Улс төр
Г.Занданшатар: Ядуурлыг устгах зорилгод боловсролын салбарын үйл ажиллагаа шууд уялдаа холбоотой байдаг

Олон Улсын Парламентын Холбоонй /ОУПХ/ Ази, Номхон далайн бүсийн II чуулган Төрийн ордонд болж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганыг нээж үг хэллээ.
Тэрбээр “2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгууд нь бид бүгдийн хувьд түүхэн ач холбогдолтой юм. Учир нь дэлхий даяар хэрэгжих ёстой зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө улс орон бүр үүрэг хариуцлага хүлээж байна. “Тогтвортой хөгжлийн зорилгууд” хэмээх баримт бичгийн гол агуулга хэнийг ч ардаа орхиж, үлдээлгүйгээр эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулахад чиглэж байгаа билээ. Үүний тулд бид тодорхой зорилго, зорилтуудыг тавьж, сэтгэлгээний өөрчлөлт бий болгохоор ажиллаж байна.
Парламентууд ОУПХ-ны манлайлал дор энэ чиглэлээр тодорхой үүрэг хүлээж, үр дүнд хүргэх боломжтой нь тодорхой юм. Ялангуяа хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш байдал зэрэг дэлхийн хэмжээний асуудлуудаар эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд парламентууд тодорхой алхмуудыг дор бүрнээ хийсэн байна. Монгол Улсын Их Хурлын хувьд ч тодорхой зорилтуудыг өмнөө тавьж ажиллаж байна. Тухайлбал, парламентын ардчиллыг бэхжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах зэрэг асуудлуудаар стратеги төлөвлөгөө гаргаад байна. Энэхүү стратеги нь цаашдаа улс орны тогтвортой хөгжлийг хангахад тус дэм болоод зогсохгүй засаглалын чанарыг сайжруулахад ч чухал үр нөлөөтэй гэж үзэж байна.
Улс орны парламентууд дор бүрнээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бодит үйл ажиллагаа болгон хувиргахын төлөө арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг сайн жишээ бол “Ханойн тунхаглал” юм. Энэхүү тунхаглал бидэнд дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг олгож буй юм. Учир нь тогтвортой хөгжлийн зорилгуудын гол асуудал болох ядуурлыг бууруулах асуудлаар улс орон бүр өөртөө тохирсон, олон талт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг дээрх тунхаг бичигт заасан.
2017 оны 05 дугаар сард Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын чиглэлээрх анхны парламентын хурлыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хошимин хотод зохион байгуулсан билээ. Энэ үеэр Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн явцыг дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудын талаар хэлэлцсэн. Энэ удаа бүс нутгийн хоёр дахь арга хэмжээгээ та бид зохион байгуулж байна. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх үйл явц одоогийн түвшинд ямар байна вэ гэдгийг хамтран хэлэлцэхээр энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Их Хурлын зүгээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар Та бүгдэд мэдээлэхэд таатай байна. Тухайлбал, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” хэмээх баримт бичгийг Монгол Улсын Их Хурал 2016 онд баталсан. Энэ бол Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх гол баримт бичиг юм. Бид цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудыг амжилттай хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тус дөхөм үзүүлэх зорилгоор парламентдаа Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулсан. Дэд хороо ОУПХ-ноос гаргасан арга зүй, гарын авлага, баримт бичгийг өөрийн оронд хэрэгжүүлэхэд хүчин чармайлт тавьж ажиллаж байгаа.
Өнөөдрийн чуулган, салбар хуралдаануудаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар илтгэлүүд сонсоно. Өөр нэг чухал зүйл нь боловсролын сэдвээр тусгай хуралдаан зохион байгуулж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын нэг чухал хэсэг болох Чанартай боловсролыг бүх нийтэд хүргэхтэй шууд холбогдоно. Ядуурлыг устгах зорилгод боловсролын салбарын үйл ажиллагаа шууд уялдаа холбоотой байдаг билээ.
Боловсролын салбарыг Монгол Улс онцгойлон анхаардаг. Тухайлбал, ДНБ-ий 4.7 хувь, улсын төсвийн 17.2 хувьтай тэнцэх хөрөнгийг 2019 оны улсын төсөвт боловсролын салбарт зориулан баталсан. 2016 оноос хойш Засгийн газар болон парламентын зүгээс боловсролын салбарын шинэтгэлийн чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Багш нарын мэргэжлийн ур чадвар, суралцах орчныг сайжруулах, цаашдаа боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн уялдаа холбоог бэхжүүлэх, насан туршдаа сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт бид анхааран ажиллаж байгаа. Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийхээр зорьж байна. Энэ бүхэн нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын 4 дүгээр зорилгыг хангахад тус дөхөм болно хэмээн найдаж байна.
Өнөөдрийн чуулганы хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2 илтгэлийг боловсролын салбарын шинэтгэлтэй холбоотойгоор Та бүгдэд танилцуулан, хэлэлцүүлэх болно.
Тогтвортой хөгжлийн зорилгуудын 3 дугаар зорилго нь эрүүл мэндийн асуудал байдаг. Иргэн нэг бүрийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө парламентууд чухал үүрэг хүлээж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэх боломжтой. Монгол Улсын Засгийн газар “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж, элэгний өвчлөлийг бууруулах чиглэлээр тусгай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд тодорхой ахиц дэвшлүүд ч гарч байгаа. Мөн эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр бодитой үр дүнд хүрлээ. Цаашид 2030 он хүртэл 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн пунктыг 15-д хүргэж бууруулах зорилтыг тавиад ажиллаж байна. Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 2018 оны байдлаар 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн пункт 27.1 пункт болж буурсан.
Та бидний өмнө тулгарч буй томоохон сорилтын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал юм. Энэ өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд дасан зохицох чадвартай эдийн засгийг бид бий болгох ёстой. Үүний тулд шинэ технологийг эзэмших, ялангуяа байгаль орчинд ээлтэй технологийг өөрийн оронд боловсруулж хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, ногоон татвар нэвтрүүлэх, ногоон худалдан авалтын зарчмуудыг нэвтрүүлэх зэрэг замаар бид байгаль орчны бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилготой ажилладаг.
Монгол Улсын Их Хурал 2016 онд Хог хаягдлын менежментийн тухай хуулийг баталсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо тун чухал. Тиймээс чуулганы явцад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын чиглэлээр үйл ажиллагаагаа хэрхэн оновчтой үнэлж дүгнэх, эх өгөгдлийг яаж ашиглаж, ахиц дэвшлийн үйл явцыг хэрхэн томъёолох тал дээр анхаарах болно.
Бид чуулган, салбар хуралдааны явцад бие биенээсээ суралцаж, алдаа дутагдлаасаа сургамж авч, үр дүнтэй шийдвэр гаргахад мэдээллийг хэрхэн ашиглах, бидний өмнө тулгарч буй асуудлууд болох тэгш бус байдал, агаарын бохирдол, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, боловсролын чанар муу байгаа зэрэг Монгол Улсад төдийгүй нийт улс орнуудын өмнө тулгамдаад буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ахиц дэвшил гаргахын төлөө ажиллах ёстой.
Өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди сонгуульд ялалт байгууллаа. Дэлхийн хамгийн олон хүн оролцдог сонгууль Бүгд Найрамдах Энэтхэг Улсад болдог. Монгол Улс, Энэтхэг Улс хоёр шашин шүтлэг, оюун санааны хувьд ойр дөт ард түмэн. Нарендра Моди сонгуулийн сурталчилгааныхаа үеэр монгол үндэсний дээл өмссөн харагдсан. Энэ бүхэн манай хоёр улсын хамтын ажиллагаа, сайн харилцааны илрэл юм.
Цаг хугацаа хурдан өнгөрдөг. 2030 он гэдэг тийм ч хол биш, бидэнд байгаа нөөц ч хязгаарлагдмал. Тиймээс бид шийдвэр гаргахдаа, илүү үр дүнд хүрэхийн тулд байгаа нөөцөө хэрхэн зөв ашиглах талаар онцгой анхаарч, маш сайн бодож тунгаах хэрэгтэй. Эдгээр асуудлыг бид чуулганы үеэр хэлэлцэнэ.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Хүндэт зочид Та бүхэн дор бүрнээ энэхүү чуулганы үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулснаар чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Энэхүү чуулганы үйл ажиллагаа бидэнд дараа дараагийн алхмуудаа илүү тодорхой болгоход чухал тус дөхөм болно гэдэгт найдаж байна” гэлээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм19 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм23 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр20 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг20 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Нийгэм23 цаг өмнө
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно