Бусад
Энэ өдөр түүхэнд: Дэлхийн далайн өдөр
Оны 159 дэх өдөр, шинэ он хүртэл 206 хоног үлдлээ.
Дэлхийн далайн өдөр
Бразилын Рио-де-Жанейро хотноо 1992 онд болсон олон улсын дээд хэмжээний саммит Дэлхийн далайн өдөр (World Ocean Day) гэсэн шинэ баярыг санал болгосон юм. Тэр цагаас хойш Дэлхийн далай тэнгист ямар нэгэн хамааралтай бүгд энэ баярыг тэмдэглэх болжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 2008 оноос энэ баярыг албан ёсоор 2009 оноос эхлэн тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна.
Далай тэнгис дэлхийн гадаргын дөрөвний гуравыг эзэлж, усны бүх нөөцийнх нь 97 хувийг эзэлдэг.
-Сонирхолтой баримтууд
– ХХ зууны хоёрдугаар хагаст далайн тэнгисийн судалгаа идэвхитэй явагдсан юм.
-Далайн хамгийн гүн 10924 метр ба тэр нь Номхон далайн Марианы хонхорхойд байдаг.
-Хур ба голын усны хамт далайд оролцоогоор 0,5 сая шоо метр цэнгэг ус урсан цутгадаг.
Петербургийн муужгай нарын дэлхийн өдөр
Оросын Петербург 2005 оноос эхлэн муурнуудынхаа өдрийг тэмдэглэх болов. Ер нь энэ сонирхолтой хотод муурны маш олон хөшөөтэй. Хөшөөнүүд нь хүрч зүлгэхэд бас аж жаргал авчирна гэж бишрэгддэг. Гэхдээ муурны байрбг хийг гол нэг шалтгаан бий. Эх орны дайны үеэр фашистуудад бүслэгдсэн хотод асар том хархууд гарч ирэн ховорхон хоол хүнснээс гадна тамирдсан хүмүүст довтлох болжээ. Хотынхныг тусгайлан авчирсан муурны “дивиз” аварсан гэдэг.
Зургаадугаар сарын 8-нд “Митьки” гэж өөрсдийгөө нэрлэсэн хотын зураачид өөрсдийн урлангийн карниз дээрмуурны баримал тавьсан нь Тишка Матроскин нэртэй болжээ. Энэ өдрийг муурны баяр гэж зарласан аж.
Эхлээд бизнесмен Илья Ботка 1999 онд эр эм Василиса, Елисей гэсэн муурны хоёр баримлыг танилцуулснаар муурны хөөрөл эхэлсэн байв.
Елисей: Малая Садовая гудамж 8, 2 давхрын төвшинд.
Василиса: Малая Садовая гудамж 3-р байр.
Энэ хоёр баримлыг бүслэлтийн үеийн хархтай тэмцсэн мууруудад зориулжээ. Хотыг муурууд дайны сүүл рүү хархнуудаас цэвэрлэж чаджээ. Сибириэс хүртэл 5000 муур авчирч байв.
2011 он хүртэл баярыг зураач нар л тэмдэглэж ирсэн байгаад түүний зургаадугаар сарын 4-ний муур тэврэх өдөр, мөн эрмитажыг хархнаас хамгаалдаг муурнуудын өдөр гэх мэтийн байруудтай нийлүүлсээр олон улсын өдөр болгон зарлажээ.
Эрмитажид 70 муур музейн үзмэрийг харх, хулганаас хамгаалж байдаг.
2015 онд хийгдсэн энэ муурын баримал аз жаргал авчирна гэдэг.
Санкт-Петербургийн их сургуулийн №9 байранд туршлагийн муурнуудад зориулсан хөшөө байдаг.
Сонирхолтой түүх
“Whirlwind” тоос сорогч патентлагдлаа
Америкийн зохион бүтээгч Айвз Макгаффни “Whirlwind” гэж нэрлэгдсэн дэлхийн анхны тоос сорогчоо 1869 оны энэ өдөр патентлуулжээ. Дээд хэсэгт нь байрласан гар нь салхин сэнстэйгээ ремениэр холбосон байлаа. Гарыг нь эргүүлэн хөдөлгөөнд оруулдаг байв. Тоос сорогч хөнгөн авсаархан байсан ч түүний гарыг нь эргүүлэхийн зэрэгцээ түлхэж явах гэсэн давхар ажилтай байснаас ашиглахад ээдрээтэй байлаа.
Зохион бүтээгч Бостонд “American Carpet Cleaning” компаниа байгуулаад өөрийн тоос сорогчийг нэгийг нь 25 доллараар зарж эхэлсэн байна. Тэр үеийн нэг долларт 23 грамм мөнгө агуулагдаж байсан гэвэл муу үнэ хүрч байжээ. Тоос сорогчийн ихэнхийг Чикаго, Бостонд зарсан ба Чикагогийн их түймэрт тэдний багагүй хэсэг шатсан байх магадлалтай. Өнөөг хүртэл хоёрхон “Уирлвинд” хадгалагдан үлдсэний нэг нь “Нооver” компанийн түүхийн төвд байдаг гэнэ.
Макгаффнийн араас бусад компаниуд механик тоос сорогчийн гарган зарах болов. ХХ зууны эхээр Hoover цахилгаан тоос сорогчийг тоос цаглуулагчтайгаар гарган ирсэн байв. Анхны “Модель О” загвар 60 доллараар зарагдан эрэлт ихтэй байжээ. Тоосны хамт нянгууд сорогддог гэсэн ойлголт нь 20-30-аад онуудад тоос сорогчдыг улам алдаршуулж өгсөн юм.
Олон жилин турш зөвхөн баячуудад хүртээлтэй байсан тоос сорогч дайны дараа дунд ангийнхны хэрэглээ болсон юм. Өнөөдөр энэ төхөөрөмж айл болгонд байгаа.
Сонирхолтой баримтууд
Дундад зууны үеэр хаад ноёдын шилтгээнийг зөвхөн том баяр наадмаар л цэвэрлэдэг байв. Францын хаадын Лувр гэхэд л XVII эхээр хог новшиндоо дарагдсан байлаа.
Парисын зэсийн дархан Этьен Лар францын захирагч кардинал Мазаринид хурдан цэвэрлэх тусгай төхөөрөмжийг бэлтгэж өгчээ. Тэр урт хоолой байсан ба таван оосроор дотор нь байгаа сэнсийг ажиллуулдаг байж. Яаж ажиллаж байсныг хэлэх аргагүй. Бодвол сэнс нь соруулах үүрэгтэй байсан болов уу.
Бас энэ үеэр нэг иймэрхүү төхөөрөмж Ромын эзэнт гүрний захирагч I Леопольдад байжээ. Үлдсэн зургаас харахад салхины хүчээр л тоос шороог сордог байсан бололтой.
Дениэл Хесс гэдэг америк хүн тоос сорогчийн анхны патентыг 1860-аад онуудад авчээ. Сойз нь эрэгдэг, агаарын урсгал гаргах туламтай нүсэр эд байжээ.
1899 онд Жон Тормен бензинээр ажилладаг тоос сорогчийн патент авсан ба хоёр төхөөрөмж эт туршилтын үеэр дэлбэрч байлаа.
1900 онд Корин Дюффор цахилгаан тоос сорогчийн патент авсан ч урагшлаагүй юм.
Британийн Хьюберт Сесил Бут гэр цэвэрлэхийг шоу болгож үзэв. Тэр асар том тоос сорогч бүтээсэн ба тэр аварга машин зарагдаж байгаагүй, түүний компани уг төхөөрөмжөөр байр байшингийн цэвэрлэгээг хийж иржээ.
Тоос сорогчийг мориор авчран гудамжинд зогсоогоод 30 метрийн урт шлангийн тусламжтайгаар цэвэрлэгээ хийдэг байлаа.
Бирменемийн Уолтер Гриффитс 1905 онд өнөөгийн тоос сорогчтой төстэй авсаархан тоос сорогчийн патентыг авсан ба түүний бүтээгдэхүүн зах зээлд гарснаар цэвэрлэгээний шоу төгсчээ.
Шведын хаан Густав VI Адольф 1953 онд ордныхоо хоёр тоос сорогчийг худалдаад мангаар нь өнчин хүүхдийн асрамжийн гурван байр босгож байлаа. Тоос сорогч тэр үед ийм л үнэтэй эд байж дээ.
Өнөөдөр түүхэнд
632 – Медина хотноо лалын шашныг үндэслэгч их зөнч Мухаммед дэлхийн замаа төгсгөв. Мухаммед Меккаас хөөгдсөний дараа Мединад анхны мусульман нийгэмлэг (умма) үндэслэгдсэн байна. Их зөнчийн оршуулагдсан энэ хотоос түүний номнол дэлхий даяар тархсан юм.
1509 – Флоренцийн цэргийнхэнд бүслэгдсэн Пиза буун өгснөөр Пизаны бүгд найрамдах улсын түүх дуусжээ. Пизаны улс нь Италийн анхны далайн улс болж байсан түүхтэй.
1637 – Францын агуу гүн ухаантан, математик, механик, физиологич Рене Декартын “Өөрийн оюун ухааныг сайнаар чиглүүлэн шинжлэх ухаанаас үнэнийг хайж олох арга барилын тухай сэтгэх нь” гэсэн нэртэй он цагийн бүтээлээ Лейден хотноо нууц нэрээр 1637 оны энэ өдөр хэвлүүлжээ. Энэ номондоо “Би сэтгэж байна. Тэгэхлээр би оршиж буй”гэсэн өөрийн алдартай хэллэгээ Декарт томъёолон гаргасан байдаг…
1648 – Запорожийн цэргийн гетман Богдан Хмельницкий Оросын хаан Алексей Михайловичид хандан Гетманы улсаа Орост нэгтгэх хүсэлтээ гаргажээ. Бага Оросын үнэн алдартны хүн амыг Речи Посполитын католикин болон ноёдынх нь дарлалаас ангижруулах нь энэ хүсэлтийн гол зорилго байлаа.
1783 – Түүхэн цаг хугацаанд хамгийн хүчтэй болох Исландын Лаки галт уулын дэлбэрэлт энэ өдөр эхэлжээ. Халуун хайлмагийн урсгалын 25 кмын өргөнтэй хагаралт 130 км хүртэл үргэлжлэн 565 км² газар нутгийг хуцсан байв. Агаар хөөрсөн хорт бодис, тоос, үнсний улмаас Исландын малын тав хувь буюу 11 000 толгой бод мал, 200 мянган хонь 30 мянган адуу үхсэн ба шувуу, загас тэр хавьд бүрэн мөхжээ. Өлсгөлөн эхлэн 10000 орчим исландчууд амь үрэгджээ. Энэ үзэгдэл нь дэлхийн хойд хэсгийн ургацыг бас гаргуулсангүй.
1784 – Өмнөд Каролинад 23 сантиметрийн өргөнтэй мөндөрт хүмүүс амиа алдсан нь бүртгэгдсэн байв.
1786 – Нью-Йоркт анх мөхөөлдөс худалдаанд иржээ.
1824 – Квебекийн Ноа Кашинг угаалгын машиндаа патент авлаа.
1829 – Английн анхны хотын захиргааны мэдлийн усан сан Лондоны дагуулын Ливерпулд нэгдлээ.
1883 – Москвагийн түүхийн музейн нээлт боллоо.
1896 – Машин хулгайлагдсан анхны тохиолдол бүртгэгдэв.
1912 – Лос-Анжелест одоо хүртэл ажиллаж байгаа Холливудын “Universal” кино урланг герман гаралтай Карл Леммле үндэслэв. 1915 – 1925 онуудад АНУ-ын томоохон кино урлан байв. 2004 оноос NBC Universal компанийн үйлдвэрийн салбар болов.
Түүний логотип дээр Дэлхийн бөмбөрцөг зурагдаж түүний санчрын цагариг маягаар Universal (“Хорвоо”) гэсэн тойрч байдаг. Компанийн ивээлийн сэдэвт цэцэрлэгүүд Холливуд, Орландо, Сингапур, Осакад байдаг.
1920 – Карелийн хөдөлмөрийн коммуна гэх автоном муж Оросын холбоот улсын бүрэлдэхүүнд байгуулагджээ.
1939 – Их Британийн хаан VI Георг Канадад айлчилсны төгсгөлд АНУ-д айлчлав. Тэр үүнийг хийсэн Британийн анхны хаан болов.
1946 – Сэтгүүлчдийн анхны олон улсын байгууллага бий боллоо.
1947 – Днепр мөрнөөр усан замын тээвэр анх удаагаа хийгдэж эхэлжээ.
1958 – Зөвлөлтийн хөл бөмбөгийн холбоо дэлхийн аваргын тэмцээнд анх удаагаа оролцон Английн шигшээтэй 2:2 тэнцлээ.
1959 – Зөвлөлтийн хөл бөмбөгийн тэмцээний 10000 дахь гоол бүртгэгджээ.
1960 – Лев Троцкийг хөнөөсөн алуурчин Рамон Меркадер Кремльд Зөвлөлтийн баатар цолыг авлаа.
1984 – АНУ-ын кино жүжигчдийн Гильдид Диснейн зурмал киноны баатар Доналд нугасыг хүндэт гишүүнээр бүртгэн авлаа. Доналд нугас 1934 онд анх дэлгэцнээ гарчээ. Мөн Доналд Дакийн нэртэй одыг Холливудын Алдрын гудамжинд байрлуулсан байдаг.
1990 – Оросын парламент оросын хуулиуд Зөвлөлтийн хуулиас дээгүүр гэж баталжээ.
1997 – Америкийн Ян Адамсон Колорадо голоор 327 км зайг канон завиар 24 цагт туулсан дэлхийн дээд амжилт тогтоов.
2009 – Финляндын Санкт-Петербургт суусан консул Симо Пиетиляйнен орос эхнэрийнхээ зөвшөөрөлгүйгээр хүүгээ хулгайлан Финляндад гарсан учраас түүнийг Оросын тал хөөн явуулжээ.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна