Нийгэм
НАМЭХ-ноос “Цахимаар золгоё” уриалгыг гаргаж байна

Дэлхий нийтийг түгшээж буй Шинэ корона вирусын халдвар хэзээ намжих нь тодорхойгүй байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос.А.Г: “Улс орон бүр КОРОНА вирусыг цар тахлын хэмжээнд хүргэхгүйн төлөө одоо бололцоотой бүхнээ хийхгүй бол маргааш оройтно” гэдгийг ч анхааруулсан. Тиймээс Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос сар шинийн баярын өдрүүдэд COVID 19 /Шинэ коронавирус/-ийн халдвараас урьдчилан сэргийлж доорх уриалгыг уриалгыг гаргаж байна.
Үүнд:
1. Цагаан сараар айлд очихгүй, зочин урихгүй байж гэр бүлээ хамгаалъя.
2. Цагаан сараар “ЦАХИМААР ЗОЛГОЁ” зэрэг уриалгыг гаргаж байгаа юм.
Төр засаг, улсын онцгой байдлын комисс, эрүүл мэндийн яамнаас ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалахын төлөө чадах чинээгээрээ ажиллаж байна. Харин энэ үед иргэн бүрийн үүрэг хариуцлага, ухамсар хамгийн чухал бөгөөд гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэн дагаж мөрдөж байж бид элдэв эрсдэлийн ард гарна. Монгол хүн бүрээ халдвараас хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоо тун чухал. Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд өөрийн ажилчид, тэдний ар гэрийг, СӨХ оршин суугчдаа, нийгмийн ажилтан баг, хороо,хэсгийн дарга нар харъяа иргэдтэйгээ тулж санаачлагатай ажиллах шаардлагатайг ч Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл өөрийн цахим хуудас болон албан ёсны сайтуудаар сануулж бас уриалсаар байгаа. Тэрээр “Улс төрийн намууд, 7 мянга гаруй төрийн бус байгууллага, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын, сурагчдын холбоо-Та нар маань одоо л хөдөлдөг цаг шүү. Зохион байгуулалтад орж амны хаалт оёж аптекуудад нийлүүлж үгүйдээ ойр тойрныхноо, гишүүдээ хангацгаая. Орц гарцаа өдөр бүр цэвэрлэж хүн бүрт байнга гараа угаахыг сануулж, ээж аавууд үр хүүхэд, хөгшид хөвөөддөө халуун хоол унд хийж өгч, байгууллагууд ч ажилчдынхаа хоол ундны чанарыг улам сайжруулъя. Бие биендээ шаардлага тавья. Халдвар гарсан орнуудад мэдсээр байж зорчихгүй байя. Бидний орхигдуулсан дутуу хөтүүг та бүхэн маань нэмээрэй. Ингэж л эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж хүн төрөлхтнийг донсолгоод байгаа вирусын давалгаанаас цохилт багатай гарахаас бус цагаан сарын маргааныг үргэлжлүүлэн өрнүүлэх нь оновчтой шийдэл огт бус санагдана” гэдгийг онцолсон юм. Хэнэггүйн улмаас халдварт өртвөл халаглахад ч оройтсон байхыг харуулсан бодит жишээ бидний өмнө байсаар байгаа энэ цаг үед эмэгтэйчүүд ийнхүү дуу нэгтэйгээр “Хайртай хүмүүсээ хамтдаа хамгаалцгаая”, “Цахимаар золгоё” хэмээн уриалж байна.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.