24 баримт
УИХ-ын сонгууль бүрийг боломж хэмээн хардаг Б.Баярмагнай
Монгол Улсын Ерөнхий сайдад СБД-ийн Засаг дарга асан Б.Баярмагнай шадарлахаар болсон байна. Шударга ёсны төлөө тэмцэж, тэр хэрээр ард түмнийхээ талархлыг хүлээгээд байгаа У.Хүрэлсүхийн дэргэдээ авсан зөвлөхийн 24 баримтыг уншигч танд хүргэж байна.
Баримт 1. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Батсүхийн Баярмагнай. Ийм тодотгол бүхий нэрийн хуудас хэвлэх үйлдвэрээс гараад удаагүй байгаа.
Баримт2. Б.Баярмагнай гэж хэн бэ хэмээн сонирхох аваас хэдхэн өгүүлбэр бүхий намтар олдох аж. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Их сургуульд элсэн он сарыг нь төрсөн онтой нь жишиж үзэх аваас мань эр 20 настайдаа дээд сургуулийн босго алхсан байх юм. 1978 онд төрсөн 1998 онд МУИС-д элсэн суралцжээ.
Баримт 3. Оюутан хийгээд улс төрд хамт зүтгэсэн анд нар нь түүнийг хүн чанар сайтай, хэсэг бүлэг нөхдийг одоо ч чирсээр яваа нэгэн, ноён нуруутай эр хэмээцгээж байхад “зальтай шийр толгой доо” гэх нь ч таарсан.
Баримт 4. Албан тушаалын одтой залуу гэж хэлж болохоор. Тэр шууд л даргын суудалд заларсан. Цэрэг байхын зовлонг мэдэхгүй нөхөр. Монголын ардчилсан социалист оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга /2001- 2004/. Дараа нь хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьин “Эх орон” FM 102,1 радиогийн гүйцэтгэх захирлаар ганцхан жил ажилласан.
Баримт 5. УИХ-ын ээлжит сонгууль бүр түүнд албан тушаал ахих боломжийг олгодог гэж хэлж болохоор. Үүнийг УИХ-ын ээлжит сонгуулийн дараа хашсан албан тушаалууд гэрчилнэ. УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан бол 2012 оны сонгуулийн үр дүнд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон. Өнгөрсөн сонгуульд орон нутагт нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байх жишээний. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон явдал нь ирэх намар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байхыг үгүйсгэх аргагүй.
Баримт 6. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сунгаанд 2017 онд нэрээ дэвшүүлсэн явдал нь улс төрийн хүрээнийхний амыг ангайлгаж орхисон. МАН-ын Бага хурлын төлөөлөгчид тэр өдөр гурав хуваагдсан гэдэг. Төрийн эрх барьж буй том намын гал тогоог дүүргээр хэмжвэл маш том эндүүрэл болно хэмээн нэг хэсэг нь бахирч байхад нөгөө нь залуу хүний зориг зүрх яадаг юм гэж хөөргөсөн залуучууд ч гарсан.
Баримт 7. Улс төрийн хүрээллийн хувьд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ахмадуудаас хэтрэхгүй түүнд МАН гэх их айл тогоо шанагаа бариулахыг хүсээгүй тул Б.Баярмагнай өнгөрсөн долоо хоногийн баасан гариг хүртэл гудамжинд лааз өшиглөсөн.
Баримт 8. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатарын хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэддэг. УИХ-ын 2000 оноос хойших бүхий л сонгуульд мань хоёр хэлхээтэй яваа.
Баримт 9. Б.Баярмагнай юуны учир Ерөнхий сайдыг бараадав гэх олны сонирхол татсан хэвээр. Хүмүүс ч талцсаар. Нэг хэсэг нь Сонгуульд хоосон хоцрохгүйн тулд У.Хүрэлсүхийг бараадаж, боломж таарвал азаа үзэхээр шийдэж гэцгээж байхад нөгөө нь мөрөөдлөө гүйцээж, Д.Амарбаясгалангийн суудалд залрах аргаа хийж байгаа хэрэг гэх нь ч байна.
Баримт 10. Горилогсод МАН-ынхан нэр дэвших квот авахын тулд намын дарга, генсек хоёрынхоо үүдийг сахиж буй нь нууц биш. Ийм эгзэгтэй цаг үед намын даргад шадарлаж, зөвлөнө гэдэг мотор сайтай хүний явдал суудал байж мэднэ. Таамаг дэвшүүлэх гэж оролдвол мань хүн Н.Багабандийн хөлд сууж чадсан байхыг үгүйсгэхгүй.
Баримт 11. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хэн улс төрд чирж оруулж ирснийг хэдийнэ зарласан байх юм. Б.Баярмагнайн хадам ахынх нь ах Б.Баярсайхан гэх эрхэм МАН-д нэлээн нэр нүүртэй, намын нөлөө бүхий эрхмүүдтэй ойр шадарладаг аж. ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Барилга, хот байгуулалтын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад оны өмнөхөн Беларусын элчин сайдад нэр дэвшсэн ч Ерөнхийлөгч таалаагүйн улмаас мултарсан. Түүний мултрах болсон шалтгаан нь Германд хар тамхины хэрэгт холбогдсон дипломатч Б.Баттүшигээс үүдэлтэй гэдгийг улстөрийн хүрээнийхэн хэлдэг.
Баримт 12. Б.Баярмагнайгийн хадам ах Б.Баттүшиг 2019 оны тавдугаар сарын 3-нд Турк улс дахь Монголын Станбулын дэд консулаар томилогдоод удаагүй байхдаа хар тамхины хэрэгт холбогдсоныг уншигчид мартаагүй нь лавтай.
Баримт 13. Ерөнхий сайдын зөвлөх улс төрөөс өөрийг боддоггүй, номхон дөлгөөн эр биш бололтой. Ямартай ч дээр өгүүлсэнчлэн зүгээр ч нэг “ зальтай шийр толгой” гэж хэлээгүйг нь хэвлэлд гарсан мэдээллүүдээс харж болохоор. Ямартай ч Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа зургаан тэрбум төгрөгийн асуудалд нэр холбогдож байжээ.
Баримт 14. Хэвлэлд дурдснаар “2011 оны наймдугаар сард Сэлбэ голыг сэргээх төслийг Нийгмийн Ардчлал Монголын Залуучуудын Холбоо санаачлан нийслэлийн удирдлагуудад танилцуулж гардан хийх үүрэг хүлээж байсан. Тухайн үедээ буюу 2012 онд Сэлбэ гол орчмыг “Сөүл хотын дундуур урсдаг Чонгэчон гол шиг болгоно” хэмээн ард иргэдийн тархийг угааж, их тойруугийн гүүрээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр, “Голден Вилл” хотхоны гүүрээс Арслантай гүүр хүртэлх 1,3 километр газрыг хоёр үе шаттайгаар тохижуулна хэмээн зургаан тэрбум төгрөгийн төсөв батлуулсан ” хэмээсэн байна.
Баримт 15.Хэрэвзээ мань хүн УИХ-д нэр дэвшиж гээд төсөөлөхөд Сүхбаатар дүүргийн иргэд итгэл үзүүлэх нь юу л бол. Учир нь Б.Баярмагнай бүхэл бүтэн Сэлбэ голыг “алга болгочихсон” улс төрч билээ.
Баримт 16. Б.Баярмагнайгийн зохиосон үлгэрээр, хөрсний болон үерийн ус ашиглан Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх. Хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг шүүрүүлэх байгууламжаар сороод 800 мм голчтой хоолойгоор 220 литр/сек хурдтай урсан ирэх усыг шахуургаар Сэлбэ гол руу нийлүүлснээр Улаанбаатар хотын иргэд урсгал нь тунгалаг Сэлбэ голоо харж баясах ёстой байлаа. Үүнээс гадна орчныг нь тохижуулж 1,5 га-д явган хүний зам талбай, 1,14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг бүхий ногоон байгууламж байгуулж, даланг 3 метрийн урттай чулуун баганууд, үндэсний онцлог шингээсэн хээ угалз бүхий төмөр хашлагаар хашна гэжээ. Бас усны толио үүсгэх 8 ширхэг халиагуур хийж, 2 хэсэгт гэрэлтүүлэгтэй усан оргилуур, өвөлдөө мөсөн гулгуурын талбай бүхий байгууламж ашиглалтад орох учиртай. Ийм үлгэрийг ярьсаар хотоос 6 тэрбум төгрөгийг төвөггүй салгасан төдийгүй тооцоо, судалгаа, зураг төсөл гээд нийслэл, дүүргийн төсвөөс ахин 2 тэрбум төгрөг авсан гэдэг.
Баримт 17. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Сү.Батболд нь хүч нэмж УИХ-ын гишүүнд олгодог 1 тэрбум төгрөгөө хандивласан гэдэг юм.
Баримт18. Сэлбэ голыг сэргээх төслийн нээлт сүртэй сайхан болсон тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудын архивт үлджээ. Дүрс бичлэгүүдийг сонирхох аваас “их бүтээн байгуулалт” өрнөж буй үйл явдлыг тавилттайгаар үзүүлж чаджээ.
Баримт 19. Гүйцэтгэгч “Норбу” компанийн гүйцэтгэх Г.Батмөнх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манайх 2 тэрбум төгрөгийн төсөв, 270 сая төгрөгийн цалингийн фондтойгоор энэ ажлыг гүйцэтгэхээр гэрээлсэн” хэмээсэн байх юм. Батлуулсан зургаан тэрбум, нийслэл, дүүргээс авсан хоёр тэрбум, УИХ-ын гишүүнээсээ авсан тэрбум тооцохоор банкинд ч байхгүй их мөнгө гарч байх юм.
Баримт 20. Б.Баярмагнайгаас “ Мөнгөө яасан бэ” гэж өөрийн эрхгүй асуумаар санагдаж байгаа биз. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Б.Лхагважаваас энэ тухай асуусан сэтгүүлчдэд ”350 метр газрыг 2.8 тэрбум төгрөгөөр ухсан болоод зогссон ” гэхээс өөр хариулт өгөөгүй байна.
Баримт 21. Тэрбээр 2012 онд Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хороо буюу орон нутгийн сонгуулийн 15 дугаар тойргоос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан ч сонгогчдынхоо нүдийг баясгах ганц зүйл тойрогтоо хийгээгүй төдийгүй хуралдаа ганцхан удаа суусан гэх дуулиан тухайн үед хэвлэлээр гарч байв.
Баримт 22. Б.Баярмагнай НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдохдоо 100 айл орчмын барилгын дэлгүүрүүдийг хотоос нүүлгэх амлалт өгсөн нь биелээгүй. Одоо ч иргэд нь нэхэл дагал болсоор байдаг.
Баримт 23. Тэрбээр сүүлийн үед жил бүрийн арванхоёрдугаар сард ганцхан сэтгүүлчид ярилцлага өгдөг болоод байгаа. Хамгийн сүүлд “Өнөөгийн нийгмийн хүндрэлтэй байдлыг засахын тулд ирэх сонгуульд залуусын бодит оролцоо зайлшгүй чухал юм. Энэ нь өнөөгийн зарим улстөрчдөд олон нийт итгэл алдарсантай холбоотой. Итгэл хүндлэл сэтгэл алдрахын цагт нийгэм өөрөө эмх замбараагүй байдал руу орох аюултай. Үүнийг бүхий л түвшиндээ ойлгож, бодит үр дүнтэй алхмуудыг хийж хэрэгжүүлэхгүй бол ирээдүйд гэрэл гэгээтэй сайн сайхан зүйлийг мөддөө олж харахгүй нь… “ хэмээн онцолсон байх юм.
Баримт 24. Тэр үзэл бодол, байр сууриа “зарчим” гэсэн ганц цүнх барьчих гээд хичээсээр явна. “Сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо” гэж. Миний хувьд намынхаа бүхий л шатаар дамжин үйл хэрэгт нь оролцож, улс төрийн ажилтан, сурталчилгааны материал тараахаас эхлээд бүхий л жаргал зовлонтой нь хамт байж ирлээ. Гэхдээ юмыг хэлж, засч сайжруулж байхгүй бол бодит утгаараа хэн нэгний цүнх барьж явсаар амар хялбар замаар албан тушаалд очих, хувийн явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг бодохоос өөрийг мэддэггүй залуучууд гарч ирэх вий гэдгээс болгоомжлох ёстой” хэмээсэн байх юм. Ийм л эрхэм Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөж явна даа. Ямар дүгнэлт хийх нь таны хэрэг.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.