Нийгэм
Сар шинийн худалдан авалт 2-3 дахин буурчээ

Улсын онцгой комиссын өчигдрийн /2020.02.10/ хуралдаанаар сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг уриалсан шийдвэр гаргалаа. Олон нийтийн сүлжээгээр иргэдийн дунд явуулсан санал асуулгаар ч гэсэн 87 хувь нь “Цагаан сар тэмдэглэхгүй байсан нь зүйтэй” хэмээн хариулсан байна. Хятад улсад сар шинийн баяр тэмдэглэсэн нь шинэ коронавирусийн халдвар идэвхжих нэг шалтгаан болсон хэмээн албаны хүмүүс үзэж байгаа аж. Манай улсаас коронавирусийн халдвараас сэрэмжлэн кино театр, тоглоомын төв, сургууль, цэцэрлэг, тэмцээн уралдаан, хурал цуглаан болохыг хориглосон. Харин зах, худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоогоогүй. Сар шинийн үзэсгэлэн худалдаа “UB palace”, “Мишээл экспо”, “Улсын их дэлгүүр” гээд худалдааны төвүүд, “Нарантуул”, “Хархорин” гэх мэт захуудад үргэлжилж байна. Улс орны хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас сэрэмжилж байгаа энэ үед 70 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байгаа “Дистрибьютор Монголиа-2020” үзэсгэлэн худалдааг зорилоо. “Мишээл экспо” олон улсын худалдааны төвд үндэсний үйлдвэрлэл, монгол гоёл, цагаан сарын бараа, хүнс гэх мэт чиглэлээр тав таван хоногоор худалдаа явагддаг. Өнгөрсөн жил 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байсан худалдаанд энэ жил оролцогч, худалдан авагч аль аль нь эрс багасчээ. Үзэсгэлэн худалдааны талаар “Мишээл экспо” компанийн маркетингийн менежерээс тодруулахад “Дистрибьютор Монголиа-2020” худалдаа энэ сарын 14-нд дуусна. Үүний дараа дахин үзэсгэлэн, худалдаа явагдах эсэхийг мэдэхгүй. Цаг үеийн байдлаас хамаарна. Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй учраас манайх үйл ажиллагаагаа явуулж байгаа. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гар ариутгах шингэн, мэдээллийн самбар зэргийг үзэсгэлэнгийн зааланд байрлуулсан. Тогтмол цэвэрлэгээ хийж, зааланд байгаа хүмүүст маск зүүхийг зөвлөж, шаардаж байна. Архи, согтууруулах ундаа, ууцнаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг 70 иргэн, аж ахуйн нэгж зарж борлуулж байна. Энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёроос гурав дахин бага худалдан авагчтай байна. Ялангуяа үндэсний үйлдвэрлэлийн хамгийн гол борлуулалттай үе сар шинийн баяр юм. Гэтэл борлуулалт эрс багассан учраас ажилчдын цалингаа өгөхөөс эхлээд бүтээгдэхүүний орцоо бүрдүүлэх, барааны материалаа худалдан авах чадалгүй болж, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байлаа” гэв.
Импортын барааны нийлүүлэлт багассан. Дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй байлаа. Гэвч шинэ коронавирусийн улмаас иргэд сар шинийн бэлэг базаахгүй байна
Албаны хүнээс мэдээлэл авсны дараа сар шинийн баярын хамгийн эрэлт ихтэй бараа дээл болон хэрэгцээт эдлэл хэрэглэлийн үнэ ханшийг сураглалаа. Дотоодын “Хүннү хийц” үйлдвэрийн хүүхдийн цамц 35-70 мянга, том хүнийх нь 80 мянган төгрөгөөр худалдаалж байна. Худалдааны арын хэсгээр байрлах үндэсний үйлдвэрүүдийн бараа худалдан авалт муутай харагдана. Өнгөрсөн жилээс үнэ нэмэгдээгүй. Харин ч буурсан уу гэлтэй. Эмэгтэй дээл 150-200 мянга, эрэгтэй дээл хамгийн үнэтэй нь 250 мянган төгрөг, хүүхдийн дээл хэмжээ, хийцээсээ хамаараад 40-70 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Дотооддоо дээл оёж борлуулдаг худалдагч Б.Энхээ “Энэ үзэсгэлэн худалдаанд гурав дахь жилдээ гарч байна. Өглөөнөөс хойш зогсоход бараг дээл зарагдсангүй. Баяр тулгаж юмаа авдаг хүмүүс бий гэж найдах юм. Дотоодын үйлдвэрийн дээл хувцас жилд хоёрхон удаа буюу Цагаан сар, Наадмын үеэр зарагддаг. Бусад үед сул зогсоно гэсэн үг. Тийм байхад худалдан авалт муу байгаа нь ялангуяа бид бүхэн шиг гэр бүлээрээ үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст хүнд тусаж, өөрсдөө хөдөлмөр шингээж хийж байгаа тулдаа болж байна. Уламжлалт баяр болохоор үндэсний хувцас дээлээ сонирхолгүй яах вэ. Гэхдээ Цагаан сар болохгүй юм чинь дээлээр яах вэ гэх хүн олон байна” гэлээ. Дээл зарж байгаа эгнээнд зарагдах мөнгөн эдлэл, зэс, ган сав суулга нүднээ тусна. Чамин сайхан хийцтэй мөнгөн аяга 140 мянган төгрөгөөс эхлээд гурван сая хүртэлх төгрөгийн үнэтэй байна. Худалдагч Э.Уранцэцэг “Сайжруулсан ганаар хийсэн домбо хагарахгүй, өнгөө алдахгүй, эрүүл мэндэд тустай эдлэл. Мөнгөн аяганууд хэлбэр, хийцээсээ хамаараад өөр өөр үнэтэй. Тогтсон стандартын дагуу хийдэг учраас чанарын хувьд ярих юм байхгүй. Харин энэ жил коронавирустэй холбоотойгоор худалдан авалт буурсан. Манайх энд долоон жил худалдаа дэлгэлээ. Мөнгө, зэс, ган эдлэлийг зөв эдэлбэл эрүүл мэндэд тустай. Хорыг танина. Усыг ионжуулна. Ходоодонд сайн гээд давуу чанарууд байдаг. Хүмүүс сонирхоно. Гэхдээ тодорхой хэмжээний өртөгтэй учраас авах нь сонирхож байгаагаасаа илүү цөөхөн. Ихэвчлэн мэддэг хүмүүс нь авдаг” гэсэн юм. Цагаан сарын баяр тэмдэглэхгүй байхыг төр, засгаас уриалж байгаа боловч гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэх зарим иргэн бий. Баянгол дүүргийн иргэн Д.Насантогтох “Мөнгөн аяга, хазаар сонирхож явна. Бэлгэнд өгөх гээгүй л дээ. Буян тогтдог. Айлд байх ёстой эдлэл. Нас сүүдэр 70 дөхөж байна. Гэртээ хүүхэд, ач зээгээ оруулалгүй бол болохгүй. Гэхдээ сүржигнэж тэмдэглэхгүй. Засаг, төрийн үүрэг даалгаврыг сонсоно. Бэлэг бэлдэхгүй. Намайг багад сар шинийн баяраар ихэнх айл ул боов л өгдөг. Ёотон, чихрээр гар цайлгахад их баярладаг байсан. Цагаан сар бол бусдаас дээр гарах гэж хийрхдэг баяр биш” хэмээн хэлсэн нь сэтгэлд тод сонстов. Нээрээ ч бид жилд 350 гаруй тэрбум төгрөгийг цагаан сарын бэлгэнд Хятад руу урсгадаг. 572 мянган өрх уламжлалт баяраа тэмдэглэх нэрийдлээр сард 1.5 сая төгрөгийн зарлагыг гаргадаг гэсэн судалгааг өнгөрсөн жил Үндэсний статистикийн хорооноос гаргаж байсан. Цөөхөн хүн амтай, дотоодын үйлдвэргүй шахуу манай орны хувьд энэ тоо өндөрт тооцогдоно. Тэгвэл энэ жил коронавирус гэх аюулт вирусийн нөлөөгөөр Цагаан сарын үргүй зардлуудыг танаж байгааг сайнаар хүлээж авах хүмүүс ч байна. Өвөрхангай аймгийн иргэн Б.Хандаа “Эгч нь мөнгөөр гар цайлгадаг. Жимс, жимсгэнэ авах гээд явж байна. Юмны үнэ боломжийн байна. Дотоодын хүнс бараа авахад харьцангуй бололцоотой болсон. Сонголттой болсон. Хил хаасан гэсэн. Хятад бараа ховор байна. Энэ далимаар дотооддоо үйлдвэр хөгжүүлээсэй. Тэр талын сургамж аваасай” гэж байх юм. Халдвараас сэргийлж маскаа зүүж, дотоодын үйлдвэрээ дэмжиж, үргүй зардлаа танаж байгаа иргэдийг харах нь нэг талаас баярлууштай. Хамгийн чухал нь Хятадаас хараат бусаар дотооддоо бараа, бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэвэл худалдан авагч, үйлдвэрлэгч хэн хэндээ тустай хэмээн бодох зуурт “Терагерц бугуйвч 30 мянган төгрөг, ээмэг нь 5000, Солонгос тэлээ бөөний үнээрээ 5000, нэг метр 20 см урттай. Үнэртэй уснууд 3500 төгрөг, 30 грамм, зөөлөн үнэртэй Хонг Конгоос ирсэн шүү. Чамин загвартай ороолт 1500-2000, кошлок 3000, 10 ширхэгтэй нүүрний солонгос маск 5000” хэмээн тайлбарлах худалдагчийн дуу анхааралд өртлөө. Импортын бараанууд байна. 500 граммаар жинлэсэн америк чихэр 20900-27500 гэнэ. 3000-7500 төгрөгөөр зарагдах Монголын гоо сайхны бараатай зэрэгцэх солонгос бараанууд ч байна. “МКМ” гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалж байгаа Ц.Энхжаргал “Химийн бодис ороогүй монгол гоо сайхны бүтээгдэхүүн зарж байна. Хил хаасан. Импортын бүтээгдэхүүн орж ирэхгүй гэсэн. Гэхдээ худалдан авалт өссөнгүй. Буурлаа. Хөл хорио тогтоосон гэдэг утгаараа аль аль худалдаа нь алдагдалтай байх шиг. Манай үйлдвэр массажны тос, сүүн шингэн, нүүр цэвэрлэгч, тоник, нүүр, гарын тос гэх мэтийг оролцуулаад янз бүрийн багцууд гаргасан. Иргэд дандаа гэр бүлийнхээ хүрээнд Цагаан сар тэмдэглэнэ гээд ихдээ л 10 ширхэг бүтээгдэхүүн авч байна. Зарим лангуу бүр худалдан авагчгүй өнжиж байна” гэлээ. Цаашлаад “Янмал”-ын даавуун оймс 1500-1800 төгрөгөөр өнгөрсөн жилийн үнэтэйгээ адилхан худалдаалагдаж байлаа. “Golden Gobi” амтат шоколадууд зүрхэн хэлбэртэй нь 3000, сарнай хэлбэртэй нь 3500 гээд зарж байна. Үүнтэй зэрэгцээд орос чихрийн дэлгүүрүүд байна. “Содон” нэрийн цай, кофе, Гандангийн хэвийн боов хийдэг технологиор хийсэн хэвийн боов ширхэг нь 3000 төгрөг, хиам, сүү гээд л төрөл бүрийн хүнс үзэсгэлэн худалдаанд дэлгэгджээ.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм6 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм4 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент4 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ