Улс төр
С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж, иргэн байхгүй байна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар хүнсний аюулгүй байдлыг хангах, мах, хүнсний хангамжийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийх шаардлагатай гэсэн санал гаргасныг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
Ингээд хуралдаан Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ.
Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөлөө. Эдийн засаг, нийгмийн хөгжилд дараах үр дүн гарахаар байна. Эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал гэдгийг онцлохын зэрэгцээ үндсэн чиглэлийг боловсруулахдаа салбарын нэн тэргүүний зорилтыг тодорхойлж, түүний хэрэгжилт, үр дүнг нь хангахад төсөв санхүүжилтийг нь хамтад нь шийдэх шаардлагатай гэж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажлын байр бий болгох, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн иргэдэд хүрсэн бодлогын тодорхой, бодитой арга хэмжээнүүд авах шаардлагатай байна гэж байлаа.
Ингээд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй есөн саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг нар “тогтоолын төслийн 9.3-т Ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээх гэж нэмэх (санхүүжих дүн таван тэрбум төгрөг) ”, “өвлийн хүлэмжний аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн цахилгааны хэрэглээний хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, (санхүүжих дүн хоёр тэрбум төгрөг)” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар тогтоолын төсөлд “хот суурин газрын хүн амыг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилгоор нөөцийн махны санхүүжилтийн эх үүсвэрийг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх”, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ төслийн 3.4 дэх заалтад “бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготоно, царцаатай тэмцэх арга хэмжээ, (санхүүжих дүн таван тэрбум төгрөг)” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн “330 суманд худаг ус гаргах, (санхүүжих дүн 7.6 тэрбум төгрөг)” гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэгийн тогтоолын төслийн 4.2 дахь заалтад “хүнсний ногооны цогц төв байгуулах арга хэмжээ, (санхүүжих дүн таван тэрбум төгрөг)” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болов.


Дараа нь Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Г.Мөнхцэцэгийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд 60 хувь нь тус тус дэмжлээ.
Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл сонслоо
Хуралдаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, Өргөдлийн байнгын хороотой хамтарсан “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг сонссоноор үргэлжилэв.


Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 131 аж ахуйн нэгж, байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан.
Хууль мөрдөгдөж эхэлснээс хойш нийслэлийн Засаг дарга нийт 83 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сард 95 тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд одоогийн байдлаар нийслэлийн нутагт дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 73, хайгуулын 67 тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэдгийг дурдсан.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгосноос хойш газрын хэвлий ашиглаж эхлээгүй зэрэг гурван үндэслэлээр 95 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Хүчингүй болсон 95 тусгай зөвшөөрлөөс өнөөдрийн байдлаар 71 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан аж ахуйн нэгж, байгууллагууд Нийслэлийн Засаг дарын захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс болон нэхэмжлэгч нараас удаа дараа эвлэрэх санал тавьсныг харгалзан Нийслэлийн Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллагуудтай эвлэрлийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг сэргээж, олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг онцолсон.
Түүнчлэн ойжуулалт, усны хамгаалалт, газрын нөхөн сэргээлийн талаар хэрэгжүүлж байгаа ажлын талаар дурдав. Тухайлбал, 2017, 2018 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаа хороо Туул голын сав дагуу 15 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг нийслэлийн төсвөөр гүйцэтгүүлсэн. Мөн Туул гол болон түүний цутгадаг гол, булаг, шандны уснаас 60 дээж авч шинжилгээ хийлгэсний зэрэгцээ голын урсацын хэвийн хэмжээг хадгалах зорилгоор 2016 оноос онцгой хамгаалалтын бүсэд худаг гаргах, цооног өрөмдөх 75 хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/836, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2018 оны тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1,652.6 га талбайг эвдэгджээ.
Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийж байгаа аж.
Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хариултдаа Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж, иргэн байхгүйг онцлохын зэрэгцээ тусгай зөвшөөрөл олгосон дарга, хариуцсан албан тушаалтан, ашигласан аж ахуйн нэгж, иргэн бүгд хариуцлага хүлээдэг, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулсан тогтолцоо руу орох шаардлагатай байна гэж байлаа.
Мөн тэрбээр, барилга байгууламж, бүтээн байгуулалтад түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээ 2019 оны байдлаар 1 сая 240 мянган тонн шаардлагатай байна гэсэн судалгаа байгаа бөгөөд үүнийг 2014 онтой харьцуулахад энэ тоо 5 дахин өссөн байна. Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, нөхөн сэргээлтийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгааг хариултдаа онцолсон.
Харин Ажлын хэсгийн зүгээс эвлэрлийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа. Эвлэрлийн гэрээнд аж ахуйн нэгжүүд найман сарын хугацаанд 13-15 шаардлага биелүүлж байж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тусгасан боловч, эдгээр 35 аж ахуйн нэгжээс нэг нь ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн юм.
Ингээд мэдээлэлтэй холбогдуулж гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэх үед техникийн саатал гарсан тул мэдээллийг түр завсарлалаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм19 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм23 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр20 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг20 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Нийгэм23 цаг өмнө
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно