Нийгэм
Махны үнэ тэнгэрт, арьс шир нь хогонд
Манай улсын малын тоо толгой жил бүр нэмэгдсээр байгаа.Өнгөрсөн онд гэхэд 244.7 мянгаар нэмэгдэж 66 сая малтай болсон. Ийнхүү мал нэмэгдсэн ч мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгддэггүй. Одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 15 хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт. Уг нь мал манай улсын нөхөн сэргээгддэг үнэт баялаг. Наанадаж мах, сүүгээ дотооддоо хангах, арьс, шир, ноолуураараа ам.доллар олох гээд л ашиг шимийг нь захаас нь тоочоод барашгүй. Гэвч өнөөдөр манайд малын гаралтай түүхий эд шиг үнэгүй, мах шиг тэнгэрт хадсан үнэтэй юм алга. Мал аж ахуйн салбарт 10 гаруй хууль, 50 орчим тогтоол, 10 гаруй бодлогын баримт бичиг, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч малын ашиг шим ийнхүү урвуу хамааралтай болжээ.
Өнөөдөр үхрийн цул мах кг нь 20 мянган төгрөгт дөхөөд байгаа. Өнөөгийн байгаа энэ үнэ нь өнгөрсөн онтой харьцуулахад хонины мах 17 хувь, ямааны мах 28 хувь, үхрийн мах 14 хувь, адууны мах 11 хувиар өссөн байгааг салбар яамнаас мэдээлсэн. Үнийн өсөлтийг салбарын сайд нь нийлүүлэлтийн хомсдолтой холбон тайлбарласан. Мах ямар шатахуун биш. Үнийг барих боломж бүрэн байгаа. Дэлхийн зах зээл дэх ханш, “ноён ногоон”-ы өсөлт, экспортлогч улсын татвар гээд л гадны гарыг хардаг шатахуунаас махны асуудал уг нь өөр шүү дээ. Нийлүүлэлтэд нь л хяналт тавихад болох асуудал байх. Гэвч манай Засгийн газарт махнаас илүү анхаарал хандуулах тогоо, шанаганы хэрүүл олон байгаа болохоор тоодоггүй. Тэр дундуур нь өмнө зүгийн наймаачид шургаад нийслэлд ирэх нийлүүлэлтийг замаас нь таслаад байгааг дотоодын ченжүүд хэлж буй. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өчигдөр мэдээлэл хийхдээ махны нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногт 30 хувиар багассан тухай хэлсэн. Ингэхээр үнэ тэнгэрт хадах нь зүйн хэрэг.
Махны үнэ ингэж “нисэж” байгаа бол арьс шир нь хогонд нэрлэгдэж байгаа. Тийм болохоор үнэ нь ч өсдөггүй. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэд анхаарлаа хандуулъя. Үндэсний статистикийн хорооны өгсөн мэдээллээр өнгөрсөн сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 13.7 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 3 мянган төгрөг, бусад аймагт 5-12 мянган төгрөг байна.Адууны ширний дундаж үнэ Баянхонгор аймагт хамгийн бага буюу 3 мянган төгрөг, бусад аймагт 5-10 мянган төгрөг байгаа аж. Тэмээний ширний дундаж үнэ Улаанбаатар хот, Хэнтий аймагт хамгийн их буюу 15 мянган төгрөг, Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 8.3 мянган төгрөг, бусад аймагт 10-12 мянган төгрөг байна. Хонины ноостой нэхийний дундаж үнэ Хэнтий аймагт хамгийн их буюу 2 мянган төгрөг, бусад аймагт 0.5-1.5 мянган төгрөг байгаа юм. Хүчин чадалтайхан үйлдвэртэй бол арьс шир хэрэглээ л дээ. Үйлдвэргүйн гайгаар, үйлдвэрлэх боломжийг ЖДҮ нэрээр хулгайлсны гайгаар л ийнхүү өгөөжгүй болоод байгаа хэрэг.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Улс төр4 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр4 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа