Бусад
Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон нар байлцав.
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг нэг сарын хугацаанд туршиж, үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа. Хоёр давхар, эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 400 км явах хүчин чадалтай юм.
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон “Яг одоогийн байдлаар давхар автобус нь 50 мянган км явсан байна. Эдийн засагт 10 дахин хэмнэлттэй. Давхар автобусны давуу тал нь үндсэн батарей нь хүйтэнд зориулагдсан учраас идэр есийн хүйтэнд асуудал үүсгэхгүй. Өвөлдөө батарейгээ халаах чадвартай, зундаа кондейшинтой. Дизель автобус 100км-т 80 гаруй мянган төгрөгийн түлш хэрэглэж байгаа бол цахилгаан автобус нь 100км-т 8000 төгрөгөөр буюу 10 дахин хямд өртөг зарцуулж байна. Бид түлшнээс хэмнэсэн мөнгөөрөө парк шинэчлэлтийг бүрэн хийх боломжтой болсон. Улс, нийслэлийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр байгууллага, нэгжүүд нь автобусаа худалдаж аваад 6 жилийн хугацаанд цахилгаан автобусууд нь зөвхөн түлшнээсээ гаргасан хэмнэлтээрээ автобусны мөнгөө гаргаад авах боломжтой байна. Эдийн засагт үнэхээр хэмнэлттэй, аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэлтээ хийх боломжтой болж байгаа юм” хэмээлээ.
Эхний ээлжид давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Давхар автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр хоёр өдрийн рэйс буюу 400 км туулах бөгөөд автобус баазын удирдлагын төвтэй шууд холбогдсон 12 камертай аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Энгийн автобусанд өдөрт 70-80 мянган төгрөгийн үйлчилгээнд гардаг бол давхар автобус нь өдөрт 250-300 төгрөгийн орлого орж байгаа аж. Түүнчлэн мотор, хропын тос хэрэглэхгүй учраас байгаль орчинд ээлтэй, хорт хий ялгаруулахгүй зэрэг давуу талуудтай байгаа талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон дуулгасан юм. Цаашид давхар автобусыг нийтийн тээврийн хэрэглээнд нэвтрүүлэхэд санхүүжилтийн гэрээг эцэслэж, давхар автобусны стандартыг шинэчлэн батлах, цахилгаан автобусны дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх шаардлага тулгарч байгаа талаар дуулгасан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн парк шинэчлэлт гэдэг бол системийн цогц шийдэл байх ёстой. Нийтийн тээвэрт 20, 30 жил явж эдэлгээгүй болсон автобус оруулж ирэхээс илүүтэй эдийн засагт хэмнэлттэй цахилгаан автобусыг дэмжих нь зүйтэй. Тиймээс цахилгаан автобусны дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх асуудлыг холбогдох яам, газруудтай яаралтай зөвшилцөх болно. 2020-2021 онд нийтийн тээврийн салбарт 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллана. Иргэдэд ая тухтай, стандартад нийцсэн, эдийн засагт хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлэхээр эхлүүлсэн. Энэ төслөө үргэлжлүүлэхэд асуудал тулгарсангүй. Бүтэн жилийн хугацаанд туршил явууллаа. Тиймээс үргэлжлүүлээд давхар автобусыг оруулж ирэх асуудлыг эрчимжүүлнэ. Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамд саналаа өгсөн учраас Засгийн газарт өргөн барьж татвараас чөлөөлүүлэх бүрэн боломжтой. Тиймээс цаашид олон жилийн насжилттай автобусуудыг халж, байгаль орчинд ээлтэй орчин үеийн цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлнэ” хэмээлээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ