Эдийн засаг
Засгийн шийдвэр ноолуурыг “БЛОКЛОВ”

Ноолуур бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэд гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж том дэмжлэг үзүүлж буй гэх боловч хариуд нь нэг кг-ын үнийг 100 мянган төгрөгт бариулах болсноор түүхий эдийн ченжүүд ноолуур авахгүй гэж гэдийж малчид ноолуураа хэнд, хаана өгөхөө мэдэхээ байжээ. Ноолуурын үнэ ханш, эрэлт, нийлүүлэлт дэлхийн зах зээлээс хамаардаг энэхүү цагаан алтны үнийг Засгийн газар дур мэдэн тогтоож байгаа нь цагаа олоогүй шийдвэр гэдгийг бодит байдал гэрчилж байна. Жил бүр ноолуурын үнийг тодорхойлдог Хэнтийд гэхэд энэ хавар 85 мянган төгрөгөөр эхэлсэн ч 100 мянган төгрөгөөс доош оруулж болохгүй гэсэн шийдвэр ченжүүдийг ноолуур авахгүй байхад хүргэжээ. Учир нь бүх ноолуур тансаг зэрэглэлийнх биш учраас Засгийн газраас тогтоосон ханш олон улсын зах зээлд нийцэхгүй байна гэж ноолуурын наймаачид үзэж байна.
БНХАУ-ын зах зээлд тансаг зэрэглэлийн цагаан, цайвар ноолуур килограмм нь 420 юанийн ханштай байгаа аж. Төв банкны нэрлэсэн ханшаар нэг юань 390 төгрөгтэй тэнцэж байна. Ингээд бодохоор монгол төгрөгийн ханшаар 163800 болох юм байна.
Дэлхийн зах зээлд самнасан ноолуур 60 ам.доллар байна
Түүнчлэн үйлдвэрлэгчид энэхүү зах зээлээс татгалзаж буй. Дэлхий нийтээр эдийн засаг уналтад орж, тансаг хэрэглээний зах зээл илт хумигдах үед 100 мянгаар авсан нэг кг ноолуурынхаа 25 хувийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчид үргүй зээлийн өрөнд орохоос татгалзах нь тодорхой. Хэзээ ч бүтэхгүй энэ шийдвэрийг Сангийн сайд зүтгүүлээд байгаагийн цаана малчдаа дэмжих биш гуравхан том компанийг дэмжиж буй явдал хэмээн олон нийтийн шүүмжилд өртөөд буй. МҮХАҮТ-аас энэ шийдвэрийг биелэгдэх боломжгүй гэдгийг тайлбарлаж үндэслэлийг нь Засгийн газарт хүргүүлсэн. Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Энэ шийдвэр нэг талаас компани аж ахуйн нэгжийг дэмжиж байгаа гэх боловч зах зээлд үнийг хөдөлгөөнгүй тогтоох нь эдийн засгийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй. Урт хугацаандаа өөрөөр хэлбэл, жилийн дараа компаниуд эрсдэл үүрэх шийдвэр гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Өнгөрсөн онд самнасан ноолуур 89 орчим ам.доллар байсан бол он гараад 60 орчим ам.доллар байна. Дэлхийд самнасан ноолуур худалдан авалтаар тэргүүлэгч Италид өнөөдөр коронавирусын тархалттай холбоотойгоор нөхцөл байдал хүнд байгаа. Тиймээс цаашид худалдан авах санал багасч үнэ буурна” гэсэн юм. Өмнө нь эдийн засгийн хямралтай жилүүдэд ноолуурын үнийн индекс олон улсын зах зээлд 35 хувь хүрч унаж байсан аж.
Энэ жилийн тухайд энэ уналтаас илүү ихээр унах төлөв байгааг эдийн засагчид хэлээд байна. Нэгэнт худалдан авалт байхгүй болж буй энэ үед хямд эх үүсвэртэй өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болж байгаа нь сайшаалтай ч үнийг тогтоож байгаа нь цагаа олоогүй ноолуурын чөлөөт зах зээлийн харилцаагаа “блоклож” буй эрсдэл. Аж ахуйн нэгжид үзүүлэх дэмжлэг цагаа олоогүй, байгаа оноогүй шийдвэр юм.
Зээлээ төлөхийн тулд 60-70 мянгад өгмөөр байгаа ч авах ченж нь ховор байна
Алс баруун аймгийн малчид ноолуураа газар дээрээ ченжүүдэд өгдөг ч энэ жилийн тухайд ийнхүү хэрхэхээ мэдэхгүй байна гэлээ. Хөвсгөл аймгийн II байгийн малчин Т.Сэргэлэн “ Өнөөдөр манай эндэхийн малчид аймгийн төвдөө ноолуураа тушаах тухай ярьж байгаа. Гэвч аймгийн төвд ноолуур авч байгаа газар алга байна. Ченжүүд 60 мянган төгрөгөөр мэр сэр авч байгаа гэсэн. Төр нэгэнт 100 мянгаас доош оруулж болохгүй гэсэн болохоор тэр үнээр авч байгаа газарт нь өгмөөр байна. Гэхдээ зээлийн хүүгээ төлөх хугацаа болсон учраас 60-70 мянгад өгөхөөс өөр аргагүй байна” гэсэн юм. Монголын ноос ноолуурын холбооноос шийдвэртэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй. Харин энэ долоо хоногоос ХХААХҮЯ -ы төлөөлөлтэй уулзаж, нэгдсэн шийдэлд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм9 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ