Нийгэм
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уурхайн замыг хааж, зогсолт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв
“Эрдэнэс Тавантолгой ХК нүүрс худалдах гэрээг зөвхөн худалдан авагч талтай байгуулж, тээвэр, ложистикийн асуудлыг орхигдуулдаг. Ингэснээр нүүрс тээвэрлэгч үндэсний компаниуд худалдан авагч Хятадын талтай гэрээ байгуулан ажиллаж, тэдний хэлсэн мөнгөөр тээвэр хийж, өгсөн мөнгийг авч байна. Нүүрс тээврийн үнэ өмнө нь нэг тонн тутамд 115 юань байсан бол тавдугаар сарын 3-нд 70 болгож бууруулсан. Өнөөдрийн байдлаар 65 юань болсон” хэмээн Тээврийн компанийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн төлөөлөл н.Бат-Эрдэнэ хэллээ.
Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд үүсээд буй нөхцөл байдлын талаар тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, болон Баянзам тээвэрчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, уурхайн замыг хааж, зогсолт хийхэд бэлэн тухайгаа мэдэгдсэн юм.
Тээврийн компанийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн төлөөлөл н.Бат-Эрдэнэ “70 юань болсноор 65 тонн нүүрс тээвэрлэдэг нэг машины тээврийн хөлс нь нэг сая 788 мянган төгрөг болно. Тээвэрлэлтийн туршид шаардагдах түлшний үнэ гэхэд 765 мянга, автозамын хураамж 208 мянган төгрөг болон бусад зардал нийлээд нэг тээвэр хийх зардал нийт зардал 1.5 сая төгрөг болдог. Гэтэл цаана нь компанийн үйл ажиллагааны зардал, ажилчдын цалинд 300 орчим мянган төгрөг яавч хүрэхгүй. Тиймээс зогсолт хийхээр болж байна” гэв.
Автотээврийн тухай хуулийн 6.1.7 дэх заалтад жишиг үнэ тогтоож мөрдүүлэх тухай заалт бий. Үүний дагуу 2013 оны долоодугаар 10-нд жишиг үнийг шинэчлэн батлах тухай Зам тээврийн хөгжлийн сайдын 162 дугаар тушаалыг баталсан. Үүнд 100 км-ээс дээш тээврийн зайд нэг тонн км ачааны үнэ хамгийн багадаа 216 төгрөг 56 мөнгө байна гэж тогтоосон байдаг тухай тээвэрчид мөн хэлж байв. Харин 70 юань нь жишиг үнийн тал хувьтай тэнцэж байгаа аж.Тиймээс тэд Засгийн газрыг энэ асуудалд анхаарлаа хандуулах тухай шаардлага хүргүүлж байна. Энэ талаар Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Баярхүү “Хэрэв Эрдэнэс Тавантолгой ХК гэрээндээ тээвэрлэлтийн хөлсийг тогтоохдоо дээрх дурдсан жишиг үнийг баримтална гэж заасан бол бид үнэ буурахад маргаан үүсгэх эрхтэй болно.
Гэтэл одоогийн нөхцөл байдалд бидэнд худалдан авагч талын үнийг дагахаас өөр сонголтгүйд хүрч байна. Тиймээс төр засгийнханд шаардлага хүргүүлж байгаа. Тодруулбал, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 230 км уртын тээвэрт 1 тонн тутамд 70 юань, богинын 20 км-ийн тээвэрт нэг тонн тутам нь 120 юань байгаа хэт зөрүүтэй үнийн харьцаа бий болсон талаар нээлттэй сонсгол хийх, нүүрс худалдан авах гэрээнд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, гэрээг яаралтай шинэчлэх, нүүрс тээвэрлэх эрхзүйн орчныг сайжруулах талаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны тавдугаар сарын 13-ны дотор зохион байгуулах зэрэг шаардлагыг хүргүүлж байна” гэлээ.
Мөн тэд ойрын гурав хоногт Засгийн газар арга хэмжээ авч өгөхгүй бол уурхайд зам хааж, зогсолт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Хэдийгээр энэ алхам нь олон хүндрэлийг үүсгэж болох ч тээврийн асуудлыг 100 хувь айлын талд өгсөнөөс үүдэн бий болсон асуудлыг шийдэхийн тулд үүнээс өөр аргагүй боллоо гэж байв.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.