Энтертайнмент
Дэлхийн хошой аваргууд халз барилдана
АНУ-д жил бүр чөлөөт бөхийн шилдэг тамирчдын халз барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай.
Тэгвэл энэ жил гурван халз барилдаан ирэх долоодугаар сарын 25-нд Техас мужийн Остин хотод болно.
Хамгийн гол оргил барилдаан “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, Токиогийн олимпын сорилгод 74 кг-ын жинд барилдахаар шийдээд буй, 2018, 2019 оны дэлхийн 79 кг-ын жингийн аварга АНУ-ын Кайл Дейк нарын хооронд болох юм.
Чөлөөт бөхийн ертөнцөд томоохон хүлээлт үүсгээд буй дунд жингийн дэлхийн хоёр шилдэг хүчтэний дуэльд хэн ялах нь олны анхаарлыг татаж байна. Түүнчлэн “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Дэвид Тэйлор, өнгөрсөн жил Нур-Султаны дэлхийн аваргад өөрийг нь оролж очсон Пэт Даунитай хүч үзэх бол 2019 оны NCAA-гийн аварга Нью-Жерсигийн Энтони Ашнаул, энэ жилийн аварга Охайо Стейтийн Люк Плетчертэй халз барилдана.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.