Эдийн засаг
Үнийг БИД биш ТЭД үнэ тогтооно

Уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортоос хараат манай эдийн засагт дэлхийн зах зээлийн үнэ тун чухал. Тэгвэл энэ оны эхний хагасын байдлаар өмнөд хөршийн өсөлтийн төлөв сайжрахааргүй байгаагийн сацуу хоёр том гүрний толхилцоон дорвитой шийдлийг олохгүй байгаа нь түүхий эдийн ханш буурахад нөлөөллөө. Манай улсын экспортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн үнийн мэдээллийг хүргэе.
Хятадын нүүрсний илүүдэл үнэ уруудуулж байна
Хар алт гэх ойлголт бидний хувьд бол нүүрсэнд илүүтэй зохих билээ. Дэлхийд ихэрхэх нөөц бүхий орд бидэнд бий. Гэхдээ эдийн засгийн үр ашгийг эв зүйг нь олж бодитоор хүртэхийн тулд төрийн саруул бодлого чухал. Өчигдөр, өнөөдрийн тухайд бид жилдээ хэдэн сая тонныг урд хөрш рүүгээ зөөгөөд, төсөвтөө хэдэн төгрөг оруулж ирэхэд л анхаарч байна. Бидэнд өрсөлдөгчид бий. Хойд хөрш Оросын өрсөлдөх чадвар улам бүр тодорч буй энэ цаг үед бодлогын ач холбогдол улам бүр нэмэгдэж буй билээ. Тэгвэл эхэнд хэлсэнчлэн дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханшид ямар асуудал байгааг шинжээчдийн байр суурьт тулгуурлан харъя.
Хүрэн нүүрсний ханш тавдугаар сард дунджаар 70 ам.доллар болсон нь буурсан үзүүлэлт. Хоёрдугаар сард дунджаар 81 ам.доллар байсныг санах хэрэгтэй. Хятадын Засгийн газрын нүүрсний олборлолт, импортод тавих хяналт 2019 онд үргэлжлэх төлөвтэй байгаа нь хүрэн нүүрсний эрэлт, үнийг бууруулах нөлөөтэй хэвээр байна. Хятадын нүүрсний үйлдвэрлэл энэ онд 3.3 хувиар нэмэгдэж 465 сая тонн, эрэлт 523 сая тонн, импорт 61 сая тоннд хүрэх нөлөөгөөр нүүрсний зах зээл бага зэрэг илүүдэлтэй байх төлөвтэй байна. Нүүрсний зах зээл дээрх илүүдэл нийлүүлэлт Хятадын голлох боомтуудын агуулахууд дахь нөөц тавдугаар сарын эцэст 16 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 15 хувиар нэмэгдсэн нь үнэ буурахад нөлөөлөв. Хөгжиж буй орнуудын өсөлт саарч, Австралийн голлох уурхайнуудын өргөтгөлийн ажил эцэслэгдсэнээр нүүрсний олборлолт энэ онд дунджаар жилийн хоёр хувиар нэмэгдэж 250 сая тонноос 254 сая тоннд хүрэхээр байгаа. Энэ нь үнэ цаашид төдийлөн өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа тул Блүүмберг, ОУВС-гийн шинжээчид 2019 оны үнийн төсөөллөө бууруулж 80 ам.долларт хүргэлээ.
Зэсийн эрэлт Хятадын өсөлт, олон улсын геополитикоос хамаарна
Манай төсөвт орлого дагуулдаг улаан метал буюу зэсийн ханш ямар байгааг тодотгоё. Тонн зэсийн үнэ хоёрдугаар сард дунджаар 6300 ам.доллар байсан бол тавдугаар сард дунджаар 6039 ам.долларт хүрч буурав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын тавдугаар сард товлосон уулзалт бүтэлгүйтсэн гэсэн мэдэгдэл гарснаар худалдааны зөрчилдөөн өмнөх төсөөллөөс илүү хурцадмал болж, зөвшилцөлд хүрэх хугацаа тодорхойгүй хойшлогдсон нь үүнд голлон нөлөөлөв. Цаашид зэсийн эрэлт Хятадын өсөлт, макро бодлого, олон улсын геополитикоос ихээхэн хамаарна. Зэсийн гол хэрэглэгч болох Хятадын аж үйлдвэрийн салбарын идэвхжил 2019 онд саарч байгаа нь үнэ төдийлөн өсөхгүй гэж үзэх нэг үндэслэл болж байна. Худалдааны зөвшилцөл эерэг үр дүнд хүрч чадахгүй тохиолдолд цаашдын өсөлтийн төлөв төсөөллөөс удааширч болзошгүй байна. Үүнээс үүдэн шинжээчид 2019 оны зэсийн дундаж үнийн төсөөллийг 6017 ам.доллар болно гэж таамаглаж байна. Дэлхийн цэвэр зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ 2018 оны 21.5 сая тонноос 2020 онд 23.5 сая тонн хүрч нэмэгдэхээр байгаа нь дунд хугацаанд үнэ буурах хүлээлт бий болоход нөлөөлж байна.
Эрсдэлийн өмнө тулах цэг болох алтны ханш өсөв
Нэг унц алтны үнэ хоёрдугаар сард дунджаар 1313 байсан. Гэвч мөнөөх л худалдааны маргаан 3-5 саруудад түр зөөлөрсөн, хэлэлцээргүй Брекситийн эрсдэл зургаан сараар хойшилсон зэрэг эрсдэл буурсны нөлөөгөөр үнэ буурсаар тавдугаар сарын дунджаар 1279 ам.доллар болж буурав. Харин худалдааны маргаан тавдугаар сарын дундаас ширүүссэн, цаашид Холбооны нөөцийн банкны хүү өсөх хүлээлт буурсан, алтны гоёл чимэглэлийн эрэлт 2019-2020 онд өсөхөөр байгаа, олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан зэрэгтэй холбоотой аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны эрэлт нэмэгдэж, үнэ өсч эхлээд байна. Тухайлбал, зургаадугаар сарын сүүлээр 1400 ам.доллар даваад байна. Шинжээчид 2019 оны алтны үнийн төсөөллийг тавдугаар сарын сүүлд нэмэгдүүлж 1317 ам.долларт хүргээд байна. Мөн Ирантай холбоотой геополитикийн асуудлууд, эрсдэл нэмэгдэж байгаа нь алтны үнэ өсөх нэг хүчин зүйл болж байг

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.