Нийгэм
Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлт юу өгүүлэв

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д. Тэрбишдагва хэллээ. Тэрбээр ажлын хэсэг 2018 оны арваннэгдүгээр cap гэхэд дүгнэлтээ гаргачихсан.
Гэвч хэлэлцэлгүй зургаан cap болж байгааг тодотгосон. Ажлын хэсэг таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсгүүд байгуулж шалгалт явуулсан байдаг бөгөөд шалгалтын материалуудыг нэгтгээд товч 40 гаруй хуудас санал, дүгнэлт гаргажээ. Энэхүү материал нууцын зэрэглэлтэй биш учраас сэтгүүлчдэд тарааж эхэлсэн юм. Тиймээс ирэх өдрүүдэд УИХ-аар хэлэлцэх материалаас онцлох хэсгүүдийг нь түүвэрлэн хүргэж байна.
МОНГОЛ АЖИЛЧДЫН ЦАЛИН ГАДААД АЖИЛЧДЫНХААС 5-15 ДАХИН БАГА
УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээнд уг асуудлыг гэрээний хугацаа, түүний сунгалттай (хорь, хорин жилээр хоёр удаа сунгах) холбон тодорхойлсон байна.
Ингэхдээ гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгажээ. Энэ нь Монголын талын хүртэх өгөөжийг бууруулж, нийгмийн шинж чанартай олон асуудал бизнесийн зарчмаас гажиж байгааг ажлын хэсгийнхэн тайландаа дурдсан байна. Тухайлбал, ажилчдын цалин нийгмийн асуудал энд багтжээ.
Оюу толгой төсөлд 14,761 хүн ажиллаж буйгаас 13,748 нь монголчууд, 977 нь гадаадынхан байна. Гэвч “Оюу толгой” компанийн гадаад ажилчдын цалин монгол ажилчдын дундаж цалингаас 5-15 дахин өндөр байгаа аж. Өөрөөр хэлбэл, гадаадын нэг ажилтны цалингаар 5-15 монгол хүнийг цалинжуулах боломжтой гэдэг нь харагдаж байна.
Туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдын цалин хөлсийг ч нягталж үзэх шаардлагатай гэдгийг ажлын хэсгийнхэн онцолжээ.
Энэ мэт нийгмийн болон бүс нутгийн шинж чанартай олон асуудлыг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан байдаг ч 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө энэ бүгдийг бүрхэгдүүлсэн гэж тайланд дурдсан байгаа юм.
ДУБАЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙДалд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд “Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл” гэж “Рио тинто интернэшнл холдингс лимитед”, “Рио тинто саут ийст азиа лимитед” болон “Туркойс хилл”-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сард байгуулсан санамж бичсэний дагуу “Рио тинто”-д төлөх шимтгэлийг хэлнэ гэж тусгажээ.
Шимтгэлийн хэмжээг Далд уурхайн төслийн санхүүжилтийн үндсэн дүн, хүү, шимтгэл, төлбөрийн тухайн үеийн үлдэгдлийн 1.9 хувиас хэтрэхгүй байхыг талууд зөвшөөрсөн байдаг. Гэтэл “Рио тинто” баталгааны шимтгэл нэрээр нэмэлт төлбөр авсан байна. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээний тогтворжуулалт гуравдагч этгээдэд үйлчлэх ёсгүй.
Тухайн үеийн Ашигт малтмалын хуулийн дагуу зөвхөн “Оюу толгой” компанид татварын тогтворжуулалт хамаарах бөгөөд бусад оршин суугч бус татвар төлөгчөөс суутгах татварт ногдуулах хувь хэмжээ нь тогтворжуулсан асуудалд хамаарахгүй аж. Тиймээс Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг гаргаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Ингэхдээ Дубай хотноо байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө, Менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл заалтыг зөрчсөн учир нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэжээ.
2010 ОНЫ ТЭЗҮ БОДИТ АМЬДРАЛААС ЗӨРСӨН
2010 оны ТЭЗҮ-д талуудын хүртэх өгөөжийн тооцооллыг хийхдээ “Оюу толгой” компанийн санхүүжилт 100 хувь хувьцааны санхүүжилт байхаар тооцож, аливаа өр, зээлийн тооцоолол хийгээгүй гэнэ. Улмаар талуудын хүртэх ногдол ашиг хэт өндөр бөгөөд хуваарилах хугацаа нь харьцангуй эрт байх тооцоолол гарчээ. Гэвч бодит байдал дээр Оюу толгой шиг том төслийг 100 хувь хувьцаагаар санхүүжүүлэх боломжгүй учраас төслийг хувьцаа, хувь нийлүүлэгчдийн зээл, гуравдагч этгээдээс авсан зээлээр санхүүжүүлсэн байна.
“Оюу толгой” компани зөвхөн татварын зорилгоор нийт санхүүжилтийнхээ 25 хувийг хувьцаа буюу 2018 оны гуравдугаар сарын байдлаар 2.9 тэрбум ам.доллар, үүний 34 хувийг Монголын талын өр төлбөр, хүүний хамт 1.3 тэрбум ам.доллар эзэлж байна. Үлдсэн 75 хувийг 2018 оны гуравдугаар сарын байдлаар 8.5 тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлсэн нь 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоог үндсээр нь өөрчилжээ. Энэ нь Монгол Улсын хүртэх байсан өгөөжийн хугацааг хойшлуулахад голлон нөлөөлсөн байна. Тиймээс “Оюу толгой” компанийг хувь нийлүүлэгчдийн зээлийн дарамтаас гаргах шаардлагатай гэж дүгнэжээ.
ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ БАРЬЦААНД ТАВИГДСАН
Дубайн гэрээний дагуу олон улсын банк санхүүгийн 15 байгууллагатай 4.4 тэрбум ам.долларын зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс 4.3 тэрбум ам.долларыг авч ашигласан гэх бөгөөд зээлийн зардал, татварыг суутган тооцож, 4.1 тэрбум ам.долларыг зээлдүүлэгчдээс шилжүүлжээ. Энэхүү зээлийн барьцаанд Монголын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувийг эс тооцвол бүхий л хөрөнгө, гэрээний эрх, ирээдүйн мөнгөн урсгал орж ирэх данснуудыг тавьжээ. Үүнийг олон улсын барьцааны агент “Стандарт чартеред банк”-нд барьцаалсан байна.
Өөрөөр хэлбэл, ямар нэг эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлж, гуравдагч этгээдэд Оюу толгой ордыг барьцаа хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхээргүй нөхцөл үүссэнийг ажлын хэсгийн дүгнэлтэд бичжээ. Мөн зээлдүүлэгчийн эрсдэлийг бууруулахаар Улс төрийн эрсдэлийн даатгал хийлгэсэн байна. Даатгалын үйлчилгээгээр аль нэг тал гэрээний үүргээсээ татгалзах, дайн болон олон нийтийн сөргөлдөөнөөс үүсэх эрсдэлүүдийг хамарчээ. Хэрвээ эдгээр эрсдэл үүссэн тохиолдолд тус бүрийг нь нэг тэрбум ам.доллараар даатгуулсан байна. Даатгалыг олон улсын MIGA-aap хийлгэсэн гэнэ.
Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө нь талуудад харилцан ашигтай, нэгдмэл сонирхолтой байх үндсэн зарчмыг хангаагүй гэж дүгнэсэн байна. Ялангуяа Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулснаар Монголын талын хүртэх өгөөж тодорхойгүй болж, ордыг барьцаанд тавих боломжийг олгож, Монголын ард иргэд 31 дэх жилээс эхлэн 50-иас доошгүй хувийг эзэмших асуудлыг бүрхэгдүүлсэн гэжээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮНД ТАВИХ ХЯНАЛТ ХАНГАЛТГҮЙ
Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу толгой төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, хэмжээнд өнөөдрийг хүртэл Монголын нэг ч байгууллага хяналт тавиагүй. Зөвхөн нөгөө тал бүх мэдээлэл, шийдвэрийг гаргаж байгаа нь гэрээнд оролцогч талуудын тэнцвэртэй байх нөхцөлийг алдагдуулж байна хэмээн дурджээ. Монголын талаас “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюу толгой” компаниуд үүнийг хариуцах ёстой. Гэвч хөрөнгө оруулалтыг нарийвчлан тооцоогүйгээс байнгын үл ойлголцол үүсэж байгааг анхаарах цаг болсон.
Мөн Монгол Улс 2010 оны ТЭЗҮ-ээр татвар болон ногдол ашиг хүртэх гэсэн үндсэн хоёр замаар өгөөж хүртэх боломжтой. Харин “Оюу толгой” компани зэсийн баяжмал борлуулах гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа. Төрөөс тавих хяналт сул байгаагаас болж, борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлолгүй өнөөг хүрсэн.
Тухайлбал, “Оюу толгой” компани Монголын Геологийн төв лаборатори болон Гаалийн лабораторийн шинжилгээний үр дүнг ашигладаггүй аж. Улмаар татварын маргаан байнга гарах болсон бөгөөд тус компанид хийсэн дөрвөн удаагийн шалгалтаар Монгол Улсад байрладаггүй компанитай холбоотой гүйлгээн дээр зөрчил илэрч байжээ. “Оюу толгой” компани 2009-2015 онд татварын 3.2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443.5 тэрбум төгрөгийн зөрчлөө хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Гэвч “Оюу толгой” компанийн татварын ачаалал Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас тав орчим хувиар бага байгааг ажлын хэсгийн шалгалтаар гаргаж ирсэн байна.
Ямартай ч ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч буй мэт ийм санал, дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсгээс гаргасан товч материал дотор хамгийн олон удаа дурдагдсан зүйл бол монголчууд 34 хувийг нь эзэмшиж “Оюу толгой” компанийн бүхий л мэдээлэл, гуравдагч этгээдтэй хийсэн гэрээ хэлцэл хаалттай байгаа явдал аж. Бүр УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхний хүссэн мэдээллийг гаргаж өгөөгүй талаар ч нэг бус удаа дурджээ. Энэ нь мэдээлэлд хамгийн ойр гэгддэг УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтийг ч төөрөгдөлд оруулж байж мэдэх юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тараасантай холбоотой төр засгийн томчуудын зүгээс байр сууриа илэрхийлсээр байгаа. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Олон улсын гэрээнд соёлтой, зарчимтай хандах хэрэгтэй. Оюу толгойн гэрээр засах тухай ярихаас биш цуцлахгүй”хэмээсэн юм. Нөгөө талаар Дубайн гэрээтэй холбоотой хууль хяналтын байгууллагаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан 4-5 хүнийг шалгаж эхэлсэн бөгөөд татварын маргаан ч яригдсаар байгаа юм.

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр15 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр15 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент15 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм15 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна