Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах зорилгоор
- 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15,
- 2018 онд 12,
- 2019 оны нэгдүгээр сарын 16-наас 10 хувь болгон бууруулсан.
Бага хүүтэй зээлийг зөвхөн 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авч буй ахмадуудад олгож байв. Иймд тэтгэвэр авагчдаас урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг удаа дараа гаргажээ.
Энэ сарын 1-нээс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан, урт хугацаатай зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулсан. 2020 оны нэгдүгээр сараас хүүг дахин 2.6 пунктээр бууруулж, 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцжээ. Ингэснээр 417 мянган тэтгэвэр авагч хамрагдах боломжтой. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ.
Мөн ахмад настны нийгмийн баталгааг хангаж, амьжиргааны тогтмол орлоготой байлгах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг 24 сар болгон, тэтгэврийн 70 хувийг зээл, түүний хүүнд төлж, 30 хувийг өөрт нь олгох болсон.
Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт 284 761 тэтгэвэр авагч 280 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэй авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн.
Жишээ нь, 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн 24 сарын хугацаагаар зээл авахад
- 15.6 хувийн хүүтэй үед 194.3 мянган төгрөгийн,
- 13 хувийн хүүтэй үед 387.4 мянган төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх тооцоо гарна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.