Нийгэм
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор боллоо
Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд салбарын сайд болон төгсөгчийн хувиар уригдан оролцож буй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор цолоор шагнагдлаа. Тэрээр 1986-1992 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн факультетэд суралцаж байсан бөгөөд өдгөө тус сургууль нь Эрхүүгийн улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болжээ. Тиймээс тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр түүний боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өндрөөр өргөж явааг үнэлэн Хүндэт профессор цол олгохоор шийдвэрлэжээ.
Эрхүү хотын Амбан захирагч Д.В.Бердников Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай уулзах үеэрээ Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд хотын Амбан захирагчийн хувиар талархаж буйгаа илэрхийлээд “Эрхүү-Монголын харилцаа 1926 онд анхны 26 монгол оюутан Эрхүүд суралцахаар ирсэн цагаас эхэлсэн. Энд сурч төгссөн монгол оюутнуудын дундаас Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, академич Б.Ширэндэв, Ерөнхий сайд асан П.Жасрай тэргүүтэй Монголын үе үеийн сэхээтнүүд төрөн гарсанд бид бахархаж явдаг” гээд цаашид энэ харилцаагаа үргэлжлүүлэн тэлэх сонирхолтой байгаагаа мөн илэрхийлсэн юм.
Эрхүүгийн улсын их сургуулийн ректор И.В.Бычков Ц.Цогзолмаа сайдад Хүндэт профессор цол олгох үеэрээ “Манай сургууль, манай хотод сурч төгссөн олон монгол оюутнуудаар бид бахархаж явдаг. Тэр бахархлын нэг нь өдгөө Монгол Улсын дөрвөн том салбарыг хариуцан ажиллаж буй, манай сургуулийн Түүхийн факультетийн төгсөгч Ц.Цогзалмаа гэж бид үзсэн учраас энэхүү Хүндэт профессор цолоор бахархалтайгаар шагнаж байна. Таныг өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Цаашдын ажилд чинь улам их амжилт хүсье” гээд Ц.Цогзолмаа сайдад оюутны сурлагын дүнгийн дэвтрийг мөн дурсгал болгон өгсөн.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа түүнд ийм нэр хүндтэй шагнал олгож буйд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэн “Энэхүү нэр хүндтэй цол зөвхөн намайг үнэлсэн цол биш Эрхүүд сургууль төгссөн, улс эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа үе үеийн монгол оюутнуудад олгож буй шагнал, хүндэтгэл юм. Бидэнд эхийн сэтгэлээр хандаж байсан багш нар, элэгсэг дотно хүлээн авсан Эрхүү хот, Оросын ард түмэнд бид чин сэтгэлээсээ талархах ёстой. Маш их баярлалаа” гэсэн юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.