Улс төр
Ерөөсөө нөхөн сонгуулиа л больё
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлснөөс хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө.
Түүнийг хүчингийн хэрэгт сэжиглэн шалгаж байх хугацаанд Д.Гантулга гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгч, УИХ хүсэлтийг нь хэлэлцэн чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Одоогоор Д.Гантулга гишүүн асанд холбогдох эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байна.
Өмнөх хууч
Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөнтэй холбоотойгоор УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг өнгөрөгч 2018 оны долдугаар сарын 1-нээс товлон зарлаж, аравдугаар сарын 7-д санал хураалтыг явуулах тухай УИХ-ын 68-р тогтоолыг мөн оны зургадугаар сарын 28-ны өдөр баталсан.
Гэвч Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандаж, уг тогтоол нь Монгол Улсын иргэний сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн гомдол гаргаснаар Цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн байдаг. Нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоолоор Цэц маргаан үүсгэсэн тул аравдугаар сард явагдах ёстой байсан нөхөн сонгууль хойшилсон. Арваннэгдүгээр сард Цэц уг маргааныг хэлэлцээд “УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн” хэмээн хүчингүй болгосон билээ.
Иргэн С.Мөнхцэцэг нь Цэцэд өргөдөл гаргахдаа “Төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвшихийн тулд сонгууль зарлагдахаас зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзсэн байх ёстой. Гэтэл нөхөн сонгуулийг долдугаар сарын 1-ний өдөр товлон зарлаж, аравдугаар сарын 7-нд явуулахаар шйдвэрлэсэн нь иргэн миний сонгогдох эрхийг зөрчиж байна” гэсэн билээ. Энэ шалтгаанаар өнгөрөгч онд зарлагдсан нөхөн сонгууль эхний удаа хойшилсон.
Уг маргаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон Д.Лүндээжанцан гишүүн “төрийн албан хаагч сонгууль зарлагдахаас зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзсэн байх” тухай хуулийн уг заалт зөвхөн УИХ-ын ээлжит сонгуульд хамаатай юмаа. Тиймээс сонгуулийн тухай хуульд “сонгуулийн жил” хэмээн тодорхойлсон байдаг… хэмээн маргасан боловч Цэц уг тайлбарыг хүлээж аваагүй билээ.
Мөн гомдол гаргагчаас “Та нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?” гэж асуухад гомдол гаргагч хариулж чадаагүй байдаг. Хожим түүнийг хэвлэлүүдээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хадам дүү нь хэмээн бичиж байлаа.
Түүх давтагдаж байна
УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт болоход сар гаруйхны хугацаа үлдээд байна. Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн намуудаас МАХН Н.Энхбаярыг, АН Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээ зарлалаа. МАН-аас намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшинэ хэмээн яригдаж байгаа ч албан ёсны шийдвэр гараагүй байна. Одоо нэгэнт Цэцийн шийдвэр гарсны дараа нэр дэвшигч тодруулах ч шаардлагагүй болж байх шиг байна.
Мөн энэ удаагийн Цэцийн шийдвэрийн бас нэг онцлог нь саяхан МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газрын кабинетийнхаа тал хувийг авч Хэнтий аймаг болон хөдөө орон нутагт арав гаруй хоног ажиллаад ирсний дараа гарлаа.
Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас “Нөхөн сонгууль зарлах тухай” УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолыг “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн үзэж түдгэлзүүллээ. Нэр бүхий иргэн УИХ-ын дээрх тогтоолыг Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн Цэцэд ханджээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь, УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлсний үндсэн дээр нөхөн сонгууль зохион явуулах нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн мэдүүлсэн байна.
Хачирхалтай нь Үндсэн хуулийн цэц гомдол гаргасан иргэний “Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль бус” гэх мэдээллийг хүлээж аваагүй мөртлөө “хууль бус шийдвэр дээр үндэслэн нөхөн сонгууль явуулах нь хууль бус” гэснийг нь хүлээн авч, нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Логикийн хувьд ч эргэлзээтэй зүйл болж байна л даа.
Эхлээд “Л.Гантулгыг чөлөөлсөн нь хууль бус” гэсэн иргэний мэдээллийг Цэц үгүйсгэсэн. Нэг үгээр хэлбэл, алдаатай буюу худал нөхцөл байна гэсэн үг. Тэгсэн атлаа “Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль бус учраас нөхөн сонгууль явуулах нь хууль бус” буюу алдаатай нөхцөл дээр тулгуурласан оюун дүгнэлтийг үнэн зөвд тооцож болох уу?
Өөр жишээ авья л даа. Хонь бол махчин амьтан. Тийм учраас бөөнөөр нь устгах ёстой гэсэн оюун дүгнэлт байг. Хонь махчин амьтан гэдгийг тогтоож чадсангүй ээ, учир нь тэр амьтан өвс идэж, ус ууж байв. Тэгэхээр хонийг устгах ёстой гэдэг шийдвэр үнэн зөв байж чадах уу?
Эсрэгээрээ бэлчээрийг талбай хомс болж байгаа учраас бог малын тоог цөөлье гэвэл арай өөр ойлголт. Ядаж л логикийн хувьд алдаагүй. Тэгэхээр “Нөхөн сонгуулийн зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийдвэр гаргахын тулд ядаж энэ дайны үндэслэл гаргаж ирэх хэрэгтэй болж байна.
Нөхөн сонгуулиа л больчихъё
Угаасаа Үндсэн хуулийн шүүхийн зарчим нь мэдээлэл гаргасан иргэний гаргаж байгаа үндэслэл дээр тулгуурлаж шийдвэрээ гаргадаг. Түүнээс биш “Хонь мах иддэггүй юм байна аа. Гэхдээ өвс ховор болсон учраас хонийг устгах нь зүйтэй” гэж шийдвэрээ гаргадаггүй. Тиймээс “Зорилго нь аргаа зөвтгөнө” гээд хэний ч хамаагүй нэр бариад, ямар ч хамаагүй мэдээлэл гаргаад, түүнийг нь аль нэг нам, улс төрийн хүчний эрх ашигт нийцүүлээд, ямар ч хамаагүй аргаар шийдвэр гаргаад баймааргүй байна.
Түүнийхээ оронд зүгээр л, хэрвээ энэ удаад нөхөн сонгууль явуулах нь МАН-д ашиггүй гэж байгаа бол 64-үүлээ сууж байгаад асуудлаа шийдчих. Сонгуулиа хойшлуулдагсан уу, хуулиа өөрчилдөгсөн үү, хамаагүй. Ганцхан Үндсэн хуулийн цэц л үүнд нь битгий оролцоод, оролцуулаад бай.
Тэртэй тэргүй иргэд 64 мануухай дээр 65 дахийг нь гаргаж ирье гэх хүсэлгүй байгаа. АН, МАХН-ын арав хүрэхгүй хүн МАН-ын 64-ийн эсрэг “тэмээ туйлаад тэнгэрт хүрэхгүй” нь үнэн. Ер нь ч тэгээд 42 дугаар тойргийнхан Ерөнхий сайдыг сая очиход нь “Дахиад нэг бандаашны эзэн битгий явуулчихаарай даа” гэж гуйсан ч юм бил үү.
Б.СЭМҮҮН
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав