Нийгэм
Эрчим хүчний хөгжлийн төв салбараа хөгжүүлдэг үү, сайдаа хөрөнгөжүүлдэг үү
Эрчим хүчний хөгжлийн төв гээч байгууллага салбараа хөгжүүлэх гээд байна уу, сайдаа ивээн тэтгэх үүрэг хүлээгээ юу гэх тухайд эргэж харах цаг иржээ.
Уг нь тус байгууллагын чиг үүргийг “Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний салбарын талаар дэвшүүлсэн зорилт, чиг үүрэг, Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөлгөө болон бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байх юм.
Түүнчлэн “…эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөлгөө болон бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино…, Санхүү, эдийн засгийн хэлтэс нь үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд байгууллагын мөнгөн урсгалыг оновчтой төлөвлөх, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, санхүүгийн менежментийг боловсронгуй болгоход санаачлагатай ажиллах, нягтлан бодох бүртгэлийн ажлыг Олон улсын бүртгэлийн стандартад нийцүүлэн зохион байгуулах, байгууллагын удирдлагын шийдвэр гаргахад санхүүгийн оновчтой шуурхай мэдээ, мэдээллээр хангах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахад оршино” гэх мэтчилэн чиг үүргүүдээ ялгаж, салгаж, бүр тусгайлан заажээ.
Гэвч өнгөрсөн жилийн буюу 2018 оны байдлыг харахад эрчим хүчний салбарын хөгжил гэхээсээ илүү эрхэм сайд Ц.Даваасүрэнгийн хөгжил, түүний сонгогдсон тойрог Хөвсгөл аймгийн хөгжилд ихээхэн анхаардаг газар болоо юу даа гэх дүгнэлтэд хүрч болохоор.
Уг нь Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар тухайн жилийг “Хариуцлагын жил” болгон зарласан. Энэ хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгаж, “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын Албан даалгаврыг төрийн байгууллагын бүх шатанд бүрэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Харамсалтай нь Ц.Даваасүрэн сайдад тухайд Ерөнхий сайдын энэхүү үүрэг даалгавар өөрт нь огт хамаагүй бололтой. Төсвийн хөрөнгө мөнгийг хэмнэх байтугай, харин ч бүр эсрэгээрээ хаашаа л бол хаашаа томилолтоор явсаар жилийг үдсэн байх жишээний.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн 2018 оны томилолтын зардлын ихэнх хувийг дээр нэр дурдсан Эрчим хүчний хөгжлийн газраас санхүүжүүлсэн байдаг. Тухайн үед нь тус төвийн даргаар Ч.Саранжав /түүнийг олон нийт БСШУС-ын сайд асан Цогзолмаагийн нөхөр гэдгээр нь мэднэ/ ажиллаж байсан.
Эрчим хүчний салбар гэдэг их айл ихэнхдээ алдагдалтай ажиллаж, улсын төсвийн татаасаар санхүүждэг. Засаг, төр аргаа барахдаа иргэдийнхээ халаас руу өнгийж, ямар нэг байдлаар цахилгаан, дулааны үнийг нэмсэнээр галыг түр боловч намжаадаг нь нууц биш.
Гэвч салбарын сайд нь томилолт нэрийн дор тойргоо усалсаар ирсэн байх жишээний. Энэ эрхэм сайдаар томилогдсоноос хойш эрчим хүчний салбар хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж дэвжсэн талаар түмний нүдэнд харагдах байтугай цаасан дээр буусан зүйл ч маруухан болов уу.
Хөгжлийн төвийн хөрөнгөөр туйлсан түүний томилолтоос харахад, өнгөрсөн жилийн хугацаанд дотооддоо орон нутагт есөн удаа томилолтоор явсан байх юм. Үүний тав нь Хөвсгөл аймагт ажилласан байх жишээтэй. Бүр тодруулбал, 2018 оны гуравдугаар сарын 22-нд Хөвсгөл аймгийн томилолтод 4.651.200 төгрөг, тавдугаар сарын 30-нд 2.162.900 төгрөг, наймдугаар сарын 2.217.900 төгрөг, 11 сарын 1-нд 1.890.600 төгрөг, 12 сарын 18-нд Архангай, Хөвсгөл аймагт 5.790.000 төгрөг зарцуулсан байх жишээтэй. Энэ 16.712.600 төгрөг бол ердөө л Хөвсгөл аймагт ажилласан гэх томилолтын зардалд Эрчим хүчний хөгжлийн төвөөс гаргасан хөрөнгө. Үүнээс гадна ч өөр олон гадаад, дотоод томилолтоо тус байгууллагын данснаас гаргуулсан байгаа юм.
Олон нийтэд бол их л хямгач, зөв улстөрчийн дүрээр харагддаг Ц.Даваасүрэн сайдын эргэн тойронд ажиллаж буй салбарынхан нь түүний зах замбааргүй томилолт зэрэгт ихэд дургүйцээд зогсохгүй, салбарын хөгжил, ажилчдын нийгмийн асуудал зэрэгт анхаарахгүй байгаад нь тун чиг эгдүүцдэг болжээ. Ямартаа л хурданхан шиг сонгууль нь болж энэ хүн Хөвсгөл аймгаа бараадаасай хэмээн жиг жуг гэлцэж байх вэ.
Засгийн газрын тэргүүнийхээ “лүндэн”-г үл тоон салбарын хөрөнгөөр тойрогоо торддог мань сайд үнэнч шударга нэгний дүр эсгэвч хачир дээрээ ямагт өөртөө ашигтай байдлаар ажиллаж чаддаг болохыг дээрх баримтууд нотлох аж. Түүний хувьд УИХ-ын сонгуульд хүчирхэг байх үед нь МАН-аас, хөгөө хөлдөө чирэх үед нь бие дааж, эргээд хүчээ авах үед нь МАН-аас гэх зэргээр хөлбөрч парламентад заларч сурсан хүн. Тэр ч агуулгаараа өдгөө Ерөнхий сайд, Засгийн газрын танхим нь хичнээн муу ажиллаж, муухай харагдсан ч өөрөө л “тогос” мэт байвал болох нь тэр гэсэн агуулгаар бие даасан тоглолтыг зохион байгуулсаар ирсэн байдаг. Юутай ч эрхэм сайдын энэ мэт төрийн мөнгөнөөр тойргоо усалдаг байдлыг засч залруулж авахгүй бол ирэх жил эрчим хүчний салбар дахиад л алдагдалтай гарч иргэд түүнийх нь горыг эдэлж, халаасаа тэмтрэх байх даа.
Нийгэм
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн.
Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр18 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм13 мин өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ