Нийгэм
БНСУ-д зорчих визний хариу хойшлогдож байгаатай холбоотой элчин сайдын яамны байр суурь

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН “ХӨХ ОРДОНД ГАРГАСАН ХҮСЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ
БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙР СУУРЬ
Сүүлийн үед БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний хүсэлтийг шалгахад 10 долоо хоногоос дээш хугацаа зарцуулж байгаа талаар хэсэг бүлэг хүмүүс гомдол гарсан байна. Үүний нэг жишээ нь Солонгос улсад оршин суудаг Монгол улсын иргэн Хөх ордны “Иргэдийн гомдол, хүсэлт”-ын буланд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” хэмээн үзэж гомдол гаргасан.
Одоогийн байдлаар манай элчин сайдын яам нь Солонгос улсын засгийн газраас тогтоосон визний материал шалгах ажилтны хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн ажиллаж, мөн ачаалалтай улиралд бусад хэлтсийн ажилтны талыг түр хугацаар визний материал шалгуулах ажилд томилон ажиллуулаад зогсохгүй, байгууллагын өдөр тутмын зардал(ариун цэврийн цаас, дайллаганы цай ундааны төсөв гэх мэт)-ыг хүртэл ашиглан цагийн ажилтан авч визний материал шалгах ажилд туслуулах зэргээр визний материалыг хурдан шуурхай шалгах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний шалгах хугацаа уртсаж буй гол шалтгаануудыг дор дурьдвал,
Нэгдүгээрт, Солонгос улсад зорчих виз мэдүүлэгчийн тоо маш их байна. Сүүлийн үеийн тоон мэдээнээс харахад, өдөрт 800-1,000 гаруй визний материал хүлээн авч байгаа ба үүнийг долоо хоногоор нь авч үзвэл тухайн улсын нийт хүн амын 0.1%, нэг сараар нь авч үзвэл 0.4%, нэг жилээр нь авч үзвэл 5%-тай тэнцэх иргэд тогтсон нэг улс руу зорчихоор визний хүсэлт гаргаж буй нь магадгүй олон улсад ч тун ховорхон байх. Энэхүү өвөрмөц үзэгдэлийн улмаас манай элчин сайдын яам, визний материалыг хэвийн хугацаанд шалгах боломжгүй болж, шалгах хугацаа хойшилж байна.
Хоёрдугаарт, Виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримт дунд хуурамч бичиг баримтын төрөл болон тоо харьцангуй их байна. Хуурамч бичиг баримтын төрлийг урьдчилан таамаглахын аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд тооны хувьд нэг долоо хоногийн хугацаанд хэдэн зуугаар тоологдоход хүрч байна.
Энэхүү үйлдэл нь харилцан итгэл эвдэж буй үйлдэл болоод зогсохгүй, Солонгос Монгол хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоог зөрчиж буй нэгэн төрлийн “гэмт хэрэг” тул нарийвчлан шалгах замаар тэмцэхээс өөр аргагүйд хүрээд байна. Өнөөдрийг хүртэл шалгагдаж тодорхой болсон хуурамч бичиг баримтын төрөл нь ойролцоогоор 17 төрөл бөгөөд 2018 оны 10-р сараас эхлэн хэрэгжиж байгаа Олон удаагийн визний журмын өөрчлөлттэй холбогдуулан гэрлэлтийн лавлагаа, төрөөгүй хүүхдийг төрсөн болгож харагдуулахаар төрсний бүртгэлийн лавлагаа, улсын байгууллагаас олгодог нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хуурамчаар үйлдэх нь улам нэмэгдсээр байна. Үүнээс үүдэн ЭСЯ-нд мэдүүлсэн визний материалыг шалгах үйл явц хэвийн явагдах боломжгүй болж, бүх материалыг нарийвчлан шалгалт явуулах зайлшгүй шаардлага бий болоод байна.
* Хуурамч бичиг баримтын төрөл болон илэрсэн тохиолдол: OECD гишүүн орнуудын визийг хуурамчаар үйлдэн өмнө нь тэдгээр улсуудад зорчиж байсан мэт харагдах, нийгмийн даатгалын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, банкны хуулга, 5сая төгрөг байршуулсан гэрээ, түрээсийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оюутны тодорхойлолт, оюутны төлбөр төлсөн баримт, оюутны дүнгийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, төгсөлтийн диплом, малчны тодорхойлолт
Гуравдугаарт, Солонгос улс руу зорчих виз авч тус улсад зорчсон монгол иргэдийн дунд зорчих зорилго болон хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж буй иргэд их байдаг ба сүүлийн үед түүний эзлэх хувь болон тоо нэмэгдэх хандлагатай байна. 2018 оны байдлаар, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн дунд 3 сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувь нь, 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд буюу сар бүр 500-600 хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байна. Энэ тоон үзүүлэлтээрээ дэлхийн 170 гаруй улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамдаас Монгол улсад суугаа Солонгосын элчин сайдын яам нь дэлхийд 1-р байранд ордог.
Уг нөхцөл байдал даамжирвал цаашлаад Солонгос улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх, Солонгосын хөдөлмөрийн зах зээлд эмх замбараагүй байдлыг үүсгэж болзошгүй тул визний материалыг нарийвчлан шалгахаас өөр аргагүйд хүрч байна.
Дөрөвдүгээрт, Солонгос болон Монгол улс нь ‘Соёл иргэншилт нийгэм’тэй, ‘Хууль журамт улс’ болохынхоо хувьд, улсын болон засгийн газрын байгууллагад чиглэсэн ‘хууль бус үйлдэл’-д хатуу арга хэмжээ авах үндсэн зарчимтай. Иймд манай ЭСЯ нь Монгол улсын хууль хяналтын байгууллагад өнгөрсөн хугацаанд хуурамч бичиг баримт мэдүүлсэн иргэд болон визний брокерийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид хууль ёсны хариуцлага хүлээлгэхээр албан хүсэлтээ илгээсэн бөгөөд цаашид мөн адил хүргүүлсээр байх болно. Энэхүү үндсэн зарчмыг даган мөрдөх нь Солонгос болон Монгол улсын хоорондын харилцааг урт хугацаанд хөгжүүлэхэд тустай хэрэг юм. Гэвч, өнөөг хүртэл манай элчин сайдын яамнаас шалгуулахаар хүргүүлсэн хүсэлтийн эцсийн үр дүнгийн мэдэгдэл удаашралтай байгаа учир виз мэдүүлгийн бичиг баримтыг улам нягтлан шалгах шаардлага үүсч байна.
Олон улс, даяарчлалын эрин үед аливаа улс орны хил хязгаарыг давсан “ард иргэдийн шилжих хөдөлгөөн” нь цаанаасаа урган гарч буй зайлшгүй хэрэгцээ болоод байна. Гэхдээ хилийн дээсийг давахын тулд дүрэм журмын дагуу визээ мэдүүлэх хэрэгтэй байдаг ба хоёр орны харилцаа(гэрээ хэлэлцээр)-ны дагуу визгүй зорчих тохиолдлууд ч байдаг. Энэ мэт гадаад иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх үүднээс зөвшөөрөл олгодог шалган нэвтрүүлэх ажил(визний материалыг шалгах, виз олгох, онгоцны буудал дээр хилийн шалганаар нэвтрүүлэх, оршин суух визийг шалгах, сунгах зэрэг)нь тухайн гадаад иргэнийг хүлээн авч буй(хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн) тухайн улсын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.
Виз нь виз мэдүүлж буй гадаад иргэн болон БНСУ-ын засгийн газар хоорондын “итгэлцлийн тэмдэг” юм. Тухайлбал, виз нь “Та БНСУ руу зорчихоор виз мэдүүлсэн тохиолдолд таны бүрдүүлсэн бичиг баримтанд итгэж хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгоно. Та БНСУ-ын газар нутагруу орсноос эхлэн визэн дээр хэвлэгдсэн визний зорилго болон хугацаа мөн БНСУ-ын хууль дүрмийг чандлан сахина хэмээн итгэж байна” гэсэн утгыг агуулж байдаг.
Гэсэн хэдий ч энэ итгэлийг эвдэх тохиолдол нэмэгдсээр байвал үүнтэй тэмцэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл “итгэл алдсан тэдгээр хүмүүст болон бусад хэнд ч гэрийнхээ үүдийг нээж дураар нь оруулж гаргах боломжүй” гэдэгтэй утга нэг юм.
Солонгос, Монгол манай хоёр улс нь 1990 онд түүхэн найрамдалт харилцаа тогтоосноос хойш ойр дотно найрамдалт улсууд болсноороо хамтын харилцаагаа гайхалтайгаар хөгжүүлж ирсэн. Цаашдаа ч иргэд хоорондын солилцоо төдийгүй бүхий л салбар улам өргөжин хөгжих хэрэгтэй байна. Гэхдээ хууль эрхзүй, дэг журам мөрдөгдөн сахигдаж байж харилцаа хамтын ажиллагаа улам батжин бэхжих ёстой.
Манай ЭСЯ нь “ахан дүүс үндэстэн” болох монгол иргэдийн Солонгос улс руу хувийн шалтгаанаар зорчих визний мэдүүлгэд халуун дулаанаар хандан, “хүмүүнлэгийн” болоод “улс орны эрх ашгийн” үүднээс хамгийн аядуу зөөлөн байдлаар шийдэж ирсэн ба яаралтай хагалгаанд орох, суралцах зорилгоор их, дээд сургуульд элсэн орох зэрэг тохиолдолд виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас олгож буй “визний яаралтай шийдвэрлэх хүсэлт”-д тулгуурлан визний яаралтай шийдвэрлэх тогтолцоог хэрэгжүүлж байна.
Мөн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, БНСУ –д ойролцоогоор 20,000 гаруй хууль бусаар оршин суугаа хэдий ч Солонгосын засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн.
Хэдий тийм ч БНСУ-ын хууль дүрмийг зөрчин хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэх зэрэг хууль бус үйлдэлд нааштайгаар хандах боломжгүй юм. Энэ асуудал нь манай хоёр улсын харилцаа урт хугацаанд эрүүлээр хөгжихөд саад болох учир зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал юм.
Өнөөдөр Солонгосын визний шалгах хугацаа удааширч байгаа хамгийн том, үндсэн шалтгаан болох монголын эдийн засгийн хямрал намжвал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор виз мэдүүлж буй иргэдийн тоо багасах хэдий ч, дипломат байгууллагад хууль бус хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэгчийн асуудлыг үндсээр нь устгах, энэ асуудалд Монгол улсын харьяа засгийн газрын байгууллагууд хууль хяналтаа чангатгах зэргээр хамтран ажиллахгүй тохиолдолд, ойрын хугацаанд виз шалгах хугацааг түргэвчлэх боломжгүй юм. Түүнчлэн Монгол улсын засгийн газрын хүсэж буй Монгол Солонгосын хоорондын “визгүй зорчих хэлэлцээр”-ийн талаар нухацтай хэлэлцэхэд ч сөрөг нөлөө үзүүлэх талтай.
БНСУ-ын виз нь БНСУ-ын холбогдох хууль, дүрэм журамд тусгагдсан шат дараалалд үндэслэн шалгагддаг. Түүнээс солонгос танилтай эсвэл ЭСЯ-нд ажилладаг танилтай гээд хууль бусаар шалгагдах эсвэл виз олгогддоггүй болохыг мэдэгдэж байна. Солонгосын визтэй холбоотой визний брокер болон визний залиланд анхаарал сэрэмжтэй байж, хувь виз зуучлалын газар, хувь Солонгосын лавлах үйлчилгээний төв(Call Center) зэрэгт төөрөгдөн хууль бус үйлдэлд холбогдохгүй байхыг хүсэж байна.
Манай ЭСЯ нь хууль бус үйлдэлтэй холбоотой асуудалд БНСУ-ын хууль, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу монгол, солонгос иргэнд адил тэгш хатуу чанга арга хэмжээ авах болно. Мөн сэжиг бүхий этгээдийн талаар манай ЭСЯ-ны мэйл хаяг(kormg2@mofa.go.kr)-руу мэдээллэхийг хүсье.
Монголын нийгэм, хоёр орны холбогдох хууль дүрмийг чандлан сахин, энэ мэт хууль бус үйлдэлд ажиглагчийн байр суурьнаас идэвхитэй хандаж, хууль бус үйлдлээс үүдэн гэм зэмгүй энгийн монгол иргэн хохирол амсахгүй болж, хоёр орны итгэлцэл сэргэн ирээдүйд чиглэсэн найрамдалт харилцаагаа өргөжүүлэн батжуулахад та бүхнээс хамтран ажиллахыг хүсье.
Эх сурвалж: БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ

Нийгэм
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр тогтов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргаллаа. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаарх бүлгийнхээ байр суурийг илэрхийлж, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Дараа нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.
Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийсэн, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь түүхэн дээд амжилт бөгөөд экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын орлогын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг хэмээн Л.Гантөмөр сайд тэмдэглээд эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай гэлээ. Эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, төрлийг нэмэгдүүлж, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бодит ажлуудыг хийх хэрэгцээ маш өндөр байгаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Эдийн засгийг солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлтэй болох талаар Улсын Их Хурал, Засгийн газар, эдийн засгийн салбарын оролцогчид олон жил ярьж, зүтгэснийг хэлж байв. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “бүс нутгийн эдийн засгийн интергацад нэгдэх”, “хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр хийх”, ялангуяа “Евразийн эдийн засгийн холбоотой 2030 он хүртэл чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ” гэсэн зорилтуудыг тусгаж, үүнээсээ улбаалан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгааг хэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт холбогдох зорилтууд туссан байдаг.
Нийт экспортын 91.2 хувь, түүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувийг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолдог. Гадаад худалдаа ийм хэлбэрээр хэт хамааралтай буюу нэг туйлтай болсноос үүдэх эрсдэлийг бүх түвшиндээ цар тахлын үеэр хил хаагдахад нийтээрээ ойлгож, мэдэрсэн гэдгийг сайд дурдсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшин гэдгийг тоо баримт илтгэж байгааг Л.Гантөмөр сайд хуралдаанд танилцуулав.
Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал хэмээгээд “Өөрөөр хэлбэл, нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Үүн дээр бид шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдрийг хүртэл манай хөрш орнууд ийм боломжийг бидэнд олгоогүй. Засгийн газар асуудлаа олон удаа тавьдаг, хөрш орнууд шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас уг асуудлаар ярилцаж, шийдвэр гарсан” хэмээлээ.
Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлэхдээ өргөн хүрээний чөлөөт худалдааны хэлэлцээ биш, тодорхой хүрээний богино хугацааны хэлэлцээ хийх саналыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад газраас гаргасан болохыг танилцууллаа. “Ямар бараан дээр хэлэлцээр хийх жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн яам бие дааж гаргадаггүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн байдаг” хэмээн Л.Гантөмөр сайд тодотгосон.
Тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болгожээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сард шинэчлэн зохион байгуулсан аж. 2024 оны эцсээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах чиглэл өгсний дагуу, үүнтэй уялдуулан хоёр ажлын хэсэг байгуулжээ. Хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулсан байна. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тал талын оролцоог хангаж, бараа бүтээгдэхүүний хэлэлцээр дээр ажилласан гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд тодотгож байлаа.
Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 375 бараа дотроос 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 3 удаа албан бичгээр санал солилцож, нэг удаа биечлэн хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон бөгөөд Монгол Улсын талаас импортын нөлөөлөлд эмзэг тодорхой бараануудад айлын талаас буулт хийлгэж, харилцан ашигтай тохиролцоонд хүрсэн гэв. Монгол Улс энэ хэлэлцээрээс маш их ашиг хүртэнэ гэдэг итгэлтэйгээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд тэмдэглэлээ.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон байна.
Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулжээ. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн 3 жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээжээ. 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 50 хувь бууруулж, 7.5 хувь байхаар, харин 90 сая ширхэгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь хэвээр байхаар тохиролцжээ. Улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 70.0 мянга хүртэлх тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосныг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон аж. 50.0 мянган тонн гэдэг нь квотоор олгогдож буй хэмжээ гэдгийг Л.Гантөмөр сайд онцоллоо.
Эдийн засгийн хэлэлцээр хийснээр Евразийн зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувиар тус тус нэмэгдэх боломж бүрдэх боломжтой гэлээ. Гэхдээ энэ боломжийн ашиглалт нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, гадаад худалдааны чадавхаас шууд хамаарна гэдгийг тодотгож байв. Евразийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломжууд бий болох боломжтой хэмээн үзэж байгаа аж. Үүнийг тодотговол, Евразийн эдийн засгийн холбооны улсууд 2023 онд 706 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 6.9 тэрбум ам.долларын арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын ноос, ноолууран эдлэлийг импортолсон байна. Эдгээрийг нэгтгээд харвал манай экспортын бүтээгдэхүүний хүрээнд 15 тэрбум орчим ам.долларын импортын зах зээл гэдгийг сайд танилцуулгадаа онцолж байв.
“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэг хөтөлбөрийн хүрээнд дотоодын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бэхжиж байгааг дурдсан. Энэ тогтолцоог бүрэн утгаар нь хөгжүүлж, дотооддоо боловсруулах, экспортлох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү хэлэлцээр ач холбогдолтой хэмээв. Улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэн нэмэгдэж, Монголын 250 мянган малчин өрхийн орлого, ашиг бодитоор нэмэгдэх учиртай гэлээ. Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулах юм байна.
Хэлэлцээрт туссан худалдааг хөнгөвчлөх онцлох зохицуулалтуудаас сайд дурдсан. Зайлшгүй ашиглагддаг боловч дотооддоо бэлтгэн нийлүүлж чадахгүй байгаа гадаад улсын гаралтай орц, материалыг экспортлох барааны өртгийн 50 хүртэл хувьд тооцуулах боломж бүрдүүлснээр илүү хялбараар экспортлох бараандаа тарифийн чөлөөлөлт авах боломж бүрдэх аж. Гаалийн байгууллагууд 4 цагийн дотор худалдаа эрхлэгчид барааг олгож худалдаа эрхлэгчдэд тулгардаг бодит саад бэрхшээл буурна хэмээн үзжээ. Барааны гарал үүслийн гэрчилгээг хатуу шаардахгүйгээр 12 сарын дотор нөхөн гаргаж, тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна. Бүх бараанд тавьдаг гаалийн шалгалтыг багасгаж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэлээ. 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болж жижиг дунд бизнес, цахим худалдаа эрхлэгчдэд хялбар экспортын боломж бүрдүүлэх юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ж.Ганбаатар, Б.Найдалаа, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Ө.Шижир, Р.Батболд нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, П.Сайнзориг, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн нар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, төсөл санаачлагч Э.Батшугар гишүүнээс хариулт, тайлбар авсан юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Нийгэм
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа.
Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал,
- UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх,
- Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх,
- Гар утсаараа цэнэглэх,
- Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн.
UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:
Мөн Umoney карттай зорчигч та дараах хаягаар зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Нийгэм
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр6 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ