс санал хүсэлтийн авч нэн тэргүүнд шийдвэрлэх арга хэмжээний талаар ярилцаж, цаашдын сургалтын менежментийн талаар үр дүнтэй арга хэмжээнүүд хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө. Мөн олон жилийн насжилттай барилга байгууламжийн засвар, өвлийн улиралд илүү тулгамддаг дулаалгын асуудал зэрэг сурагчдын тав тухтай орчинд сурч боловсрох орчныг хэрхэн илүү сайнаар бүрдүүлэх талаар санал солилцлоо” гэв.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн захирал П.Хувьзаяа “Өнөөдрийн уулзалтаар захирлууд өөрсдийн сургуулийн нийгмийн асуудал болон саад бэрхшээл,, ололт амжилтаа ярилцаж байна. Сургуулиуд тулгардаг асуудлуудаа орон нутаг, дүүрэгтэйгээ хамтдаа шийддэг. Нийслэл хотод шинээр олон сургууль ашиглалтад орж байгаа. Ялангуяа манай Сонгинохайрхан дүүрэгт шинээр сургуулиуд ашиглалтад орсон. Ингэснээр хүүхдийн ачааллын асуудал манай дүүрэгт харьцангуй бага үүсдэг болсон” гэдгийг хэлж байв.

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

