Эдийн засаг
Азийн хөгжлийн банкны 103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн гэрээг баталлаа

Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн засварлах, дүүргийн жишиг эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх зорилго бүхий нийт 103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гэрээнд гарын үсэг зурав.
Түүнчлэн гарын үсэг зурах ёслолд Сангийн яам, Эрүүл мэндийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчид оролцлоо.
“Далайд гарцгүй орны хувьд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нилээдгүй хувийг гадаад худалдааны орлого бүрдүүлдэг. Худалдаа эрхлэх ажиллагааг илүү ил тод, хялбар болгож, дэд бүтцийг өргөжүүлэх нь Монгол улсын худалдаа болон тээврийн салбарын хөгжилд нэн чухал” хэмээн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “Нийгмийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох нь АХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. Эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлснээр иргэдийн эрүүл мэндийг сайжруулах боломж бүрдэх юм” хэмээн тэмдэглэв.
Одоо хэрэгжиж буй Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн үргэлжлэл болгон олгож буй 27 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Бичигт, Увс аймаг дахь Боршоо боомтуудыг шинэчлэн сайжруулах юм.
Одоо хэрэгжиж буй төслөөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг болон Сүхбаатар боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж байна.
Мөн түүнчлэн одоо хэрэгжиж буй төслийн хүрээнд хийгдэж буй Гаалийн Автоматжуулсан Мэдээллийн Системийн өргөтгөл, гадаад худалдааны цахим нэг цонхны системийг шинээр сонгогдсон хоёр боомтод нэвтрүүлнэ.
Мөн авто замд гүйцэж түрүүлэх эгнээ байгуулах, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбаруудыг байршуулах зэргээр авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна. Түүнчлэн, удахгүй байгуулагдах Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор хүрэх авто замын урьдчилсан судалгааг төслийн хүрээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажлыг гүйцэтгэж дуусгахад 16 сая ам.долларын нэмэлт санхүүжилт зориулагдана. Энэхүү дүүргийн эмнэлэг нь эрүүл мэндийн цогц, чанартай үйлчилгээг дүүргийн иргэдэд үзүүлэхээс гадна бусад дүүргүүдэд жишиг эмнэлэг болж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн барилгын ажил төлөвлөгөөны дагуу ирэх оны 1 дүгээр улиралд дуусна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна.
2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
С.Анир

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.