Бусад
“Та байна биз дээ, ээж ээ?…”

Ээж – хамгийн ойр дотно хүн. Амьдралдаа анх удаа хэлсэн анхны чухал үг. Ээж хүн хүүхдэдээ бүхнээ зориулна, хайр халамж, сэтгэлээ шавхан зориулна. Ээж нарт амралтын өдөр, баяр наадмын өдөр гэж байхгүй, тэр өдрийн 24 цагийн турш чамд туслахад байнга бэлэн байдалд байна. Тэр дэмжлэг үзүүлнэ, хэрэгтэй зөвлөгөө өгнө, тэвчээртэй сонсоно эсвэл дуугүй л сонсон сууна – шаардлагатай үед шүү дээ. Энэ бүгдийг харин бид байх ёстой зүйл л гэж бодож явдаг. Гэхдээ байх ёстой зүйл биш юм шүү, энэ бол хамгаас үнэтэй цэнэтэй. Бидний ээж нар – бидний амьдралд байгаа цорын ганц чухал хүн мөнөөс мөн.Өнөөдөр та бүхэндээ Юлия Сианто-гийн бичсэн ээж нарын тухай сэтгэл хөдөлгөм нийтлэлийг хүргэхээр бэлдлээ. Хэний хайр халамжинд бид өдий зэрэгтэй явна вэ, насанд хүрсэн хойноо л энэ тухай бодож, ухаарч эхэлдэг байх. Энэ нийтлэлийг уншиж дуусаад – ээжийгээ чангаас чанга тэврээрэй. Ээж ээ, намайг ирэхэд та намайг хүлээгээд сууж байх уу? Өглөөгүүр дотор тань муухайрч, бие тань өвдөхөөрөө өдөржингөө унтаж эсвэл аавтай өчүүхэн зүйлээс болж ам зөрнө. Ууц нуруугаар чинь өвдөх эсвэл хоёр хөл чинь бадайрах тэр үе. Энэ бүх зүйл танд тохиолдохгүй, хэрвээ тохиолдвол яах вэ? Та тэр л хайр энхрийллээрээ гэрэлтэн намайг гэртээ хүлээн сууж байх уу? Ээж ээ, танд маш их өвчин мэдрэгдэж байхад та намайг дурсан санах уу? Та амьсгалаа алдаж тэвчихийн аргагүй хашхирч байгаа тэр үед. Таны хэвлийгээр галаар түлж байгаа мэт төөнөн өвдөхөд, харин би – төрж байна. Ээж ээ, энэ үед надад илүү хүнд хэцүү байгаа гэдгийг та бодож байдаг уу?
Шөнө дөлөөр унтуулахгүй байхад хүртэл та надад хайртай хэвээрээ байх уу, хөхний товчноос цус шүүртэл хөхөж байхад ч гэсэн, таныг хажуудаа л байлгахгүй бол би тайван хэвтэхгүй байхад ч гэсэн хайрласаар байж чадах уу? Шээстэй живхэн дунд төөрч, өөрийнхөө үс гэзгийг хэрхэн янзалдгийг мартах тэр үед ч, нүдний доогуур хөхөрч, харваас та гал цоггүй болсон байгаа үедээ ч… Ээж ээ, та намайг хайрлаж чадах уу – урьд хожид хэзээ ч ийм их хүнд хэцүү байгаагүй гэдгээ ухаарах үед. Ээж ээ, дэлгүүрт намайг аашаа гаргаж хашхирч байхад та намайг байгаагаар минь хүлээж авах уу шалны шороо хувцсаараа арчиж мөлхөх тэр үед, юм болгоноос татгалзах тэр үед, ялангуяа – таны мах цусны тасархай болж төрсөндөө багтарч үхэх гэж байгаа тэр үед минь. Би тэвчихийн аргагүй, галзуурсан, таны тэвчээрийн зах хязгаарыг шалгаж байгаа тэр үед – та намайг хуучнаараа л хүлээн авч тэр л хайраараа намайг хайрласаар байх уу, ээж ээ? Ээж ээ, та тайван байж чадах уу – сургуульд орж ганцаараа бие дааж эхлэхэд, гадаад ертөнцийг таниас илүүтэй сонирхож эхлэх тэр үед. Зөвшөөрөлгүй гэрээсээ яваад амласан цагаасаа оройтож ирэх тэр үед. Эсвэл бүр эргэж ирэхгүй бол. Таныг юу ч ойлгохгүй байна гэж буруутгаад, үхлийн тухай хэдэн мөр шүлэг сараачсан болоод л охин насаа үдэх тэр үед. Энэ үед та намайг ойлгосоор л байх уу, дэлхий ертөнцтэй танилцаж байгаа намайг ойлгох уу, ээж ээ? © Anywhere But Here/ 20th Century Fox Ээж ээ, та надаас уучлалт гуйж чадах уу – өсвөр насанд хүрч мухардалд орох тэр үед, намайг бага байхад намайг гомдоож байсан тэр тохиолдол болгондоо та надаас уучлалт гуйж чадах уу? Нэг л өдөр тань дээр очиж бүх зовлон, уйтгараа дэлгэн ярих тэр үед намайг хайрласан хэвээр байх уу? Би нус нулимстайгаа холилдоод ийн хэлэхэд – хэзээ ч тань шиг баймааргүй байна гэж хэлэх тэр үед. Таны өгч байсан тэр хайр, халамжийг анзаарч тоохгүй байгаа тэр үед та намайг хайрласаар байх уу? Ээж ээ, тэр үед та өөрийгөө л буруутгаад надаас уучлалт гуйж чадна гэж хэлээч, гуйж байна, ээж ээ? Ээж ээ, харин дараа нь та бидний дунд байсан бүх үл ойлголцлыг зүгээр л мартаад надад тусалж чадах уу – миний өөрийн хүүхдүүд төрөөд би өөрөө амьдралдаа хэзээ ч мэдэрч, туулж байгаагүй тэр л хүнд бэрхтэй нүүр тулгарах тэр үед. Маш хүнд үед, хэзээ ч юм та намайг төрүүлээд тэр хүнд бэрхшээлийг туулж байсан. Хүүхдийг хэрхэн зөв өсгөх тухай надад сургаал хайрлалгүй, хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх нь миний л эрх гэдгийг хүлээн зөвшөөрөөд надад зүгээр л туслаач ээж ээ. Миний үнэнч туслагч байж, ач, зээ нараа зүрх сэтгэлээсээ хайрлаж тэдний хайртай эмээ болох уу, ээж ээ? © August: Osage County/ Weinstein Company Ээж ээ, харин дараа нь… та байх л болно, ээж ээ? Миний хүүхдүүд өсөж томроод, би таныг чин сэтгэлээсээ ойлгож хайрлах тэр л цагт амьдрал бэлэглэсэн таньдаа зүрх сэтгэлээсээ талархана. Таны дутагдлыг байгаагаар нь хүлээн авч, таны сайхан сэтгэлийг магтан дуулах тэр үед. Таны надад өгсөн болон цаашид өгсөөр байх хайр халамжийн үнэ цэнийг мэдрэх тэр үед. Та энэ дэлхий дээрх хамгийн сайхан ээж. Цорын ганц ээж минь. Ээж ээ, тэр үед та минь байж л байдаг юм шүү. Зүгээр л хажууд минь байж байгаарай.
Гуйж байна ээжээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр9 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ