Эдийн засаг
Монголын нүүрсний экспорт Австралиас давж магадгүй байна

-Монгол Улсаас коксжих нүүрс худалдаж авах хэрэгцээ их байна. Гэхдээ удаан үргэлжлэхгүй байх-
Хятадын Нүүрс тээвэр худалдааны ассоциацийн дэд ерөнхийлөгч Ли Жунминтай ярилцлаа.
-Монгол Улс Өмнөд хөрш рүүгээ жилд 30 гаруй сая тонн нүүрсийг экспортолж байна. Хэрвээ төмөр зам барьчихвал хэчнээн тонныг гаргах боломжтой гэж та харж байгаа вэ?
-Монгол Улсад Хятад руу экспортлох нүүрсний орон зай маш их байгаа.
Бидний тооцоолж байгаагаар өнгөрсөн жил Монгол Улс 36 сая тонн нүүрсийг гаргасан. Харин энэ жилийн байдлаар Хятад руу 20 сая тонноос ихийг гаргасан байна. Энэ жилийн экспортын хэмжээ өнгөрсөн жилийнхээс давна гэж бид үзэж байгаа. Монгол Улсын тээвэр тасралтгүй хөгжиж байгаагийн хэрээр нүүрс экспортын орон зай улам нэмэгдэнэ гэж үзэж байна.
Экспортлох хэмжээ хэд байх нь Монгол Улсын нүүрсний үнээс шалтгаална.
-Монгол Улс харьцангуй хямд үнээр танай улс руу нүүрсээ гаргадаг шүү дээ?
-Тийм ээ, нэг талдаа үнэ бага байна. Нөгөө талдаа нүүрсний чанараас шалтгаална. Нэн ялангуяа бага тоосонцортой коксжих нүүрс давуу тал болно. Ийм нүүрсийг манай улс авах хүсэлтэй байгаа.
-Хятадын зарим бүсүүдэд коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгааг танай мэргэжилтэн илтгэлдээ дурдаж байсан. Тэдгээр бүс нутгуудад манай нүүрс экспортлогчид хүрэхийн тулд ямар алхам хийх ёстой вэ?
-Монголын уурхайгаас манай хил дээр очих тээврийн зам ялангуяа төмөр зам огт хөгжөөгүй. Үүнээс бүх зүйл шалтгаалж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын Хятад руу экспортолж байгаа коксжих нүүрс авто тээврээр тээвэрлэгдэж байгаа шүү дээ.
Авто тээврийн өртөг нь маш өндөр.
Хоёрдугаарт, алсыг харахад Монгол Улсын нүүрсний авто замын тээвэрлэлт байгаль орчныг асар ихээр бохирдуулж байна. Ингэснээр боомтын ачааллыг нэмэгдүүлж байгаа шүү дээ. Энэ экспортын үр дүнд сөргөөр нөлөөлж байна.
-Монгол Улс 2022 он гэхэд нүүрс экспортлох төмөр замаа тодорхой хэмжээнд шийдэхээр болсон. Одооноос зарим төсөл нь хэрэгжиж эхэлж байгаа. Төмөр зам баригдаад нүүрсээ экспортоллоо гэхэд үр дүн нь мэдээж эерэг гарна. Гэхдээ төмөр зам барьснаар асуудал шийдэгдэхгүй гэдгийг манай хувийн хэвшлийнхэн хэлж байна л даа. Тэгэхээр монголчуудад төмөр замаа барихаас гадна анхаарах ямар зүйлүүд байна гэж та харж байгаа вэ?
-Бидний үзэж байгаагаар өнөөдөр Монгол Улсаас коксжих нүүрс худалдаж авах шаардлага их байна. Гэвч энэ нь хэр удаан үргэлжлэхийг бид мэдэхгүй. Яагаад гэхээр төмөрлөгийн үйлдвэрлэл манай оронд дээд цэгтээ хүрсэн.
Ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ тийм ч их биш байх болно. Тиймээс өнөөдөр нүүрсний чанар тогтвортой байх хэрэгтэй. Монголчууд нүүрсний өртгөө тогтвортой барьж байх хэрэгтэй.
Хятадын нийгэм социалист зах зээлийн зарчмаар явж байгаа шүү дээ. Тиймээс бүтээгдэхүүн чанар болоод үнээс шалтгаална. Хятадад сайн чанарын коксжих нүүрсний зах зээл дутмаг байгаа. Монголын коксжих нүүрсний чанар сайн байвал орон зай их гэж бид үзэж байна. Ирээдүйд хэрэгцээ нь саарах магадлалтай ч өнөөдөр коксжих нүүрсний хэрэгцээ их байна.
-Өнгөрсөн жил танай судлаач эмэгтэй Хятадын “Цэнхэр тэнгэр хамгаалах” бодлого хэрэгжиж байгаа гэж дуулгаж байсан. Тэр бодлоготой холбогдож байгаа юу?
-Бага зэрэг холбоотой. Яагаад гэвэл Хятад Улс өнөөдөр байгаль орчныг хамгаалах тал дээр маш их ач холбогдол өгч байгаа.
Ши Жиньпин дарга энэ асуудлыг дэвшүүлж тавихдаа таван том хөгжлийн зарчмыг тодорхойлсон. Үүний нэг нь бол экологи хамгаалах бодлого юм. Хятадын өнөөгийн хөгжил бол хүрээлэн байгаа орчноос салж чадахгүй. Ийм учраас бид гадаадаас импортоор авч байгаа нүүрсэнд нэн түрүүнд дээд зэргийн чанартай байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа юм.
-Монголын нүүрс хэр чанартайд тооцогдож байгаа вэ?
-Монголын коксжих нүүрсний чанар нэлээд сайн гэж үзэж байгаа. Ийм учраас дунд зэргийн чанарын нүүрсийг хязгаарлаж байна.
-ОХУ 2022 он гэхэд нүүрс экспортоор тэргүүлэгч болно гэдэг зорилтыг тавиад байгаа. Тиймээс хурдацтай өрсөлдөхгүй бол гүйцэгдэж магадгүй гэдгийг манай нүүрсний салбарынхан ярьж байна. Ер нь бидэнд ОХУ-ыг хойноо орхиж, Австралийн өмнө гишгэх боломж байгаа болов уу?
-Боломж байгаа. Аль алиных нь давуу талыг үзэх хэрэгтэй. Монгол Улс Хятадтай маш ойрхон хилээр холбогдсон. Энэ бол маш том давуу тал. ОХУ бодит байдал дээр манай улсаас хол оршдог шүүдээ. Тиймээс монголчууд энэ давуу талаа маш сайн ашиглах хэрэгтэй.
-Ер нь Хятадын далайн боомт руу зүтгэхээс гадна ойрхон боомтуудад харилцаа холбоогоо тогтоох хэрэгтэй гэдэг асуудлыг манай нүүрсний салбарынхан ярьж байна?
-“Ганц мод”, “Гашуун сухайт” зэрэг тогтвортой хэд хэдэн боомт байна. Энэ хоёр боомт Монголоос импортлох нүүрсний 80 хувийг эзэлчихээд байна. Монголчууд Хятадын далайн боомтод гарч болно. Тийшээ очих хэмжээ нь бага. Монголын нүүрс Хятадаар дамжуулж цаашаа гарахгүй. Хятадын гангийн үйлдвэрүүдэд борлуулагддаг.
-Танай коксжих нүүрсний жилийн хэрэглээ хэдэн сая тонн байдаг вэ?
-Энэ бол маш их.
-Манайхаас хэдий хэр хэмжээг авах боломжтой вэ. Дээд хязгаар нь?
-Манай коксжих нүүрсний хэрэгцээ 600 сая тонноос их. Монголоос хэдийг авах боломжтой вэ гэдгийг хэлэхэд боломжгүй л дээ. Олон талаас бид нүүрс импортолж байгаа шүү дээ. Австрали, ОХУ, Индонезээс авдаг. Гэхдээ энэ жил Монголоос авах нүүрс Австралиас давж магадгүй байна.
-Яагаад?
-Монголоос Хятад руу экспортлох нүүрсний хурдац нэмэгдэж байна. Австралиас Хятад руу далайн замаар тээвэрлэхэд тээврийн үнэ бага байдаг. Энэ нь давуу тал болдог. Гэхдээ манайхаас хол шүү дээ.
-Хэрвээ бид төмөр замаа тавиад танайх рүү жилд 60 сая тонноос их нүүрс гаргалаа гэж бодъё л доо. Тэгвэл танайх ямар нэгэн хязгаар тавих уу. Манай экспорт нэмэгдэхээр танайхаас бага зэрэг хяз-гаар тогтоодог үе байдаг шүү дээ?
-Ойрын хэдэн жил ийм хязгаар байхгүй байх гэж би бодож байна. Нэг ёсондоо бодлогын хувьд ямар нэгэн хязгаар тогтоохгүй. Ямар нүүрсийг хязгаарлаж байна вэ гэхээр доод, дунд, муу чанарын нүүрсийг хязгаарлана. Өрсөлдөөнөөс шалгарсан нүүрсийг л бид авна.
-Хятадын нүүрсний зах зээлийн талаар сонирхуулж яриач?
-Товчхон хэлэхэд, ойрын хэдэн жил Хятадад бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Манай улсын эдийн засаг өндөр хурдацтай өсөлтөөс чанарыг чухалчилж хөгжиж байна. Эдийн засгийн хэмжээ маш их байгаа.
Гэхдээ хурдыг бид аажим сааруулж байна. Тиймээс өнгөрсөн хоёр жилд нүүрсний салбар, ган төмрийн салбарт нэлээд илүүдэл гарсан. Иймээс бид үйлдвэрлэлээ сааруулж байгаа юм. Гэвч коксжих нүүрсний хувьд дутагдалтай байгаа нь үнэн. Харин эрчим хүчний нүүрс илүүдэлтэй байгаа. Ийм үед коксжих нүүрсний үнэ өндөр байна.
-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн болж байна. Энэ нь нүүрсний салбарт хэрхэн нөлөөлөх бол?
-Бага зэргийн нөлөө байна. Бид яагаад хурдаа сааруулж байна вэ гэвэл эдийн засгийн дайнтай холбоотой. Яагаад гэвэл Хятадын нээлттэй хаалганы бодлого эрчимтэй явж байгаа.
Худалдааны дайн эхэлснээр бидний экспортод нөлөөлсөн. Энэ бол манай дотоодын асуудал. Гэхдээ бидэнд ашигтай нэг тал байгаа. Манай улсаас АНУ руу экспортолж байгаа бүтээгдэхүүн тэдэнд нэн түрүүнд шаардлагатай. АНУ татвараа нэмсэн ч эцсийн хэрэглэгч нь ард түмэн нь шүү дээ. Тиймээс жаахан нөлөө байгаа ч манай эдийн засагт асуудал үүсгэхгүй.
Энэ бүтээгдэхүүнээ дотооддоо худалдах орон зай бидэнд бий. Тиймээс орон зайгаа нөхөх бодлого явуулж байгаа юм. Иргэдийнхээ орон сууц, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийг сайжруулах, өндөр хурдны зам, төмөр зам барихад эдийн засгийнхаа үр ашгийг зориулж байна. Ингэснээр харин ч манай улсын эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болж байгаа юм.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.