Нийгэм
Д.Сумъяабазар: АИ-92 дээр хэджинг хийнэ. Одоогийн үнэ цаашид өсөхгүй
“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг өнөөдөр УУХҮЯ-наас зохион байгууллаа.
Монгол Улсын төсвийн орлогод 2019 онд уул уурхайн салбараас татвар, хураамж хэлбэрээр 2.9 их наяд төгрөг бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 25.4 хувиар өссөн дүнтэй гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллийн эхэнд онцоллоо.
Салбарын үзүүлэлтүүд сүүлийн хоёр жилийн хугацаанд өссөн эерэг үзүүлэлттэй байгаа нь манай эдийн засагт эерэгээр нөлөөлж буйг мөн хэлэв. Мөн гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 13.8 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өссөн байна.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
– Хэджинг хийх санхүүжилтийг хэрхэн гаргах гэж байгаа вэ?
– Шатахууны үнэ ханшийг тогтвортой барих ёстой. Манай улс анх удаа шатахууны үнэ ханшийг тогтворжуулах, олон улсын санхүүгийн хэрэгсэл болох хэджинг хийх аргыг ашиглах гэж байна. Энэ бол зөв зүйтэй алхам. Шатахууны үнийг тогтвортой барихгүй бол ард түмний нуруун дээр бүх ачаа нь ирнэ.
Сингапурын BDO сантай хамтран шатахууны үнийг тогтворжуулах хэджингийн хэлцэл хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, АИ-92 дээр хэджинг хийх бөгөөд тус шатахууны одоогийн үнэ ханш цаашид өсөхгүй. Цаашид ч хэджинг хийнэ. Ер нь шатахууны үнийг өсгөхгүй байхаар Засгийн газраас зохицуулалт хийж байгаа.
Энэ санхүүгийн хэрэгслийг олон жил улс орнууд ашиглаад ирсэн юм. Хаанаас мөнгийг нь гаргаж, хэн босгох гэж байгаа юм гээд хардаад байх шаардлагагүй. Харин өмнөх сайдуудын үед яагаад хэджинг хийдэггүй байсан юм бэ гэдгийг би гайхаж байна. Мөн шатахуун хангамжийн асуудалд анхаарал тавин ажиллаж байна.
– Энэхүү гэрээг цаашид үргэлжлүүлэх үү?
– Цаашид үргэлжлүүлнэ. Мөн “Роснефть” компанийн дор охин компани байгуулах тогтоол сая засгийн газрын хуралдаанаас гарсан. Энэ онд ОХУ-ын “Роснефть” компаниас хэчнээн хэмжээтэй шатахуун худалдан авах, ямар үнээр худалдан авах зэрэг хоёр талын хамтарсан компани байгуулах талаар хэлэлцэхээр ажлын хэсэг ОХУ-ыг зорино.
– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO ажил ямар нөхцөл байдалтай явж байна вэ?
– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO бэлтгэл ажил маш сайн яваа. Гэхдээ бид IPO тай холбоотой илүү тодорхой асуудлуудыг ярьж болохгүй. Олон улсын хөрөнгийн биржээс бидэнд ирсэн зөвлөмжид зааснаар IPO-тай холбоотой мэдээллийг санаатай, санаандгүй гаргасан тохиолдолд биржийн үйл ажиллагаа хоёр сараар хойшлох, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай байгаа тул бид мэдээлэл өгч болохгүй. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг маш чухал.
– Энэ онд нүүрсний үнэ хэрхэх бол?
– 2020 оны дүр зургууд уналттай биш бөгөөд түвшингээ хадгалаад явна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.