Улс төр
Төрийн ордны түргэн тусламж бэлэн байх ёстой

Төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхэм Төрийн ордонд цаг бусаар амиа алдсан эмгэнэлтэй хэрэг явдал болоод хэд хонож байна.
Энэ хэрэг явдлыг тойрсон элдвийн асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, улс төрийн хүрээнд хөвөрч байна.
ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдож, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин энэ хэргийг шалгаж байгаа юм. Тэд мухарлах учиртай.
Харин дуугүй өнгөрч боломгүй нэг асуудал энэ зуурт дайгдаж явааг та анзаарсан уу.
Хэрэг явдал Төрийн ордонд болсон. Гэтэл Төрийн ордон бол Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай Төрийн тусгай хамгаалалтын тухай, Төрийн ордны тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байдаг объект юм. Хамгаалалтыг ТЕГ-ын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар хэрэгжүүлдэг.
Төрийн ордны тухай хуульд “…Төрийн ордон халдашгүй дархан байна”, “…Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хамгаалалт, үйлчилгээний тусгай журмын дагуу хангана”, “..Төрийн ордон нь дотоод болон гадуур байнгын хамгаалалттай байна. Төрийн ордныг Төрийн тусгай хамгаалалтын хуулийн наймдугаар зүйлийн нэг дэх хэсгийн нэгд зааснаар Төрийн ордны хамгаалалтын алба 24 цагаар тасралтгүй хамгаална”, “..Төрийн ордон нь түүнд байрлаж үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах холбоо, аюулгүй байдлыг хангах тусгай техник хэрэгслээр тоноглогдсон байна”, “…Төрийн ордны гадуур хамгаалалт нь УИХ-аас тогтоосон нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг бүхэлд нь хариуцна”, 7.4-т “…Төрийн ордонд шалган нэвтрүүлэх, аюулгүй байдал, дэг журмыг хангах асуудлыг дотоод хамгаалалт хариуцна” гэх зэргээр Төрийн ордныг халдашгүй дархан байдалтайгаар 24 цагийн туршид дотоод, гадаад байнгын хамгаалалтад байхыг хуульчилсан байгаа юм.
Гэтэл энэ 24 цагийн тасралтгүй хамгаалалтад байдаг Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-нд хүн амиа алдлаа.
Хамгийн ноцтой нь Хууль зүйн сайд асан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин энэ талаар “…Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна. Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй. 18:20 орчим цагт авто раллигийн хуралдаан тарсан. 18:30 цагт хуралдааны танхимаас гарсан гэж байгаа. 18:30 цагийн орчимд Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан дүрс үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Шүүхийн шинжилгээний хариу бүрэн гараагүй бөгөөд химийн шинжилгээний хариу гэхэд 14-21 хоногийн дараа гарна. Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа” гэсэн мэдээллийг уржигдар олон нийтэд өгсөн юм.
Энд бид “…Хэнтэй уулзсан”, “…Хаагуур явсан бэ” гэх зэрэг цагдаагийн байгууллагын нэгэнт шалгаж буй асуудлыг хөндөх гэсэнгүй.
Харин Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжиний “…19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн”, “…Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа” гэсэн мэдэгдлүүд нь Төрийн ордонд юу болоод өнгөрөв өө гэдэг асуултыг босгож байна.
Бас түүний “…Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна” гэсэн нь тусгай хамгаалалттай хүмүүсийг “агуулдаг” Төрийн ордон ямар ч хяналтгүй байдаг юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгч байгаа юм.
Уг нь өнөөдөр техник технологи адраас даваад тэнгэрт тултал хөгжсөн үе. Камерын хяналт дэлхийг хэрсэн. Үүнтэй Монгол Улс хэдийн хөл нийлж, хотын захын гэр хорооллын хүнсний мухлагууд хүртэл бүрэн “камержсан” билээ. Энэ утгаараа Төрийн ордонд байтугай Баянхошуунд хүнсний дэлгүүрийн үүдэнд өнхрөөд ойчиход л камерын хяналтаар бусдын хамгаалалтад орчих боломжтой цаг үед бид амьдарч байна.
Гэтэл Төрийн ордонд бүхэл бүтэн хүн бүтэн цагийн турш хаана байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад нас барсан байдалтай олдсон тухай Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ярьжээ.
Төрийн ордонд Ерөнхий сайдын нэрэмжит элдэв хурал сүүлийн үед тасрахаа больсон. Өмнө нь Төрийн ордонд ийм хурлуудын нэгэнд оролцож явсан иргэн нас барж байв. Тухайлбал, 2018 оны есдүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд “1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөнд оролцож байсан 87 настай хүн нас барж байсан юм.
Үүнээс гадна Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд “…Төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, тээврийн хэрэгсэл, бусад зүйл, тэдгээрийн орчинд холбогдох байгууллагуудтай хамтран инженер, техникийн үзлэг, шалгалт хийж аюулгүй байдлыг хангах” үүргийг Төрийн тусгай хамгаалалтын газар буюу Төрийн ордны хамгаалалтын алба хариуцна гэсэн байгаа юм.
Төрийн ордны тухай хуульд “…Төрийн ордонд аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай хяналтын техник, хэрэгслийг суурилуулах бөгөөд Төрийн ордны хамгаалалтын албаны ажилтан үзлэг хийх нэг бүрийн хэрэгслээр хангагдсан байна”, “….Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээ, засвар, хангалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэсэн байгаа юм. Гэсэн атал Төрийн ордны барилгын чанарын асуудал л хааяа яригддаг. “…Нурах гээд байна” гэж ирээд л сонгууль бүрийн дараа эрх барьж эхэлсэн улс төрийн хүчнүүд уулга алдаж байдаг. Ингэж байгаад Төрийн ордны засвар үйлчилгээнд сонгууль болгоны дараа хэдэн тэрбум төгрөг тавьж байгаад өрөөнүүдээ засдаг. 2016 оны сонгуулийн дараа жил лав 2.2 тэрбум төгрөг төсөвлөөд, түүнийг 40 гаруй болгох шаардлагатай гэж ярьцгааж байсныг санаж байна.
Ингэхийн оронд ядаж давхар бүрийн хонгилыг уртааш нь харчих хэмжээний хэдэн хямд камер ч болтугай аваад суурилуулчхаж болох л эд.
Нөгөө талаас энэ хэрэг явдал ажлын цаг дууссаны дараа болжээ. Төрийн ордны тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад бүх хүн Төрийн ордонд нэвтрэхдээ үнэмлэх, нэвтрэх хуудсаа шалгуулж орох ёстой. Иймээс нэвтэрсний дараах хяналт, хамгаалалтыг “Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ын дагуу Төрийн ордны хамгаалалтын албаныхан хариуцаж ажиллах үүрэгтэй.
Ер нь бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “…18:30 цагийн орчимд Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан дүрс үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэнд цагийн хийдэл нэлээд гарсан харагдаж байна.
Энэ л асуудлын гол нь болж буй юм.
Ийм олон хууль, журмаар Төрийн ордны төрийн тусгай хамгаалалтыг нь зохицуулчихсан. Гэвч тэнд эмнэлгийн, бас төрийн тусгай хамгаалалтынхны түргэн тусламжийг авч чадалгүй хүний амь эрсэдсэн нь үнэхээр харамсалтай.

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм19 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм23 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр20 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг20 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Нийгэм23 цаг өмнө
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно