Улс төр
Засгийн газрын гишүүд Хангайн бүсийн хуралдаанд оролцож байна

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт болж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Тус бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгасан юм.
Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 14-ний хуралдаанаас Монгол Улсын бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс бүрд зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Хангайн бүсийн аймгууд тус тусдаа бус хамтарч хөгжих, шийдлээ том зургаар төлөвлөх, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа энэ үеэр нээлттэй ярилцана. Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хуралдаанд оролцож байна, Хангайн бүс нутагт хариуцсан салбарт нь тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.

Улс төр
Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулж баяр хүргэв.
“Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа нь Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүдийн амжилтад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар шагнал гардуулсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа, Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол, Японы ард иргэд хоорондын ган бат найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, найрсаг харилцааг улам бүр батжуулахад мэргэжлийн сүмо бөхийн спорт үнэтэй хувь нэмэр оруулж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэмдэглэв.
Мөн сүмо бөхөөр хичээллэж, барилдаж ирсэн Монголын үе үеийн бөхчүүд, Их аваргуудыг амжилтад хүргэхэд чин сэтгэл, уйгагүй зүтгэлээ зориулж, хүүхэд залуучуудад Японы соёл, зан заншил, сүмо бөхийн ёс жаягийг таниулан сурталчилж ирсэн Асахифүжи Сүгиномори Сэйяа багшийн гавьяа зүтгэлийг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ оны 07 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон нь хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдал болно гэдгийг тэмдэглэв.
Асахифүжи Сүгиномори Сэйяа нь 1981 оноос сүмогийн дэвжээнд барилдаж, 1990 онд Ёкозүна цол хүртсэн бөгөөд 1992 онд зодог тайлсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш /ояаката/-аар тасралтгүй ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр Монгол Улсад хэд хэдэн удаа ирж, сүмод сонирхолтой хүүхэд багачуудад мэдээлэл түгээж, сүмогийн спортод хөл тавихад нь тусалжээ.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа.
Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Орхоны хөндийн 189 мянган га талбайд 500 мянган хүн амтай суурьшлын бүс, 4Е ангиллын олон улсын нисэх онгоцны буудал, хөдөө аж ахуйн кластер, 4800 га-д тээвэр логистикийнн нэгдсэн төв, 2450 га-д Өгийнуурын аялал жуулчлалын бүсийг байгуулахаар төлөвлөж байна.
Хархорум хотыг байгуулах Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг гаргасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Хархорум хотын тал хувийг ногоон байгууламжтай, сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээг шийдэхээр эхний ээлжид төлөвлөж байгаа бөгөөд хангайн бүсийн эдийн засгийн тулгуур хот болгох бүрэн боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид Ерөнхий сайдад танилцуулав.
Эртний нийслэл Хархорум хотын туурийн хайгуул, малтлага, судалгааны ажлыг эрчимжүүлэх, УБ-Лүн чиглэлийн 6 эгнээ, 101,7 км, Лүн-Хархорум чиглэлийн 4 эгнээ, 189.6 км авто зам, УБ-Хархорум чиглэлийн 1-р зэрэглэлийн төмөр замын зураг төсөл, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг эхний ээлжид тулгамдаж буй асуудлууд байгаа аж.
Улс төр
Монгол Улс, Саудын Арабын хооронд амьд малын худалдааны чиглэлээр хамтран ажиллах санал солилцов

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн яамны Амьтны эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний газрын дарга Надер Мохлед Аль-Харби, Амьтны хорио цээрийн газрын захирал Салех Ал Саад тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.
Төлөөлөгчид Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Махны холбоо зэрэг байгууллагуудтай хоёр талт уулзалт зохион байгуулав. Уулзалтаар мал эмнэлгийн тогтолцоо, мал, амьтны эрүүл мэнд болон амьд мал, тахианы өндөг Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Нийт 34.4 сая хүн амтай Саудын Арабын Хаант Улс нь жилд 10.0 сая орчим хонины халал мах импортолж, хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд “Хаж” буюу лалын шашинтнуудын их мөргөл үйлдэх жил тутмын ёслолд гадаад, дотоодоос 2-3 сая хүн оролцдог бөгөөд энэ үеэр ойролцоогоор хоёр сая хонь амьдаар импортлох хэрэгцээ үүсдэг талаар онцолж байлаа.
Иймд монгол малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо, хорио цээрийн арга хэмжээний талаар дээрх ажлын хэсэг судлахаар Монгол Улсад ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
-
Нийгэм10 цаг өмнө
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ
-
Нийгэм15 цаг өмнө
Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм12 цаг өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян” Дорноговь аймагт нээлтээ хийлээ
-
Нийгэм10 цаг өмнө
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа
-
Нийгэм12 цаг өмнө
ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв
-
Улс төр11 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ
-
Улс төр17 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ