Энтертайнмент
Ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дулаахан намар” тоглолт энэ сарын 11-нд болно
Ая зохиогч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Буяндэлгэрийн Пүрэвсүрэнгийн “Дулаахан намар” тоглолт энэ сарын 11-ний 19:00 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд болохоор товлогджээ.
Энэ нь түүний уран бүтээлийн долоо тоглолт бөгөөд “Сэтгэлээс минь урссан аялгуу Сэтгэлд тань эгшиглээсэй” хэмээх уриа, бэлгэдлээр сонсогч олондоо эгшгэн хадгаа өргөн барих гэж байна.
“Дулаахан намар” тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Эрдэнэцэцэг, Л.Болдбаатар болон соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Батболд, А.Мөнхбат, Л.Банзрагч, П.Жимсээ, Э.Чинбаяр, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг зэрэг олон түмний хүндлэлийг хүлээсэн уран бүтээлчид оролцоно.
Тасалбарыг 99883031, 98003031 утсаар болон ticket.mn сайтаар захиалах боломжтой.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.