Энтертайнмент
“One Punch Man” манганы зохиолоор кино хийнэ

“Sony Pictures” кино компанийн зүгээс Японы алдарт “One Punch Man” манганы зохиолоор бүрэн хэмжээний кино бүтээл хийхээр болсныг зарлалаа.
Манга уншдаг, аним үздэг залуус маань “One Punch Man” гэх нэрийг сонсоод толгойд нь шууд л нэгэн халзан нөхөр бодогдож байгаа байх. Анх 2009 онд Японы алдарт манга артист ONE “One Punch Man” хэмээх манга гаргаж байсан бөгөөд 2012 онд уг бүтээлийг Yusuke Murata дижитал хэлбэрээр дахин гаргасан нь тухайн үеийн залуусын дунд асар хурдтайгаар хит болсон тул 2015 онд ижил нэрт анимийг гаргахаар болсон гэдэг. Өрсөлдөгчөө ганц л цохилтоор нам дардаг Сайтама залуугийн тухай өгүүлэх энэхүү аним мөн л гарсан даруйдаа л хит болсон.
Тэгвэл “Sony Pictures” кино компанийн энэхүү төсөлд гарсан даруйдаа хит болдог зохиолоос гадна маш чадварлаг уран бүтээлчид ажиллах аж. Өөрөөр хэлбэл “Venom” (2018) кинонд ажиллаж байсан туршлагатай Scott Rosenberg болон Jeff Pinkner нар энэхүү киноны зохиолчоор ажиллах бол “Arad Productions” компаниас продьюсерийн ажлыг нь хариуцна гэв.
Ямартай ч “Marvel Entertainment” компанийн CCO буюу креатив хэлтсийн захирлын албан тушаалыг хашиж явсан, Marvel-ийн олон олон киноны гүйцэтгэх продюсерээр ажиллаж байсан туршлагатай продюсер Avi Arad энэхүү кинон дээр ажиллах болсон тул чанартай бүтээл гарна л гэж хүлээх үлдэж дээ.
Эх сурвалж: Hypebeast, Variety

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
