Эдийн засаг
Зэсийн эрэлт буурах хэрээр “Оюу Толгой”-д сорилт тулгарна

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас Хятадын хэрэглээний зах зээл тодорхой хэмжээгээр хумигдав. Өнгөрсөн 2019 онд Хятадын ДНБ 6,1 хувиар өссөний 50 орчим хувийг хэрэглээний өсөлтөөр хангажээ.
Хятадын засгийн газрын шинжээчдийн таамаглаж буйгаар, шинэ төрлийн коронавирусийн тархалт хоёрдугаар сарын эхэн ба дунд үед оргилдоо хүрч, тус улсын ДНБ-ий өсөлт энэ оны эхний улиралд 1 хувиар саарах төлөвтэй байгаа аж. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт удаашрахаар байгаа нь газрын тосны үнэд шууд нөлөөлж буй юм. Энэ нь дэлхийн агаарын тээврийн компаниуд Хятад руу хийж буй нислэгээ эрс цөөрүүлж, улмаар зогсоож, онгоцны түлш, түүхий нефтийн эрэлт буурсантай шууд холбоотой.
Коронавирусийн улмаас энэ сард нийлүүлэх алтны үнэ 1582,2 доллар/унцид хүрсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр ханш юм. Алтыг дагаад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний үнэ унц нь 18,2 доллар болж, 0,5 хувиар нэмэгдсэн байна.
2020 он гарснаас хойш зэсийн үнэ огцом өсөж, 6314 доллар/тн-д хүрээд байсан бол коронавирусийн халдвар газар авч, хөл хорио тогтоосны дараа зэсийн үнэ 10 хоногийн турш тасралтгүй буурсаар, 5600 доллароос доошилжээ.
ОПЕК+ хэлэлцээрт багтдаг орнууд “олборлолтоо танах тохиролцоо”-гоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж магадгүй. Тус тохиролцоо энэ оны гуравдугаар сар хүртэл үйлчлэх ёстой байсан бол коронавирусийн тархалтаас шалтгаалан зургадугаар сар хүртэл сунгах бололтой.
Түүхий эдийн үнэ унаж, Хятадын томоохон мужуудад хөл хорио тогтоосон нь импорт багасахад нөлөөлж, улмаар худалдааны дайныг бүрэн зогсоох зорилготой Америк-Хятадын хоёр дахь шатны хэлэлцээ тасалдахад хүрч болзошгүй байна.
БНХАУ-ын хамгийн том гангийн үйлдвэрүүд байрладаг Таншань хотод нийтийн тээврийн хэрэгсэл, олон хүн цугласан үйлдвэрийн ажиллагааг зогсоожээ. Ялангуяа эрэлт гэнэт буурсантай холбоотойноор зэсийн үнэ Лондоны Металлын бирж дээр нэгдүгээр сарын 14-нөөс хойш 9.5 хувиар унасан байна. Энэ нь сүүлийн 34 жилд тохиогоогүй огцом уналт болжээ. Нөлөөлөл нь хоёрдугаар сарын борлуулалтад мэдрэгдэнэ гэж тооцсон байна.
Монгол Улсын экспортын орлогын 90 гаруй хувь БНХАУ-аас буюу зэс, нүүрсний борлуулалтаас хамааралтай.
“Capital Economics”-оос түүхий эдийн зах зээлийн гол хэрэглэгч БНХАУ-ын зэсийн эрэлт нөхцөл байдлаас хамаарч жилийн 500 мянган тонноор хумигдах төлөвтэй гэсэн тооцоо гаргажээ. БНХАУ-ын зэсийн эрэлт буурахын хэрээр баяжмалаа БНХАУ-д экспортолдог “Оюу Толгой” төсөлд сорилт тулгарна гэдгийг “Seeking Alpha”-ийн шинжээч мөн онцолжээ.
Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар гарахаас өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Монгол Улсын эдийн засгийн идэвхжил огцом суларсан байна. Аравдугаар сарын дундуур Монгол Улс олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-ийн “Саарал жагсаалт”-д орсон юм.
Мөн Монгол Улсын өрийн хэмжээ өндөр, ээлж дараатай бондын төлөлтүүд хүлээгдэж буйгаас гадна 2020 оны сонгууль, түүхий эдийн үнээс хэт хамаарч байгаа зэргийг “S&P” агентлаг гол эрсдэлээр нэрлэв.
Хятад улс манайхаас зэс, нүүрс импортолдог. Зарим шинжээдийн үзэж буйгаар, хэрэв Хятадын эдийн засаг саарч, эрэлт нь буурвал импорт нь дагаад буурна. Энэ нь нүүрсний үнэд сөргөөр нөлөөлж, манайд орж ирж буй валютын хэмжээ буурах эрсдэл дагуулна.
Зэсийн үнэ дэлхийн эдийн засгийн өсөлт, бууралттай шууд хамааралтай. Дэлхийд зэсийн эрэлт өсөж байгаа хэдий ч нийлүүлэлт мууджээ. 2020 он гараад зэсийн үнэ 6000 давж өссөн. Шинэ коронавирусийн дам нөлөөгөөр зэсийн үнэ буцаад унаж, 5570 доллар болсон байна. Дэлхийн эдийн засаг өсөхөд зэсийн үнэ дагаад өсдөг, өсөлтийн эрч нь буурахад зэсийн үнэ унадаг.
Монголын экспортын орлогын 40 хувь, төсвийн орлогын 15 орчим хувь нь зэсийн салбараас бүрддэг. Зэсийн үнэ унахаар төсвийн орлого, экспортын орлого дээр асуудал гарна, эдийн засгийн идэвхжил буурна. Түүнчлэн зэсийн салбар дахь хөрөнгө оруулалт татарч хайгуул, олборлолт зогсоно. Ингэснээр долларын ханш өснө. Үүнээс үүдэн хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, бензиний үнэ өсөх эрсдэл дагуулах юм. Банкууд дээр тодорхой хэмжээний эрсдэл үүсэх, чанаргүй зээл өсөх магадлал бий.
Дэлхий даяараа эдийн засаг саарах байх. Харин манай улсын хувьд эрсдэл улам нэмэгдэнэ. Зэс, нүүрсний үнэ унана. Экспортын орлого, валютын ханшаа барих боломж буурна гэж шинжээчид таамаглаж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм6 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм4 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент4 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ