Нийгэм
А.Сүхбат: Туулын загас бүгд охин сүвтэй болсон гэсэн судлаачдын дүгнэлт гарсан

УИХ-ын гишүүн А. Сүхбаттай ярилцлаа.
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийн төслөөр уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн ус бохирдуулсны төлбөрийг 50 хувь бууруулж байгаад олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Та энэ хуулийн төслийг хэр дэмжиж байгаа вэ?
-Усгүйгээр уул уурхай, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, хүн амьтан гэж байхгүй. Тиймээс усыг хэрхэн зохистой хэрэглэх вэ гэдэг нь хуулийн гол агуулга. Ер нь бид газрын доорх усыг дуусахгүй юм шиг ашиглаж, хэрэглэж ирсэн хүмүүс шүү дээ.
Жишээлбэл, Улаанбаатар хотынхон хоногтоо Туул гол дагуух гүний худгаас 200 сая литр усыг соруулж аваад дахин ашиглахгүйгээр умбуур бодис, хогийг нь шүүсэн болоод Туул гол руу цутгаж байна. Улмаар усны дээд эх үүсвэр буюу Налайх дүүргийн V хороо Городокоос дээшээ Туул гол дагуух гүний худгийн ус шавхагдсан байна.
Манай улсын хувьд зуны хэдхэн сардаа газрын доорх ус хур борооны өгөөжөөр 10 орчим хувиар нөхөгдөж бусад 90 хувь нь урсаад хил гараад явчихдаг. Туул голын сав газраас газрын доорх усыг өдөрт 200 сая литрээр хэрэглэж байгаа нь хур борооны нөхөгдлөөс их хэмжээгээр олборлож байгаа гэсэн үг. Тиймээс Туул гол тасалдаж байгаа юм. Тэгэхээр энэ нь аюулын харанга дэлдсэн гэсэн үг.
-Ус бохирдуулсны төлбөрийг 50 хувь бууруулах нь зөв үү, буруу юу?
-Ажлын хэсгийнхэн судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж л ярьж байгаа байх. Нөгөөтэйгүүр бид хариуцлагыг ярихаас өөр аргагүй. Ус бохирдуулчхаад хариуцлага хүлээхгүй үлддэг үеийг ардаа орхих хэрэгтэй. Хариуцлага, татвар, нөхөн төлбөр тооцохдоо усыг юугаар буюу ямар хортой бодисоор, ямар хэмжээтэй бохирдуулсан бэ гэдгээс хамаарах нь зөв. Олон улсад ингэж тооцдог. Хоруу чанар ихтэй их хэмжээгээр бохирдуулсан бол хариуцлага өндөр байна. Хэрвээ дундын цэвэрлэх байгууламж буюу өөрийнхөө хэрэглэсэн усыг өөрөө цэвэрлэж, дахин ашиглаж, стандартад нийцсэн усыг Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа бол дэмжин урамшуулж, шууд бохироо нийлүүлж байгаа бол хариуцлага ярих шаардлагатай.
-Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орвол нөхцөл байдал арай дээрдэх байх?
-Төв цэвэрлэх байгууламж үнэхээр хэцүү нөхцөлтэй ажиллаж байгаа. Саяхан Төв цэвэрлэх байгууламжид хүний нүд сохорсон, ажилчид осолдож нас барлаа. Анх л монголчууд цэвэр усаа крантнаас авч паалантай жорлонд сууж эхлэхэд байгуулагдсан. Цагийн явцад бага зэрэг засвар, өргөтгөл хийсэн байдаг. Өнөөдрийн Улаанбаатар хотынхны бохир усыг цэвэрлэж дийлэхгүй байгаа. Цэвэрлэх байгууламж руу арьс ширний үйлдвэрүүдийн химийн хорт бодис, автомашины угаалгын бохир зэрэг олон төрлийн химийн хор нийлүүлэгддэг. Цэвэрлэх байгууламжийг анхнаас нь ийм их бодис, хорыг цэвэршүүлэх зориулалтаар бариагүй. Зөвхөн биологийн цэвэрлэгээ хийхээр барьсан. Тиймээс одоо том хогийг шүүж авч ялгачхаад усанд ууссан химийн бодис, биологийн идэвхтэй хортой элементийг тэр чигээр нь Туул гол руу цутгаж хаядаг.
Харин 2.5-3 жилийн дараа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн түлхүүрийг гардуулах байх. Хятадын хөнгөлөлттэй зээлийг өөр зүйл зарцуулах гэрээг (Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт) УИХ-д танилцуулж байхад УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн ахлагч миний бие бусад гишүүдтэй хамтран Туул голын бохирдол гэж тэмцэж, ярьсаар байгаад Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид зарцуулахаар шийдвэр гаргасан юм. Гэхдээ үүний дараа Туул голын бохирдол, асуудал алга болохгүй. Голын ёроолд бохир лаг, хүнд металл тунасан байна. Тэнд бохирдсон өвс ургамал, хөрс бий. Голоос ундалж хордсон олон хүн, амьтныг яах вэ. Ингээд л асуудал гарч ирнэ. Үндсэндээ бид Туул голд хорлон сүйтгэх ажиллагаа явуулчихжээ. Үүнийхээ горыг бид эргээд амсана. Тиймээс том бодлогоор голоо цэвэрлэж, хүн, малынхаа биед тандалт судалгаа хийхгүй бол болохгүй. Бас Хустайн байгалийн цогцолбор газрын амьтад Туулаас ундалж, хордож байгаа нь тодорхой бөгөөд Японы ард түмэн Монголоос ирсэн шороонд хордож байна гэж олон жил ярьж байгаа.
Японы Засгийн газраас санхүүжүүлж Туул голын бохирдолтой хэсгээс судалгаа шинжилгээ хийсэн байна. Тэр судалгаагаар ус хөрсөнд маш бага байх заалттай хэдэн саяын нэг хувиар байх боломжтой хими, биологийн 15 хортой элементийг илрүүлжээ. Монголын нэр бүхий эрдэмтэд үүнийг илрүүлсэн. Энэ биологийн элементүүд нь амьд амьтны ам, хамраар орж, арьс нүд, таван цул эрхтэн, генд нь нөлөөлж мутацид орж байна.
-Туул голын асуудлаар та нэлээд ярьж байгаа. Энэ голын асуудлыг нааштай шийдвэрлүүлж байгаа ажил байна уу?
-Би яагаад Туул голыг ярьдаг вэ гэхээр нэгдүгээрт, миний сонгогдсон тойргийн сумдын хүн ард, мал амьтан энэ голоос ундалж байна. Хоёрдугаарт, энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болчхоод байна. Тиймээс Туул голыг тусгай хамгаалалтад авах, цаашдаа дархан цаазтай болох талаар ажлыг өрнүүлж, ажлын хэсгийг ахалж байгаа. Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар зэрэг сумынхан хордоод олон жил боллоо. Туул голыг тодорхой түвшинд тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газрын санал дүгнэлтийг аваад явж байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийн ажил эхэлчихлээ. Харин одоо Туул голын урсац, газрын доорх цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх ажлыг анхаарч судалж байгаа. Туул голд урсац тохируулгын усан сан байгуулах, далан барих зайлшгүй шаардлагатай. Хэрэв цэвэр усны хомсдолд орвол Улаанбаатар хот хүнд байдалд орно.
АНУ-тай Монгол Улс байгуулдаг Мянганы сорилтын сангийн компакт гэрээний эхний ээлж сайн хэрэгжсэн. Хоёр дахь компакт гэрээг байгуулах хүсэлтээ Монголоос илэрхийлэхдээ Улаанбаатар хотын усан хангамжид анхаарах шаардлагатай талаар Э.Содонтогостой ярьж байсан. Энэхүү гэрээг байгуулж, ажил нь одоо эхэлж байгаа. Гэхдээ миний хувьд урсац тохируулгын далан барьж усан сан хийвэл зүгээр гэж холбогдох эрх бүхий хүмүүст хэлж, бичиг өт байсан. Гэвч Америкийн талаас тодорхой нөхцөл тавьж Туул голын газрын доорх цэвэр усны доод эх үүсвэрт 50 худаг шинээр гаргах, ашигласан усаа дахин цэвэрлэж цахилгаан станцдаа дахин хэрэглэх ажилд зарцуулахаар болсон.
-Туул голыг тусдаа хуультай болгоно гэж ярьж байсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-3асгийн газраас УИХ-д удахгүй өргөн барих байх. Учир нь, хэн нэгэн УИХ-ын гишүүн дураараа координат тогтоогоод газар нутаг, нуур усыг тусгай хамгаалалтад авч болохгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Гүйцэтгэх засаглалаас яам, мэргэжлийн агентлаг, орон нутгийн иргэд, удирдлага ажиллах шаардлагатай юм билээ. Туул голыг бие даасан хууль, тогтоолтой болгож, тусгай хамгаалалтад авна. Ажлын хэсгийн дүгнэлт нь гарчихсан тогтоол төслийн хэлбэрээр бэлэн болчихсон байгаа.
-Та Байнгын хорооны хурал дээр Туул голын загас бүгд охин сүвтэй байна гэж ярьсан. Энэ ямар учиртай юм бэ. Судалгаа, дүгнэлт байна уу?
-Ажлын хэсгийнхэн, судлаач, мэргэжилтнүүд ийм дүгнэлт гаргасан. 2017 онд миний бие “Ус ба хууль” сэдвээр олон эрдэмтнийг цуглуулж хэлэлцүүлэг, бодит баримт фактыг ярьсан юм. Бохирдлоос болоод Алтанбулаг сумаар дайран өнгөрөх Туул голын эрэг, хөрснөөс биологийн органик нэгдэл бохирдол элемент илэрсэн. Тэрний нэг нь эстрогенийн (эм даавар) элемент юм гэсэн. Эстрогенийн нөлөөллөөр голын загас бүгд охин сүвтэй болсон гэсэн дүгнэлт гарсан байдаг юм билээ. Цэвэр усны загас ховордож бохир усны загас үржиж, бидний мэдэхгүй загас, бичил биет байгаа гэсэн. Энэ эс амьд амьтанд зохистой хэмжээгээр байхаас ихээр илэрвэл хорт хавдрыг дэмждэг юм гэсэн. Хүнсэнд, хөрсөнд байвал аюултай гэж Хөдөө аж ахуйн их сургуулийн Экологийн төвийн эрхлэгч доктор, профессор Ж.Ундармаа ярьсан.
Өөр нэр усыг нь сонсоогүй миний мэдэхгүй элементүүд хэлж байна лээ. Ер нь, загасны сүв өөрчлөгдөх процессыг загас тэжээдэг хүүхдүүд ч мэднэ л дээ. Аквариумын ус бохирдоход загасны сүв өөрчлөгддөг. Тэгэхээр загас бохир усанд үхэхээс өмнө тэнд мутац явагдаж байна гэсэн үг. Үүнийг манай ажлын хэсгийнхэн баримтат нэвтрүүлэг хийж, үзүүлэх байх аа. Агаар, хөрс, хүнсний бохирдлоос болж амьд амыад өвчлөмтгий, генийн өөрчлөлтөд орох нь энүүхэнд. Хүн амын эрүүл мэндийн асуудал хүндэрч агаар, хөрс, усны бохирдлоос үүдэж олон төрлийн өвчлөл нэмэгдэж, эх хүүхэд эндэх, хөгшин залуугүй хортой болон хоргүй хавдраар өвдөж, дайн үймээнтэй улс оронд байгаа шиг үхэл хагацал бидэнд тохиож байна. Амьсгалын тогтолцооны эмгэг өвчлөл, нөхөн үржихүйн тогтолцооны өвчлөл, мэдрэлийн тогтолцооны өвчлөл, зүрх судасны өвчлөл, ходоод, гэдэс, улаан хоолой, элэгний өвчлөл эрс ихэссэнийг Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хорооны мэдээ, эмнэлгийн ачаалал зэргээс харж болно. Бас зан байдалд өөрчлөлт орж байна.
-Туул голын бохирдолд цэвэрлэх байгууламжийн бохироос гадна юу илүүтэй нөлөөлж байна вэ?
-Хүмүүс одоогоор ярихгүй л байна. Одоо ноцтой, аюул нүүрлэсэн зүйлсийг ярих болно. Бид бүхний буруутай үйл ажиллагаанд Туул гол нэрвэгдэж байна. Туул гол Горхи тэрэлжээс эхэлж бохирдож байгаа. Тэрэлж голын татамд аялал жуулчлалын зориулалтаар олон зөвшөөрөл олгочихсон. Тэнд нүхэн жорлон барьж, гол усны бүсэд бие засаж байна. Наашлаад Гачуурт, Хужирбулан, Улиастайд их бохирдож байгаа. Тэнд хүмүүс хогоо гол руу хаячихдаг. Туул голд цутгадаг голууд ихээр бохирдсон. Үүнээс гадна нийслэлийн 220 мянга гаруй айл нүхэн жорлонтой. Зарим айл нь хашаандаа нүхэн жорлон барих зайгүй болчихсон. Энэ бүх бохир газрын гүнээрээ дамжиж голын ус руу орж байгаа. Манай улс жилийн дөрвөн улиралтай тулдаа тэсч байна. Дулаан орон шиг байнгын нэмэх градустай байвал Улаанбаатарчууд бид 2-3 жилийн дотор үхнэ. Мөн бид талийгчаа оршуулахдаа шууд газарт нь өргөдөг. Тэр дунд хүнд өвчнөөр нас барж байгаа хүн олон бий. Цогцос газарт задралд орж, борооны усаар угаагдаж, хөрсөнд шингэдэг. Хөрснөөс гадаргын усанд орж, улмаар гүний усанд нэвчинэ. Улаанбаатар хотын төв нам дор газар байдаг. Ийм л байдлаар нийтээрээ хордож байна даа. Бусад улс оронд талийгаачийнхаа цогцсыг хөрсөнд задралд оруулахгүй гэж газраа цементэлдэг юм билээ. Манайд үүнийг дорвитой шийдэхгүй бол болохгүй. Цаашлаад Биокомбинат, Шувуун фабрик орчимд Төв цэвэрлэх байгууламжийн бохир нэмэгдэж байгаа. Төв аймгийн Алтанбулагт л гэхэд сумын төвд нь амьсгалах аргагүй байдаг. Харин сумынхан тэнд насаараа амьдарч байна шүү дээ. Туулаас ундалж, голоор гарсан малын арьс өмөрч унаж байна. Туул голын усаар тэжээгдсэн ногоо цагаа, үр тариаг хэрэглэхийг хориглож чадаагүй. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотой хор хохирол үүссэн гэж үзэж болохоор байна.
-Туул голын усаар тэжээгдсэн ногоо, үр тариаг ашиглаж болохгүй гэсэн судалгаа гарсан юм уу. Үүнийг тодруулахгүй юу?
-Генийн өөрчлөлттэй хүнс, ногоо жимсийг хэрэглэж болохгүй гээд дэлхий нийтээр ярьж байна. Туул, Орхон, Сэлэнгэ зэрэг гол, мөрнөөс тариа ногоогоо усалж байгаа шүү дээ.

Нийгэм
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр тогтов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргаллаа. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаарх бүлгийнхээ байр суурийг илэрхийлж, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Дараа нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.
Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийсэн, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь түүхэн дээд амжилт бөгөөд экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын орлогын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг хэмээн Л.Гантөмөр сайд тэмдэглээд эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай гэлээ. Эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, төрлийг нэмэгдүүлж, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бодит ажлуудыг хийх хэрэгцээ маш өндөр байгаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Эдийн засгийг солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлтэй болох талаар Улсын Их Хурал, Засгийн газар, эдийн засгийн салбарын оролцогчид олон жил ярьж, зүтгэснийг хэлж байв. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “бүс нутгийн эдийн засгийн интергацад нэгдэх”, “хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр хийх”, ялангуяа “Евразийн эдийн засгийн холбоотой 2030 он хүртэл чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ” гэсэн зорилтуудыг тусгаж, үүнээсээ улбаалан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгааг хэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт холбогдох зорилтууд туссан байдаг.
Нийт экспортын 91.2 хувь, түүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувийг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолдог. Гадаад худалдаа ийм хэлбэрээр хэт хамааралтай буюу нэг туйлтай болсноос үүдэх эрсдэлийг бүх түвшиндээ цар тахлын үеэр хил хаагдахад нийтээрээ ойлгож, мэдэрсэн гэдгийг сайд дурдсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшин гэдгийг тоо баримт илтгэж байгааг Л.Гантөмөр сайд хуралдаанд танилцуулав.
Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал хэмээгээд “Өөрөөр хэлбэл, нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Үүн дээр бид шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдрийг хүртэл манай хөрш орнууд ийм боломжийг бидэнд олгоогүй. Засгийн газар асуудлаа олон удаа тавьдаг, хөрш орнууд шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас уг асуудлаар ярилцаж, шийдвэр гарсан” хэмээлээ.
Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлэхдээ өргөн хүрээний чөлөөт худалдааны хэлэлцээ биш, тодорхой хүрээний богино хугацааны хэлэлцээ хийх саналыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад газраас гаргасан болохыг танилцууллаа. “Ямар бараан дээр хэлэлцээр хийх жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн яам бие дааж гаргадаггүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн байдаг” хэмээн Л.Гантөмөр сайд тодотгосон.
Тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болгожээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сард шинэчлэн зохион байгуулсан аж. 2024 оны эцсээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах чиглэл өгсний дагуу, үүнтэй уялдуулан хоёр ажлын хэсэг байгуулжээ. Хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулсан байна. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тал талын оролцоог хангаж, бараа бүтээгдэхүүний хэлэлцээр дээр ажилласан гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд тодотгож байлаа.
Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 375 бараа дотроос 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 3 удаа албан бичгээр санал солилцож, нэг удаа биечлэн хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон бөгөөд Монгол Улсын талаас импортын нөлөөлөлд эмзэг тодорхой бараануудад айлын талаас буулт хийлгэж, харилцан ашигтай тохиролцоонд хүрсэн гэв. Монгол Улс энэ хэлэлцээрээс маш их ашиг хүртэнэ гэдэг итгэлтэйгээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд тэмдэглэлээ.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон байна.
Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулжээ. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн 3 жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээжээ. 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 50 хувь бууруулж, 7.5 хувь байхаар, харин 90 сая ширхэгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь хэвээр байхаар тохиролцжээ. Улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 70.0 мянга хүртэлх тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосныг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон аж. 50.0 мянган тонн гэдэг нь квотоор олгогдож буй хэмжээ гэдгийг Л.Гантөмөр сайд онцоллоо.
Эдийн засгийн хэлэлцээр хийснээр Евразийн зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувиар тус тус нэмэгдэх боломж бүрдэх боломжтой гэлээ. Гэхдээ энэ боломжийн ашиглалт нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, гадаад худалдааны чадавхаас шууд хамаарна гэдгийг тодотгож байв. Евразийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломжууд бий болох боломжтой хэмээн үзэж байгаа аж. Үүнийг тодотговол, Евразийн эдийн засгийн холбооны улсууд 2023 онд 706 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 6.9 тэрбум ам.долларын арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын ноос, ноолууран эдлэлийг импортолсон байна. Эдгээрийг нэгтгээд харвал манай экспортын бүтээгдэхүүний хүрээнд 15 тэрбум орчим ам.долларын импортын зах зээл гэдгийг сайд танилцуулгадаа онцолж байв.
“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэг хөтөлбөрийн хүрээнд дотоодын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бэхжиж байгааг дурдсан. Энэ тогтолцоог бүрэн утгаар нь хөгжүүлж, дотооддоо боловсруулах, экспортлох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү хэлэлцээр ач холбогдолтой хэмээв. Улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэн нэмэгдэж, Монголын 250 мянган малчин өрхийн орлого, ашиг бодитоор нэмэгдэх учиртай гэлээ. Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулах юм байна.
Хэлэлцээрт туссан худалдааг хөнгөвчлөх онцлох зохицуулалтуудаас сайд дурдсан. Зайлшгүй ашиглагддаг боловч дотооддоо бэлтгэн нийлүүлж чадахгүй байгаа гадаад улсын гаралтай орц, материалыг экспортлох барааны өртгийн 50 хүртэл хувьд тооцуулах боломж бүрдүүлснээр илүү хялбараар экспортлох бараандаа тарифийн чөлөөлөлт авах боломж бүрдэх аж. Гаалийн байгууллагууд 4 цагийн дотор худалдаа эрхлэгчид барааг олгож худалдаа эрхлэгчдэд тулгардаг бодит саад бэрхшээл буурна хэмээн үзжээ. Барааны гарал үүслийн гэрчилгээг хатуу шаардахгүйгээр 12 сарын дотор нөхөн гаргаж, тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна. Бүх бараанд тавьдаг гаалийн шалгалтыг багасгаж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэлээ. 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болж жижиг дунд бизнес, цахим худалдаа эрхлэгчдэд хялбар экспортын боломж бүрдүүлэх юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ж.Ганбаатар, Б.Найдалаа, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Ө.Шижир, Р.Батболд нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, П.Сайнзориг, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн нар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, төсөл санаачлагч Э.Батшугар гишүүнээс хариулт, тайлбар авсан юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Нийгэм
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа.
Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал,
- UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх,
- Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх,
- Гар утсаараа цэнэглэх,
- Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн.
UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:
Мөн Umoney карттай зорчигч та дараах хаягаар зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Нийгэм
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм23 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр20 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг20 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Нийгэм23 цаг өмнө
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно