Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт өчигдөр болсон.
УИХ, Засгийн газрын гишүүд, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймаг, сум, багийн удирдлагууд, хувийн хэвшил, олон улсын болон орон нутгийн төр захиргааны байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг анх 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор баталж, улсаа бүсчилж хөгжүүлэх талаар сүүлийн хорь гаруй жил яригдсан ч бодитой үр дүнд хүрээгүй юм. Харин Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан юм. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээнд “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шуурхай шийдэх, бүсийн аймгуудын харилцааг илүү ойртуулж, хамтарч хөгжүүлэхээр Засгийн газраас зорьж байна.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгажээ. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, гадаад, дотоод улс төр, эдийн засгийн хүчин зүйлс, хангайн бүсийг хөгжүүлэх боломжуудыг танилцуулав. Тэрбээр, Бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын дагуу хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгож хөгжүүлэх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн хүн рүү чиглэж, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх нь чухал. Бүсийн аймгууд нэг дор цуглаж тулгамдсан асуудлаа шийдэх, ямар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх вэ гэдгээ ил тод ярилцах шаардлагатай. Хангайн бүсийн тэргүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрт онцгой анхаарч, газар дээр нь асуудлыг сонсож, холбогдох шийдвэр гаргахыг зорьж буйгаа илэрхийллээ. Ялангуяа, их хаанаар овоглосон баялгийн сангийн үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгахын төлөө хангайн бүсийн иргэд онцгой анхаарах ёстойг хэллээ.
Мөн Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд нар хангайн бүсийн аймаг бүрийн онцлог, хөгжлийн боломж, хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг танилцуулсан. Таван салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг хангайн бүсээс УИХ-д сонгогдсон есөн гишүүн нэгтгэж хэлэлцүүлэв.
Хангайн бүсийн гурван аймагт баригдаж байгаа ДЦС-ын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах, өсөн нэмэгдэх хэрэглээтэй уялдуулж дулаан, цахилгааны эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий Баянхонгороос Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур чиглэлийн 340 км авто замын төслийг эхлүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хүрээнд тус бүсийн аймаг бүр хоёроос доошгүй ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаад зах зээл, технологи, хүний нөөц, татвар, хөрөнгө оруулалтын орчны судалгаа, шинжилгээ шийдэлтэй нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны IV улиралд багтаан гаргах, Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн хилийн боомттой холбогдох 360 км автозам, Цэцэрлэг-Баянхонгор чиглэлийн 200 км автозам, Баянхонгор хот-Шинэжинст сум хүртэлх 270 км авто зам барих, Мянганы замын босоо тэнхлэгийн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замыг холбох 120 км хатуу хучилттай авто замын концессийн гэрээг цуцалж, гүйцэтгэгчийг шинээр шалгаруулах, УБ-Лүн чиглэлийн авто замын хоёр урсгалтай, зургаан эгнээ автозамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, Лүн-Хархорум хот чиглэлийн авто замын ТЭЗҮ боловсруулах, төрийн өмчийн зарим их сургууль, политехник коллежийг түшиглэн техникийн болон дээд боловсролын шаталсан тогтолцоо бүхий сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор их сургууль, төрөлжсөн коллежийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлыг эхлүүлэх, “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүх, шашин соёл, эрүүл мэндийн төрөлжсөн аялал жуулчлалын бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, сумдыг нэгтгэж засаг захиргааны реформ хийх зэрэг 30 гаруй саналыг салбар хуралдаанд оролцогчид гаргасан байна.
Эдгээр саналтай холбогдуулж иргэдийн санал, хүсэлт, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд асуулт бүрд хариулж, хангайн бүсийг хамтарч хөгжүүлэх шийдлээ ярилцаж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа ярилцлаа. Хангайн бүсийн анхдугаар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмж бүрийг нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар холбогдох шийдвэрийг гаргана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүгнэж хэлэхдээ Хангайн бүсийн зөвлөлийг байгуулж, албажуулахаар болсныг мэдэгдээд хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгууллатын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх саналыг Засгийн газраас онцгой дэмжихээ илэрхийллээ. Мөн татварын давуу байдлыг уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглүүлэхэд бэлэн байна. Аялал жуулчлалын тухайд байгалийн болон түүхэн аялал жуулчлалыг төрөлжүүлж хөгжүүлэх саналыг хүлээн авч байна гэлээ. Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх, улсын төсвөөр эхлүүлсэн дутуу орхисон төслүүдийг дуусгах, ирэх жилийг Засгийн газраас “Боловсролыг дэмжих жил” болгосон учраас энэ салбарт хэрэгжүүлэх төслүүдийн саналыг авах, хангайн бүсийг Шивээхүрэн боомттой авто замаар холбох зэрэг нийт 17 багц асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нарт даалгалаа.
Хангайн бүс 90.2 мянган өрхтэй, 293.9 мянган хүн амтай, 144 мянган ажиллах хүчтэй, хүний хөгжлийн индекс 0.74 байна. Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд ДНБ нь 2.7 их наяд төгрөг, үүнийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их буюу 52.6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32.2 хувийг үйлчилгээ, 15.2 хувийг үйлдвэрлэл эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа 6770 аж ахуйн нэгжтэй, дундаж цалин 1.4 сая төгрөг байна.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.