Нийгэм
Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн 50 жилийн ой тохиож байна
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн 50 жилийн ой өнөөдөр тохиож буй юм. Мөн энэхүү түүхт ойтой давхцаж шинэ тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга н.Саруул, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, болон холбогдох хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
Тус салбар номын сан нь анх 1968 онд байгуулагдаж байжээ. Үүнээс хойш 1986 онд Улаанбаатар хотын төв номын сангийн харьяа Баянзүрх дүүрэг дэх гуравдугаар салбар номын сан болсон байна. Салбар номын сан нь хүүхдийн ба нийтийн уншлагын 2 танхимтай, нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай, долоон хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Монгол, гадаад, хүүхдийн төрөлжүүлсэн 42 мянга гаруй ном хэвлэл, бусад материалаас бүрдсэн номын фондтой бөгөөд жилд дунджаар 550-600 ширхэг шинэ ном, 5-8 нэрийн тогтмол хэвлэлээр фондоо тогтмол баяжуулж ирсэн байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасны дагуу номын сангийн хүртээмжийг сайжруулах, уншлагыг дэмжих чиглэлээр хэд хэдэн зорилтуудыг тавин хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2018 оны нийслэлийн төсвөөс 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд байдаг салбар номын сангуудын тохижилтыг хийх, уншлагын танхимыг шинээр байгуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлээд өнөөдөр хоёр дахь номын сангийнхаа нээлтийг хийж байна” хэмээлээ.
Номын сангийн зүгээс ойн хүрээнд төлөвлөсөн олон бүтээлч ажлуудаа тэмдэглэн дүгнэхийн сацуу үе, үеийн ажилтнууд, номыг сангийн хамтран зүтгэгчид, уншигчдын төлөөллийг урин залсан хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.