Нийгэм
Дарханы зам ашиглалтад ОРНО,ОРОХГҮЙ
“ТВ-9” телевизийн эрхлэн гаргадаг “Монгол коммент” нэвтрүүлгээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамын бүтээн байгуулалтын ажил удаа дараа хойшилсноос иргэд эд хөрөнгө болон амь насаараа хохирч байгаа талаар хөндсөн. Тэгвэл энэ талаар бид сурвалжиллаа.
Дарханы замыг өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд хааж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Замыг хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд тав хувааж, таван компанид тендер зарласан. Нэгдүгээр багц, Баруун аймгууд руу явах уулзвараас Хармодотын даваа хүртэл 37.2 км авто зам. Хоёрдугаар багц, Хар модотын даваанаас өргөн хүртэл 30 км нь хоёрдугаар багцад хамаарна. Гуравдугаар багц, Урьханаас Сүмбэр хүртэл. Дөрөвдүгээр багц, Сүмбэрийн уулзвараас, Цайдамын хөндийг хүртэл 45 км зам. Тавдугаар багц, Цайдамын хөндийгөөс Дархан хүртэл 30.5 км авто зам байх юм. Ингэснээр замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөхөөр болсон юм. Гэвч замын ажил төлөвлөсөн хугацаанд ашиглалтад ороогүйгээр барахгүй дахин хойшлох эрсдэл бий болоод байгаа юм.
Дарханы замыг хааснаас иргэд тойруугаар зорчиж байгаа. Энд тэнд ухсан нүх, энхэл, донхол болсон замаар зорчихоос өөр аргагүй. Засварын ажил эхэлсэнээс хойш цагдаагийн байгууллагад 140 гаруй осол бүртгэгдэж, цаана нь бүртгэгдээгүй ослууд ч цөөншүй гарсаар байгаа билээ. Хамгийн сүүлд Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан нийтийн тээврийн том оврын автобус осолдож, 30 гаруй иргэн зорчиж явснаас нэг нь нас барж, таван хүн гэмтсэн гэх. Уг нь түр зам барих ажилд 6.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хуучин замаар Улаанбаатар-Дархан хооронд хоёроос гурван цаг давхидаг байсан бол одоо дор хаяж таван цаг явдаг болжээ. Тендерт шалгарсан таван хятад компани нь дороо туслан гүйцэтгэгч арав гаруй дотоодын компанитай гэрээ байгуулсан гэж байгаа. Тендерт шалгарсан хятад компаниуд санхүүжилтээ авсан ч туслан гүйцэтгэгч нартаа санхүүжилтийг нь өгөөгүй гэсэн асуудлуудыг дагуулаад байгаа юм.
“Хөл хорионоос шалтгаалан ажилчид орж ирж чадахгүйгээс хугацаа нь хойшилж байна”
Тэгвэл энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер, “Ай си ти консалтинг” компанийн захирал С.Очирбат “УБ-хотоос Дархан чиглэлийн 204.1 км замын ажил өнгөрсөн жил эхлээд замын ажил 30 гаруй хувьтай зогссон. Ингээд энэ жил энэ замын ажил энэ сард эхэлж, зургадугаар сарын 20 гэхэд ашиглалтад орохоор байсан. Гэвч өнөөдрийн байдлаар дээрхи заасан хугацаанаас хойшлохоор болоод байна. Тус замын ажил дээр зөвлөх компаниар манай улсын “Ай си ти консалтинг” компани ажиллаж байна. Уг нь энэ оны нэгдүгээр сард ажлын төлөвлөгөөгөө гаргаад энэ сарын 20-ноос Дарханы замын ажил эхлэх байсан ч ажил гүйцэтгэх БНХАУ-ын тендерт шалгарсан компанийн 100 гаруй хүнийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн олон нийтийн шүүмжлэл хүчтэй явсан учраас Дарханы замын ажил хойшилсон. Хятад компанийн туслан гүйцэтгэгчээр монголчууд ажиллаж байгаа. Дарханы зам дээр 500 гаруй гүүр гүүрэн гарцын ажил байгаа аж. Энэ ажлууд хугацаа хамгийн их авдаг. Тиймээс зөвлөх компанийн хувьд хугацаа их авах ажлаас эхлүүлээд ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна ” гэдгийг хэлж байна.
Ингээд замын ажил дахин өнгөрсөн гуравдугаар сард эхэлж, зургадугаар сард ашиглалтад орохыг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлж байсан. Гэвч дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, Монгол Улс хилийн хориг тавьж, зарим төрлийн үйл ажиллагаандаа хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор Дарханы замын ажил хойшилж байгаа юм байна.
“эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон 300 иргэн гомдол гаргасан”
Тэгвэл өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хохирогчдын төлөөлөл А.Цэрэнбат мэдээлэл Дарханы замын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Өнгөрсөн долдугаар сараас хойш Дарханы замд 140 зам тээврийн осол бүртгэгдэж, 20 гаруй иргэн амь насаа алдсан. Уг замаар зорчиж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон 300 иргэн өнгөрсөн хугацаанд бүртгүүлж, 200 сая төгрөгөөр хохирсон талаараа гомдол гарган эхний ээлжинд дөрвөн сая төгрөгөөр хохирсон нэг иргэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаад байна. Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан болон Зам тээврийн яамыг хариуцагчаар татсан. Дарханы замд хохирсон иргэдийн нийлэн Зам тээврийн сайд Б.Энх-Амгаланд хариуцлага тооц хэмээн Засгийн газарт хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуд “Хэрвээ та бүхний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байвал шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандаж болно” гэсэн. Бид нарын зүгээс Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг хурдан хийгээч хэмээн хүсэж байгаа. Тээврийн цагдаагийн газарт Дарханы замд гарч байгаа зам тээврийн ослыг бууруулахын тулд ямар ажил хийж байгаа талаар хүсэлт явуулсан. “Аюулгүй байдлыг хангуулахаар ажиллаж байгаа боловч авто замын эвдрэл, үзэгдэх орчин, тоосжилт ихтэй, хөдөлгөөн зохицуулах мэдээллэх самбар зэргийг гүйцэт байршуулаагүй зэргээс тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломж бүрдэхгүй байна” хэмээн цагдаагийн байгууллага нь нотолчихоод байна. Иймээс Зам тээврийн сайд Б.Энх-Амгаланг цагдаа болон АТГ-т өргөдөл гаргаж, шалгуулна” хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Намуунтамир
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.