Нийгэм
Боломж: ХАЯГДМАЛ ЦААСААР ӨРИЙГ ТЭГЛЭХҮЙ…
– Сайн байна уу, би таны төсөлтэй танилцаад толгой сэгсрэн сууж байлаа. Би зүгээр л бэлэн мөнгө хаячихдаг байж шүү дээ. Төслийнхөө тухай бидэнд дэлгэрэнгүй ярьж өгөөч?
– Тэгэлгүй яахав. Эхлээд би танд хэдэн судалгаа, тоо баримт үзүүлье. 2016 оноос 2019 оны дунджаар НӨАТ-ын орлого 807 тэрбум төгрөг нэг жилд хуримтлагддаг байхад буцаан олголтын 2 хувь нь 161 тэрбум төгрөг иргэдэд олгогдож байсан байна. И-баримт хэвлэдэг цэг Монгол улсын хэмжээнд 120 мянга гаруй бөгөөд 317 сая баримт нэг жилд хэвлэгдэж гарчээ. Үүний 221 сая баримт нь амжилттай бүртгэгддэг. Харин 95 сая ширхэг баримт нь ямар нэгэн алдаанаас болоод баталгааждаггүй байна.
– Ямар нэгэн алдаа гэдэг нь юу вэ?
– Жишээлбэл системийн алдаа, үйлчилгээний байгууллагын алдаа, хэвлэлтийн алдаа, иргэн хүний шивж оруулахдаа тоо зөрүүлэх алдаа ч юм уу юу ч байж болно. Сонирхолтой нь И-баримтаа үйлчилгээний байгууллагаас авч чадсан иргэдийн 80 хувь нь баримтаа бүртгүүлж байхад 20 хувь нь бүртгүүлэхгүй базаад шууд хаядаг. Тэр 20 хувь хэдэн төгрөг болдог гээч. 2018 онд НӨАТ-ын орлого 898.2 тэрбум төгрөг улсад хуримтлагдаж буцаан олголт буюу 2 хувь 179.6 тэрбум төгрөг иргэдийн гар дээр очихоор тусгагджээ. Гэтэл баримтаа бүртгүүлэхгүй хаясан мөн ААН, иргэдийн алдаанаас болж буцаан олголтоо авч чадаагүй мөнгөн дүн 65.7 тэрбум төгрөг байна. Энэхүү тоо баримт нь мэдээж 100 хувь баталгаатай тоо биш, бид төслийн хүрээнд олж авсан мэдээлэл дээрээ үндэслэн гаргасан баримжаа тоо юм шүү. Гэхдээ их хол зөрөхгүй байх гэж бодож байна.
– Тэгэхээр 65 гаруй тэрбум төгрөг зүгээр хаягдаж байна гэсэн үг үү?
– Тийм ээ. 65 тэрбумын чинь 21 тэрбум нь баримтаа бүртгүүлдэггүй иргэний базаж хаясан хог гэсэн үг. Мөн зөвхөн сугалаанд зориулж 2018 онд 17.6 тэрбум төгрөг олгосон. Харин 2019 оны байдлаар 23.4 тэрбум төгрөгийг сугалаагаар олгохоор тусгажээ. Үүнээс 1.8 тэрбум төгрөг нь данс, бүртгэл, и-баримтаас шалтгаалж хонжвороо авч чаддаггүй гэж таамаглаж байна. Манай байгууллагын явуулсан судалгаанаас харахад иргэд НӨАТ-ын сугалааг 50 хувь нь дэмжиж байхад 50 хувь нь бүтээн байгуулалтанд зарцуулах нь зүйтэй гэж хариулсан юм.
Энэ бүх мэдээллээс бид өөрсдийнхөө төслийн гол санаагаа олж харсан юм. Нэг удаа би хогийн саванд баримт байхыг хараад гэнэт энэ санаа орж ирсэн. Баримт чинь шууд бус утгаараа бэлэн мөнгө шүү дээ. Энэ мөнгө бага боловч бүх хүн хаяхгүй цуглуулбал их бүтээн байгуулалт хийж болох мөнгөн дүн агаарт хийсч хаягдаж байна даа гэж бодсон юм. Тэгээд бид энэ хаяж байгаа баримтуудаа ямар нэгэн бүтээн байгуулалтанд хандивлаж байвал яах вэ гэсэн гаргалгаа олж харсан. Энэ нь өөрөө хэрэглэгчдэд санхүүгийн дарамт учруулахгүй бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа юм.
– Хэрвээ тоомжиргүй хаясан энэ баримтуудыг цуглуулбал багагүй бүтээн байгуулалтын ажилд зарцуулж болох нь байна шүү дээ. Мөн үйлчилгээний газрууд НӨАТ-ын баримтаа өгдөггүй жишээ олон. Хэрвээ бүгд өгдөг болвол энэ тоо бүр ч нэмэгдэх үү?
– Бид 300 хэрэглэгчээс судалгаа авсан байгаа. Судалгаанд хамрагдсан хүмүүс үйлчлүүлсэн газар болон худалдан авалтаасаа и-баримтыг 55 хувь нь авч чаддаг гэсэн бол 45 хувь нь огт баримтаа авч чаддаггүй гэсэн хариулт өгсөн байдаг. Манай үйлчилгээний байгууллагууд и-баримтаа хэвлэж өгөхгүй тэднийг хянаж шалгах ажил тааруухан байгаа юм болов уу гэж бодогдож байна. Монгол улсын хэмжээнд бүрэн утгаараа хэрэгжиж амжаагүй л байгаа юм шиг санагддаг. Хэрэв хэрэглэгч үйлчлүүлсэн газраасаа, худалдан авалт хийсэн бүх газраасаа 100 хувь баримтаа авч чаддаг болсон тэр үед нийт НӨАТ-ын буцаан олголтын мөнгөн дүн 2019 оны байдлаар 400 орчим тэрбум төгрөг хэрэглэгчдэд очих байсан гэсэн тооцоо гаргаад байна. Тэгэхээр хүн бүр авах ёстой буцаан олголтоо 50 хувьтай л авч чадаж байна гэсэн үг.
– Та яагаад төслөө Бүтээлч Баримт гэж нэрлэх болсон бэ?
– Бид энэ төслөө Бүтээлч Баримт гэж нэрлэсэн нь та баримтаа тоомжиргүй хаяж байхаар бүтээн байгуулалтын ажилд хандивлаач. Бүтээн байгуулалтаар сүндэрлэх байшин бүрийн нэг тоосгыг босголцож өгөөчээ гэж байгаа юм.
– Бүтээлч Баримт төслийн тань шийдэл болон хэрэгжүүлэх арга зам юу вэ?
– Та Бүтээлч Баримтаа дараах хоёр хэлбэрээр хандивлаж болно. Цахимаар буюу и-баримтын вэбсайт болон аппликэйшнээр дамжуулан хандивлаж болно. Мөн кассан дээр худалдагч танаас хувь хүнээр үү, албан байгууллагаар баримтаа авах уу гэж асуудаг шүү дээ. Үүн дээр нэмээд та Бүтээлч Баримтад хандивлах уу гэж нэмэлтээр асуудаг болно.
– Тэгвэл Бүтээлч Баримт төсөлд хандивлах нь бүр ч хялбар болох нь байна. Гэхдээ аппликэйшн болон ухаалаг гар утас ашиглах боломжгүй хүмүүс олон шүү дээ. Тэд хэрхэн хандивлах вэ?
– Бид мөн Бүтээлч Баримтын хайрцагийг олон нийтийн газар байршуулна гэж тооцож байгаа. Тэдгээр хүмүүс маань тухайн хайрцагт и-баримтаа хандивлах боломжтой.
– Бүтээлч Баримт төслийн давуу талыг хуваалцана уу?
– Бүтээлч Баримт төслийн хамгийн гол давуу талуудын нэг бол НӨАТ-ын систем нэвтэрсэн 160 гаруй улсуудад Монгол улсыг сурталчилсан томоохон ажил болно гэж бодож байна.
– Харин бүтээн байгуулалтын тухайд дэлгэрүүлвэл?
– Иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн бодит бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Ямар асуудал тулгамдаж, ямар бүтээн байгуулалт хийхийг та шийднэ. НӨАТ-ын буцаан олголтын мөнгө бол улсынх биш. Иргэн таны гар дээр очих мөнгө шүү дээ. Та өөрийн хандивласан мөнгөө юунд зарцуулахаа та өөрөө шийднэ. Жишээлбэл Бүтээлч Баримт хэрэгжсэнээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогоор түүхий эдийн гаалийн татвараас чөлөөлөх боломжтой гэж харж байгаа.
Зөвхөн бүтэээн байгуулалтаар зогсохгүй хандив цуглуулах ажил өрнүүлж болно. Сая фэйсбүүкээр #pray4dulguun гээд шигшээ багийн тамирчин залууд туслах аян өрнөсөн шүү дээ. Хүн бүр л дээрх хаштаг-ийг ашиглаж пост, сэтгэгдэл бичиж сошиалын олон мянган хэрэглэгч давалгаалсан. Гэвч пост, сэтгэгдэл бичсэнээрээ мөнгө цуглуулж өгч байгаа хэрэг биш түүнд туслах боломжтой дэлхийн хаа нэгтэй байгаа ААН, хувь хүний анхаарлыг л татах арга шүү дээ. Харин бид Бүтээлч Баримт төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал и-баримтын аппликэйшн дээр түр цэс нээж баримтаа хандивлах аян өрнүүлж болно. Ийм аян өрнөвөл та баримтаа уншуулахгүй шууд хаяж чадах уу?
– Хэрвээ ийм аян өрнөвөл би бага гэхгүй шууд хандивлах юм байна аа. Бүр ч идэвхитэй и-баримтаа бүртгүүлдэг болох юм байна. Ямарваа нэгэн ажил эхлэхэд хардлага төрдөг. Энэ ажлыг хийснээр хэн илүү хожих гээд байна. Үүний ард хэн байна гэж?
– Бид бол маркетингийн үйлчилгээ үзүүлдэг компани. Албан байгууллагатай хамтран ажиллаж тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан таниулах ажлыг гүйцэтгэж өгдөг. Маркетингийн менежер хүний гол ажил шүү дээ. Гэхдээ маркетер хүн илүү чөлөөтэй, хайрцагнаас гарч сэтгэж байх хэрэгтэй байдаг. Өдөр бүр суралцаж, шинийг эрэлхийлж, санаа уралдуулж, өөрийгөө сорьж байх ёстой гэж би үздэг. Улс эх орныхоо төлөө юу хийж болох вэ, дэлхийд таниулсан ямар ажил хийж болох вэ гэсэн далд байдаг том хүслээ биелүүлэхийг зорьж энэ төслийг санаачилсан юм.
Төслийнхөө тухай ярилцаж мэдээлэл өгсөн танд баярлалаа. Маркетенгийн менежер хүн зөвхөн нэг байгууллагын бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөхөд анхаардаг гэж бодож байсан минь эндүүрэл байж. Хэрвээ бүгд улс эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэдгээ ингэж харуулж чадвал хөгжил ойрхон харагдаж байна.
Бид бүх ажлаа бас засгийн газарт даалгаад зүгээр муулаад суух биш салбар салбарын мэргэжлийн байгууллагууд нь ч гэсэн ямар нэгэн санаа олж хардаг баймаар байна. Түүнийгээ төсөл болгоод засгийн газарт танилцуулаад үнэхээр хэрэгтэй чухал санаа байвал засгийн газар нь авч хэрэгжүүлдэг тогтолцоотой болчихвол их хэрэгтэй байх. Санаа бол хаана ч илүүдэхгүй, санаагаа уралдуулж байж л ажил урагшилдаг шүү дээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.