Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн орон зайг нөхөх өөр хэрэгсэл хэрэгтэй
Тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх тухай асуудал нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан ч шийдэгдэх шатандаа орлоо. Тэтгэврийн зээлтэй ахмадууд зээлээ тэглүүлэх нь гэж баярлах зуур дахин тэтгэврийн зээл олгохгүй тухай шийдвэрийг төдийлөн анзаарсангүй.
Олон улсын хэмжээнд тэтгэвэр нь нийгмийн халамж бөгөөд, үүнийг барьцаалж зээл олгох ёсгүй гэж үздэг. Дотоодын зарим банк ч үүнтэй санал нийлдэг тул тэтгэврийн зээл олгохгүй байх бодлого баримталсаар ирсэн. Харин энэ шийдвэрийг одоо гаргаж байгаа нь цаг хугацааны хувьд хэр оновчтой тухай бид ахмадуудаас тодрууллаа.
Энэ талаар ахмадууд ялгаатай байр суурьтай байх бөгөөд ахмадуудын тэтгэврийн зээл юунд зарцуулагдаж байгааг судалж, тухайн орон зайг нөхөх өөр хэрэгсэл санал болгох хэрэгтэй гэдэг нь анзаарагдаж байв.
Д.Долгорсүрэн /Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн/: АМЬДРАЛЫН БОЛОМЖГҮЙ ХҮМҮҮС Л ЗЭЭЛ АВДАГ
-Эгч нь тэтгэврийн зээл байнга аваад байдаггүй. Саяхан гадаад явж, хүүхдүүдтэйгээ уулзахын тулд тэтгэврийн зээл авсан юм. Тэтгэврийн зээл өгөх нь зөв гэж бодож байна. Над шиг хэрэгцээтэй үедээ зээл авдаг хүмүүс олон байгаа. Амьдралын боломжгүй хүмүүс л зээл авдаг. Түүнээс биш бололцоотой хүн тэр бүр зээл авахгүй шүү дээ.
А.Чанцал /Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн/: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ ГЭХИЙН ОРОНД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
-Ахмадууд өөрсдөдөө зориулж тэтгэврийн зээл авч чадаж байвал хэрэггүй зүйл биш гэж боддог. Гэтэл хүүхдүүд нь тэтгэврийг нь авч идчихээд аав, ээждээ юу ч өгдөггүй. Тэтгэврийн зээл олгохгүй гэхийн оронд үүнд зохицуулалт хийх хэрэгтэй. Тэтгэврээ барьцаалж зээл авч байгаа хүмүүсийн дийлэнх нь сургалтын төлбөр, байр болон машины зээлд зориулж байна.
Л.Эрдэнэбат /Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн/: ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ АВЧ ЦАГААН САР ХИЙДЭГ
-Тэтгэврийн зээлийг олгохгүй байж боломгүй санагдаж байна. Ядаж 23 сараар өгөх хэрэгтэй. Цагаан сарыг тэтгэврийн зээл авч хийдэг нь нууц биш. Ихэнх ахмадууд цагаан сарын баярын өмнө зээл авдаг. Ямар ч орлогогүй хүнд өөр арга байхгүй биз дээ. Цагаан сараар гар цайлгах бэлэгтэй, хоол ундтай баймаар байна.
Ц.Пүрэвдорж /Сонгинохайрхан дүүргйн наймдугаар хоооны иргэн/: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ХЭМЖЭЭ ЗААХ ХЭРЭГТЭЙ
-Тэтгэврийн зээл олгохгүй байх нь буруу гэж бодож байна. Тэглээ гээд 510 саяар нь зээл авахыг нь зөвшөөрөх ёсгүй. Тодорхой хэмжээтэй байх хэрэгтэй. Миний хувьд хүүхдүүддээ зориулж тэтгэврийн зээл авч байсан. Түүнээс биш ахмадуудад мөнгө тийм ч их хэрэг болдоггүй. Тэтгэврийн зээлийг тэглэх нь их хэмжээний зээл авдаг ахмадуудыг улам даврааж байна. Эдгээр хүн дахин өндөр үнийн дүнтэй зээл авахыг үгүйсгэх аргагүй.
С.Пүрэвсүрэн /Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн/: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ХҮМҮҮСИЙГ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛГОДОГ
-Тэтгэврийн мөнгө бага учраас хүмүүс зээл авахаас өөр аргагүй болдог. Гэхдээ би зээл авч байгаагүй. Тэтгэврийн зээл өгөх нь буруу. Энэ нь хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоод байна гэж боддог. Хүүхдүүдээ өр зээлтэй үлдээгээд яах вэ гэж бодоод сард авдаг 300 мянган төгрөгөөрөө болгоод л явж байна. Тэтгэврийн мөнгө хүрэлцдэггүй учраас би хажуугаар нь давхар ажил хийдэг.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.