24 баримт
Чихрийн худалдагчаас хууль тогтоогч
УИХ-д “Ээ ийм гишүүн байдаг юм уу” гэх тодотголд хамрагдах гишүүн нэлээд хэд бий. Тэдний нэг нь О.Батнасан. Энэ эрхмийн талаар сураг тавих аваас “уулзаж байгаагүй, нэрийг нь дуулсанаас цаашгүй” гэх хүн олон таарав. Харин мэргэжил нэгт нэгэн танил маань “ Хуралдаа суудаггүй шахуу нөхөр. Тасалсан өдрийнхөө тоогоор зургаад цохиж явсан шүү” гэх нь тэр. Ингээд бодохоор түүнийг зөвхөн ховдчууд л, тойргийнх нь хэд л зүс мэддэг юм биш үү. “УИХ-д бүртгэлтэй ч юм шиг, бүртгэлгүй ч юм шиг явж ирсэн О.Батнасан гэх УИХ-ын гишүүний 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Ховд аймгийн Булган суманд төрсөн, торгууд ястан.
Баримт 2 . Тэрбээр айлын ууган хүү. Эцэг Ц.Отгоо нь Ховд аймгийн Булган сумаас төрсөн анхны эрдэмтэн.
Баримт3. О.Батнасан гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үе үе тасалж орхидог нь түүний багийн хүмүүжилтэй холбоотой байж мэднэ. Дунд сургуулийн сурагч байхдаа сав л хийвэл хичээлээ пялчихдаг нөхөр байж. Өөрөө ч бага насныхаа тухай “Аавын зураг сургуулийн хананд хадаатай. Гэрийн даалгавар хийхгүй ирэх, тасалж самбарын өмнө зогсох тоолонд багш нар маань “Эрдэмтний хүү ийм байх ч гэж дээ” хэмээн дурссан байдаг.
Баримт 4. Түүний анхны эзэмшсэн мэргэжил нь бага ангийн багш. Арван жилийн сургуулиа боломжийн дүнтэй төгссөн ч уралдаант шалгалтад бүдэрсэн тэрбээр Архангай аймгийн Багшийн сургуулийн хуваарь авчээ.
Баримт 5. Мань эр хоёрдугаар курст элссэн жилээ Архангай аймгийн МХЗЭ-ийн үүрүүдийг татан буулгахад гар бие оролцож, оюутны зөвлөл байгуулан, 1990 оны цагаан морин жилийн МХЗЭ-ийн XX их хуралд төлөөлөгчөөр сонгогдож явсан удаатай. Энэ утгаар нь түүнийг Ардчилсан хувьсгалын партизаны хэмжээнд үзэх нь бий.
Баримт 6. Багшийн коллежийг төгссөнийхөө дараа Нийслэлийн 82-р сургуульд бага ангийн багш, Замын цагдаагийн газарт сургагч багшаар ажиллаж байжээ. Мэргэжлээрээ цөөхөн жил ажилласан.
Баримт7. Боловсролын байгууллагаас урвасан шалтгаанаа багшийн цалингаар амьдрал авч явахад бэрх байсан тул аргагүйн эрхэнд бизнест хөл тавьсан гэж тайлбарладаг.
Баримт 8. Гахай үүрэн, ганзагын наймаанд арав гаруй жил хоол, нойргүй зүтгэсний хүчинд “Кондитер Улаанбаатар” ХХК байгуулсан түүхтэй. Эдүгээ түүний компани 70 гаруй ажилтантай болтлоо өсч томорсон.
Баримт 9. Эрх зүйч мэргэжлийг хожим эзэмшсэн. Чингэс хаан дээд сургуулийг төгссөн.
Баримт 10. Бэл бэнчинтэй болсон тэрбээр улс төрд орох сонирхол өвөртөлж, будилж явсаар 2014 онд МАН-д элссэн.
Баримт 11. УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө бусдынхаа жишгээр нутгийнхандаа нүүрс, 40-ын бидон гэх мэтчилэн юм, юм л тарааж явсан эр.
Баримт12. “Эрийг бүү бас далайг бүү янд” гэдгээр мань эр харагдах төрх шигээ байгаа байхгүй нь мэдэгдэггүй нэгэн биш бололтой. Улстөрчийнх нь хувьд сонирхох аваас О.Батнасан нь УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөс гадна МАН-ын бага хурлын гишүүн аж.
Баримт 13. “Ховд торгон нутаг” сангийн ерөнхийлөгч, “Минжит Булган” нутгийн зөвлөлийн дарга гэсэн сонгуульт ажилтай.
Баримт 14. Түүний талаар хэвлэлд бичсэнээр бол орос чихэр, бидон хоёроор сонгогчдын тархийг барьсан юм байх. Ийн хэлэх үндэслэл ч бий аж. Түүний байгуулсан хувийн “Кондитер Улаанбаатар ” ХХК нь оросоос чихэр экспортлодог юм байна.
Баримт1 5. Энэ эрхмийг намынх нь нөхдүүд С.Бямбацогтын хүн гэцгээдэг. Улс төрийн талаар “А” ч үгүй түүнийг С.Бямбацогт гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа зөвлөхийн сэнтийд залсан төдийгүй чирж явсаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх квот өвөртлүүлж чадсан ачтан нь.
Баримт16. NEWS.mn сайтад өгүүлснээр, С.Бямбацогт гишүүн андынхаа нэрийг УИХ-д дэвшүүлэх гэж оготны нүхээр орж гарч, хоёр сонгууль дараалан ялалт байгуулсан тойргоо түүнд бэлэглэх дээрээ тулж байж, сугандаа хавчуулан байж зүтгэсээр Монголын төрийг түшилцэх эрхийг бэлэглэсэн хэмээжээ.
Баримт17. О.Батнасангийн өрсөлдөгчид шаггүй нөхдүүд байсан. АН-аас УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Ховд нутгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү П.Хангал, Д.Кёкүшюзан Батбаяр /АН/, Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал ,Ховд аймгийн Засаг даргын орлогч асан У.Батзаяа /МАХН/, аймгийн Засаг дарга асан Г.Нямдаваа /МАН/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Я.Төмөрбаатар/МАХН/ нар.
Баримт18. Анх бүлгийн даргын зөвлөх болоход нь МАН дотор эргэлзэж, тээнэгэлзсэн олон нүд угтсан нь 2012 онд Ардчилсан намд элсэн, Ховд аймгийн Ардчилсан намын даргад өрсөлдөх боломж хайн гүйж явсан түүхтэй нь холбоотой.
Баримт 19. Урваж шарваж явсан тухайгаа мань хүн УИХ-ын2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвших боломж хайсан ч олдоогүй тул Ардчилсан намд хандсан хэмээн тайлбарласан байдаг. Гэвч АН-ынхан түүнтэй мөр зэрэгцэн алхахаас татгалзсан тул буцаад намаа бараадсан нь бий.
Баримт 20. Харин 2016 оны сонгуульд сонгогчид “О.Батнасан Ш.Адьшааг бардаг болов уу, яадаг бол” гэцгээн ярьж байсан ч сайн нөхрийн дэмээр ялалт байгуулснаар чихрийн худалдаачнаас хууль тогтоогч болжээ.
Баримт 21. О.Батнасан гишүүний ХОМ-ийг сонирхох аваас жилээс жилд буурсан байх юм. Тухайлбал, 2015, 2016 онд жилийн 130 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2017, 2018 онд орлогоо эрс бууруулж, жилийн 20 гаруйхан сая төгрөгийн орлоготой хэмээжээ. Өнгөрсөн 2019 онд 22 сая төгрөгийн орлоготой гэсэн байх юм..
Баримт 22. Үл хөдлөх хөрөнгийн тухайд 740 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 89 сая төгрөгийн үнэлгээтэй 2 машинтай, 80 сая төгрөгийн мал, 70 сая төгрөгийн газар, 85 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй гэдгээ ХОМ-тээ бүртгүүлсэн байна.
Баримт 23. Сонирхол татах өөр нэг сэдэв гэвэл мань хүн хадгаламж, өр, зээл авлага байхгүй гэнэ. Хэдийгээр Кондитер-Улаанбаатар ХХК-ийнхаа 45 хувийг эзэмшдэг ч, ганц төгрөгийн ч ашиг олоогүй гэж харагдуулахаар ХОМ-ээ бөглөсөн нь анхаарал татаж байна.
Баримт24. Дэлхий даяар корона вирустэй тэмцэж буй цагт УИХ-ын гишүүн О.Батнасан Эрүүл мэндийн яаманд 12 мянган амны хаалт бэлэглэж байгаагаа индрээсээ зарласан анхны төрийн түшээ. Тойргийнхондоо бидон бэлэглэж байсан юм чинь аж төрж буй Улаанбаатарын иргэдийг халдварт өвчнөөс сэргийлж байгаа нь хүн чанар шүү, угтаа.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.