Эдийн засаг
А.Энхжин: Төлбөрийн тэнцэл энэ онд 700-800 сая ам.долларын алдагдалтай гарахаар байна

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.
-ОУВС-аас Монгол Улсад “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болж, энэ хүрээнд 99 сая ам.доллар орж ирнэ гэж байсан. Энэ санхүүжилт Монгол Улсад орж ирсэн үү, мөн та хэвлэлийн бага хурлын үеэр АХБ-аас 100 орчим сая ам.доллар орж ирнэ гэсэн. Тэгэхээр энэ он гарсаар ОУВС болон донор орнуудаас хэдий хэмжээний санхүүжилт орж ирээд байна вэ?
ОУВС-ийн захирлуудын зөвлөл 6 дугаар сарын 3-нд болж, Монгол Улсад “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаснаар 6 дугаар сарын 4-нд тус хөтөлбөрийн дагуу 99 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад шилжүүлсэн. АХБ-ны хувьд санхүүжилт нь үүнээс өмнө орсон. Тэгэхээр он гарсаар Монгол Улсад нийт 200 орчим сая ам.долларын санхүүжилт орж ирээд байна. Үүнээс гадна төсөл, хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа санхүүжилтүүд ч бий.
-БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа дуусах хугацаа ойртож байна. Хэлэлцээрийг сунгах ажил ямар ахиц, дэвшилтэй байна вэ?
БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа энэ оны долоодугаар сарын сүүлээр дуусна. Монголбанкны зүгээс своп хэлцлийн хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан, хэлэлцээрийг сунгах талаар маш эрчимтэй хэлэлцээр хийж байна. Гэрээг сунгах ажлууд нэлээд урагштай байгаа. Монголбанкны зүгээс своп хэлцлийг сунгана гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна. Энэ асуудал тодорхой болсны дараа та бүхэнд мэдээлэл өгөх боломжтой.
-Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд алтны салбарт нэлээд найдлага тавьж байх шиг байна. Энэ онд хэрвээ 23 тонн алт худалдаж авбал, гадаад валютын албан нөөц хэдий хэмжээгээр нэмэгдэх бол? Мөн цар тахлын хуулийн хүрээнд Монголбанк банкуудтай хамтран алтны компаниудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох асуудал багтсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
Коронавируст цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хууль батлагдсан. Уг хуулийн хүрээнд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монголбанкнаас хөнгөлөлттэй санхүүжилт олгохыг үүрэг болгосон. Энэ дагуу Монголбанкны Ерөнхийлөгч болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх болон Монголбанкнаас банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн журмыг баталсан. Монголбанкны зүгээс УУХҮЯ, банкуудтай хамтраад, санхүүжилтийг олгож эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ долоо хоногтоо багтаад банкуудтай санхүүжилтийн гэрээ байгуулснаар санхүүжилтийг олгож эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр алтны санхүүжилтийг хэрэгжүүлснээр энэ онд 23 тонн алт олборлох боломжтой гэсэн. Энэхүү 23 тонн алт нь өнөөдрийн үнэ цэнээр 1.2 тэрбум ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ.
-Энэ хөтөлбөрийн хүрээнд компаниудад санхүүжилт олгохдоо ямар зарчим баримтлах вэ? Яг хэдий хэмжээний санхүүжилт олгохоор батлаад байгаа вэ?
Алтны санхүүжилтийн хувьд УУХҮЯ-тай санал солилцсоны үндсэн дээр хоёр төрлийн санхүүжилт олгохоор болсон. Нэгдүгээрт, богино хугацаатай буюу 6 хүртэлх сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт. Хоёрдугаарт, 24 хүртэлх сарын хугацаатай хөрөнгө оруулалтын санхүүжилт юм. Богино хугацаатай санхүүжилтийн хувьд энэ онд батлагдсан уулын ажлын төлөвлөгөөний нийт үнийн дүнгийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгоно. Энэ нь 24 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хувьд батлагдсан нийт нөөцийн үнийн дүнгийн 30 хүртэлх хувиар тооцно хэмээн журамд тусгаснаар тооцсон дүн юм. Үүнтэй нийцүүлэн, УУХҮЯ-аас санхүүжилт олгох боломжтой компаниудын жагсаалтыг гаргаснаар тухайн компаниудад санхүүжилт олгоно.
-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарснаас хойш 3 орчим хувиар сулраад байна. Төв банкны хувьд валютын захад идэвхтэй оролцож байгаа. Он гарснаас хойш валютын захад хэчнээн ам.доллар нийлүүлээд байна вэ. Мөн сүүлийн хэдэн долоо хоногт дотоодын банкуудтай хийж байгаа своп хэлцэл идэвхжиж байгаа нь юутай холбоотой вэ?
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарснаас хойш 3 орчим хувиар суларсан нь Монгол Улстай ижил төстэй бусад оронтой харьцуулахад харьцангуй тогтвортой байгаа үзүүлэлт юм. Энэ нь нэг талаас Монголбанк дотоодын захад идэвхтэй оролцож, ам.доллар нийлүүлж байгаатай холбоотой. Он гарснаас хойш Монголбанк нийтдээ валютын захад 1.4 тэрбум орчим ам.долларыг нийлүүлсэн байна. Нөгөө талдаа 800 орчим сая ам.долларыг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авсан. Ингээд цэвэр дүнгээр 600 орчим сая ам.долларыг дотоодын захад нийлүүлсэн байгаа. Монголбанкны зүгээс энэ онд төгрөгийн ханш тогтвортой байна гэж харж байгаа. Учир нь энэ оны төгсгөлд төлбөрийн тэнцэл 700-800 сая ам.долларын алдагдалтай гарна гэж төсөөлж байна. Мөн үүн дээр өнгөрсөн долоо хоногт ОУВС-аас баталсан “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилт орж ирсэн. Мөн бусад улс орон, донор орнуудаас 700-800 орчим сая ам.долларын урсгал орж ирэх хүлээлт бий. Дотоодын нүүрсний экспорт сайжирч байгаа. Бидэнд байгаа мэдээллээр өдөртөө 1000 гаруй машин хилээр гарч байна. Ингээд цаашдаа дэлхийн эдийн засгийн хандлага эерэг болоод, Монгол Улсын экспорт сэргэвэл төгрөгийн ханшид ирэх дарамт сулрах болов уу гэсэн хүлээлттэй байна. Дотоодын банкуутай своп хэлцэл хийж байгаа нь цар тахалтай холбоотойгоор эдийн засагт гарч буй өөрчлөлтүүдээс болж зарим банкуудын хувьд төгрөгийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулаад, Монголбанкнаас банкуудтай ам.долларын своп хэлцлийг хийж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр24 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм24 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ