Нийгэм
Тэмцээнд оролцсон багийнхан буцахдаа осолдож, хоёр хүн нас баржээ
Хөл бөмбөгийн 16 хүртэл насны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын сүүлчээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан билээ.
Тус тэмцээнд амжилттай оролцож дөрөвдүгээр байр эзэлсэн Увс аймгийн “Баруун-Од” клубын баг тамирчид тэмцээнээ дуусгаад буцах замдаа осолд орж, багийн нэг гишүүн автобусны жолоочийн хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Ослын талаар Тээврийн цагдаагийн газраас тодруулахад “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Бумбатын ам” гэх газарт Улаанбаатараас Улаангом чиглэлд зорчигч тээврийн автобус Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөсөн. Ослын улмаас автобусны жолооч эрэгтэй Б, “Баруун-Од” клубын тамирчин 16 настай, эрэгтэй О нарын хоёр хүн амь нас хохирсон. Дөрвөн хүн гэмтэл авсан” гэв.
Монголын хөлбөмбөгийн холбоо эмгэнэлдээ “2019 оны 05-р сарын 01-нд Увс аймгийн төдийгүй Монголын хөлбөмбөгт нөхөж баршгүй гарз тохиолоо. “Баруун-Од” клуб нь 2019 оны 16 хүртэлх насны УАШТ-ий дөрөвдүгээр байрт ороод явж байсан нь энэ юм. Увс аймгийн энэ насны хөвгүүд өнгөрсөн гуравдугаар сард Дархан-Уул аймагт болсон “Футзалын үндэсний цом” тэмцээнд түрүүлж, өмнөх жилүүдэд УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байсан хүчирхэг баг билээ. Бэртэл авсан тоглогчдод хурдан эдгэрэхийг хүсээд, бурхны оронд заларсан тамирчин хүүд Монголын мянга мянган хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Дараа төрөлдөө мундаг хөлбөмбөгчин болон мэндлээрэй” гэжээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.