Нийгэм
Өсвөр насныхны сэтгэл зүйн хэрэгцээгээ хангах гол орчин нь найз нөхдийн хүрээлэл

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгорын зөвлөгөөг хүргэж байна.
ЗУРГААН НАСТНУУД ШИНЭ ОРЧИНД ДАСАХАД 5-6 САР ШААРДАГДАХ НЬ БИЙ
Сургуульд шинээр элсэгчдийн хувьд шинэ анги, шинэ найзууд, шинэ багш нар гээд бүх зүйл шинэ байдаг. Үүнийгээ дагаад шинэ бэрхшээлүүд ч үүснэ. Энэ бүхэнд дасахад хүүхдүүдэд хугацаа хэрэгтэй бөгөөд хамгийн багадаа 5-6 сарын хугацаа шаардагддаг хүүхдүүд ч бий.
Зарим хүүхэд шинэ орчинд илүү сэргэлэн байж, танин мэдэх хүсэлд хөтлөгддөг бол зарим нь уйлах, уурлах, ээж, аавыгаа дагах гэх мэтээр зан байдлын хувьд өөрчлөгддөг. Тиймээс энэ үед гэр бүлийн дэмжлэг маш чухал.
Мөн яагаад гэсэн асуултыг маш ихээр асуудаг, танин мэдэх гэж хичээж байх үед нь хариулахаас цааргалж болохгүй. Магадгүй хүүхэд нэг асуултаа хэд дахин асууж ч болно. Тэр бүрт төвөгшөөлгүй хариултыг нь өгч, хариулж мэдэхгүй бол хамтдаа ярилцаж, ном, интернэтээс хайж, мэдэж болно. Тэгээгүйн улмаас хүүхэд шинэ зүйлд эрмэлзэлгүй, сонирхол хүслийнхээ төлөө тууштай тэмүүлдэггүй болох магадлалтай. Тиймээс юм бүхнийг сонирхож байгаа үед нь сайтар дэмжих хэрэгтэй.
ӨСВӨР НАСНЫХНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХ ГОЛ ОРЧИН НЬ НАЙЗ НӨХӨД
Хүүхэд өсөж тос болохын хэрээр биеийн төдийгүй сэтгэл зүйн өөрчлөлт явагдаж байдаг. Бага ангийн хүүхдүүдийг бодвол дунд, ахлах ангийнхан буюу өсвөр насныханд сэтгэл санаа тогтворгүй болох, эсрэг хүйсний хүнээ сонирхох, нийгмийн дунд биеэ авч явах хэм хэмжээг дагаж мөрдөх, эцэг, эхчүүд, насанд хүрэгчдээс хараат бус байх, бие даах хүсэл эрмэлзэл нэмэгдэх, оюун ухааны эрчимтэй хөгжил явагдах, мэргэжил сонголтод анхаарал хандуулах, чөлөөт цагаа өнгөрөөх амьдралын хэв маяг өөрчлөгдөх, бие махбодын эрчимтэй өсөлт, “Би” адилтгал эрчимтэй явагдах гэх мэт олон өөрчлөлтүүд илэрч эхэлнэ. Энэ нь тэд өөрийгөө танин мэдэх том аялалд гарч байна гэсэн үг.
Би хэн бэ, би юу хийж чадах вэ зэрэг асуултыг өөртөө тавьж, хариултын эрэлд гардаг нас. Өөрөөр хэлбэл, “Би“-д анхаарлаа төвлөрүүлнэ.
Түүнчлэн энэ насныхан найз нөхөдтэйгөө илүү их цагийг өнгөрүүлж, тэднийгээ хамгийн чухалд тооцдог. Насны онцлогоосоо болж ийм авир гаргаж байгааг нь эцэг, эхчүүд ойлгохгүйгээр гадуур дэмий сэлгүүцлээ, гэртээ тогтохоо болилоо гэх мэтээр ханддаг. Гэтэл өсвөр насныхны сэтгэл зүйн хэрэгцээгээ хангах гол орчны нэг нь найз нөхдийн хүрээлэл байдаг.
“БИ ТӨВ”-ИЙГ НЬ БҮҮ ГЭМТЭЭ
Өөрийгөө хайж буй хүүхдүүдэд “Эго центризм” буюу “Би төв” хүчтэй байдаг. Энэ үед эцэг, эхтэйгээ харилцахад хүндрэл бэрхшээл гардаг. Учир нь насанд хүрсэн хүмүүс өсвөр насаа мартчихсан байх нь элбэг тул хүүхдээ ойлгож, харилцаж чадахгүй байх тохиолдол бий. Мөн хүүхдийнхээ “би төв”-ийнх нь эсрэг үйлдэл хийдэг.
Жишээлбэл, хүүхэд шийдвэр гаргахдаа эцэг, эхийн зөвлөгөөг авахаа больж, биеэ даахыг оролдож эхэлнэ. Ингэхэд ээж, аав нь хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд аливаа сонголтыг нь үгүйсгэж, няцаадаг. Үүний хор уршиг нь хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг, хүсэл сонирхлыг нь бөхөөдөгт байгаа юм. Хүүхдийн сонголт шийдвэрийг няцааснаар “Би төв” нь нэг бол улам бадарна, эсвэл бүр унтардаг. “Би төв” нь унтарсан хүүхэд өөрийн гэсэн зорилго чиглэлгүй болох нь олон. Өөрийн юунд дуртайгаа мэдэхгүй, хоббигоо ч анзаарахгүй, мэдэхгүй өснө.
Харин “Би төв”-өө хамгаалж байгаа хүүхэд төрх үйлийн хариу урвал үзүүлнэ. Энэ нь эсэргүүцэн сөргөлдөх, сүрдүүлэх, даган дуурайх, гэнэт сэтгэл цочирдох, дуугүй байх гэх мэт хариу урвалаар илэрдэг. Иймд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харьцаа, хандлагадаа анхаарах хэрэгтэй юм. Аав, ээж бүр бүхнийг мэддэг супер хүмүүс биш бөгөөд хүүхдийнхээ насны онцлогийн талаар уншиж мэдээд, түүнд нь тохируулан харилцах боломжтой бүхий л мэдээлэл нээлттэй нийгэмд амьдарч байгаа шүү гэдгийг хэлмээр байна .
“НАМАЙГ СОНСООСОЙ, НАМАЙГ ОЙЛГООСОЙ…”
10-19 насныхны гол хэрэгцээ нь “Намайг сонсоосой, намайг ойлгоосой” гэсэн хэрэгцээ байдаг. Хүүхдийг бүрэн сонссоноор дүгнэлт хийх, ярилцах, санааг нь ойлгох боломжтой. Гэтэл зарим эцэг, эх гүйцэд сонсолгүйгээр үгийг нь таслан шүүмжилж, дараа нь өөрийнхөө үзэл бодлыг шууд тулгах гэх мэтээр өөрсдийн ёс жаягт нийцүүлэх гэж хүчилдэг.
“Ингэвэл ямар вэ”, ”миний бодлоор тийм байна, миний хүү(охин) юу гэж бодож байна“ гэх зэргээр ярилцахын оронд “Чи тэг, ингэ” гэж захирсан байдалтай хэлж байгаа нь нэг ёсондоо хүчирхийлэл үйлдэж байгаа хэрэг.
Өөрийгөө танин мэдэхийн тулд, хүсэл сонирхлоо олохын тулд хичээж буйг нь дэмжих ёстой.
ДОТНООР ЯРИЛЦАХ НЬ
Аль ч асуудлыг эцэг, эхтэйгээ нээлттэй ярилцдаг болох үндэс нь бага наснаас тавигддаг. Хэрэв багаас нь төдийлөн нээлттэй ярилцаж чадаагүй бол өсвөр насанд хүрсэн хүүхэдтэйгээ дотно сэдвүүдээр ярилцахад эцэг, эхчүүдээс хүчин чармайлт гарах нь дамжиггүй.
Өсвөр насанд хүүхдүүд эсрэг хүйстэндээ татагдах, анхны хайр, анхны үерхэл гэх мэтчилэн амьдралын чухал үеүдтэй тулгардаг. Тиймээс хүүхэдтэйгээ энэ асуудлаар ярилцахдаа дараах зүйлсийг анхаараарай.
Тухайлбал, хүүхэд тань үерхэж байгааг нь мэдсэн бол болзошгүй эрсдлүүдээс сэрэмжлэн, зөвлөгөө өгөхдөө зөөлөн өнгөөр ярих ёстой бөгөөд аль болох чөлөөтэй ярилцах нөхцөлийг нь бүрдүүлсэн, хөндлөнгийн саадгүй орчинд ярилцахыг хичээгээрэй.
Эрт бэлгийн харилцаанд орохвий, хүсээгүй жирэмслэлт болохвий гэх зэргээр санаа зовниж буй бол зөвөөр илэрхийлэх нь чухал. Жишээлбэл,“Энэ насанд хайр дурлалтай учрах нь их байдаг. Чамд сайн хүүхэд бий юу?” гэх зэргээр ярилцахыг оролд.
Хэрэв ярихгүй бол мэдээлэл өгөх байдлаар ярьж болно. “Өсвөр насандаа хайр дурлалтай учирсан зарим хүүхэд хайртайгаа нотлох гэж бэлгийн харьцаанд орох тохиолдол байдаг. Ингэснээр хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчин авах зэрэг эрсдэл бий. Тиймээс энэ талаар бодож байгаарай” гэх нь тохиромжтой. Хэрэв “Чи тэгэв ээ” гэж хэлбэл энэ нь хүүхдэд хүчтэй цохилт болж, аав, ээж надад итгэдэггүй юм байна, намайг муу хүүхэд гэж боддог юм байна гэсэн бодлыг төрүүлж, дахин энэ тухай ярилцахгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг.

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр10 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр11 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Энтертайнмент11 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана