Улс төр
Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа агсны мэндэлсний 127 жилийн ой тохиож байна

Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулагч, Монголын анхны эмэгтэй удирдагчдын нэг, Нэмэндэйн Янжмаа 1893 оны 2-р сарын 6-ны өдөр “Их хүрээ” /одоогийн Улаанбаатар хот/-д мэндэлжээ.
Н.Янжмаа нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 17 жил удирдсан, эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг юм. Тэрээр XX зууны эхэн үеийн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч байсан бөгөөд эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулан хөгжүүлж, бэхжүүлж, олон улсад таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
Н.Янжмаа нь 1924 онд Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг гэх Азид анхдагчдын нэг болсон эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулалцан эмэгтэйчүүдийг соёлжуулах бичиг үсэгтэй болгох, ахуйд соёл нэвтрүүлэх асар том ажил үүргийг манлайлж байжээ.
Түүнчлэн хань Д.Сүхбаатарын манлайлан оролцож байсан хувьсгалын их үйл хэрэгт ч гар бие оролцсон байдаг. Тухайлбал 1920 оны 3-р сард ЗОУ-аас тусламж гуйхаар явахад өөрсдийн орон гэрээ зарж, замын зардалд хандивлаж байжээ. Ингээд өвлийн хүйтэнд айлын пинд хорогдож байсан ч хувьсгалын үйл хэргээс ухарч байгаагүй гэдэг. Тэрээр нөхрийгөө насан эцэслэсний дараа ч эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн сэтгэлээр ажиллаж, улс төрийн хүрээнд хариуцлагатай албан тушаалуудыг хашиж явсан бөгөөд нийгмийн дэвшилтэт үзэл санааг бэхжүүлэхийн төлөө нэгэн амьдралаа зориулсан байдаг.
Тэрээр
- 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга
- 1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга,
- 1921-1924, 1940-1947 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, 1941-1947 онд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар
- 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар
- 1948 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч
- 1949 онд улсын Бага хурлын гишүүнээр
- 1948-1949 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэд даргаар,
- 1950 оноос эхлэн Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар
- 1951 оноос БНМАУ-ын Ардын Их Хурлын 1,2,3,4 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар
- 1953 онд Ардын Их Хурлын даргаар тус тус сонгогдон ажиллаж,
дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.
Нэмэндэйн Янжмаа нь эмэгтэйчүүдийн төлөө зүтгэсэн их зүтгэл, хөдөлмөрийнхөө хажуугаар МАН-ын Төв хорооны тэргүүлэгч, Намын Төв комиссын гишүүн, Үйлдвэрчний Ерөнхий хорооны орлогч дарга, Эд хэрэглэгчдийн хоршоо, Улсын хэвлэлийн хорооны дарга зэрэг сонгуульт болон хариуцлагатай ажлуудыг хашсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв. Түүний ийнхүү олон жил идэвх зүтгэлтэй ажилласныг үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр хоёр удаа, “Алтан гадас” одон, бусад медалиар шагнажээ. Мөн Зөвлөлт, Монголын ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж Зөвлөлт Засгийн газраас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

Улс төр
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.01/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Эдийн засгийн байнгын хороо | · Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсох
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
11.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | · “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
· Бусад |
14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Хараат бус шинжээч томилох тухай/
· Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.30 | “Их Эзэн Чингис хаан” |
Улс төр
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн барив.
Монгол Улсад 2000 онд Донорын тухай хууль баталж цусны донорын үйл ажиллагааг зохицуулж байсан учир дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийж, эрхтний донор, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар нэмж тусгажээ. Өдгөө дэлхий нийтэд үүдэл эсийг эд эс нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг олон шинэ арга технологи нэвтэрч эхэлсэн учир манай улсын эрүүл мэндийн салбар тэдгээр дэвшилтэд шинэ технологиудыг хөгжүүлэх шаардлагатай болсныг хууль санаачлагчид онцлов.
Дэлхийн 93 улс оронд эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталжээ.
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ. Түүнчлэн, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2025.03.27/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд төмөр замын бүтээн байгуулалтыг 2027 онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа, “Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байсан нь Замын-Үүд-Эрээний боомт юм. Өнөөдөр бид УИХ-аар хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсоор хэлэлцээр хийсэн хоёр дахь боомтыг 70 жилийн дараа батлах гэж байна. Энэ бол манай экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод боомт холбогдох юм. Монгол Улсын Засгийн газрын яам, БНХАУ -ын Хөгжил шинэтгэлийн хороотой Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр өнөөдөр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэсэн үг юм” хэмээн онцолж байлаа.
Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
-
Эдийн засаг17 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Нийгэм18 цаг өмнө
Хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байна
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбурхан өвчний 187 тохиолдол батлагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
-
Улс төр18 цаг өмнө
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна