24 баримт
Нэг л өдөр хэлд орж, төрд ухаан нэмэх А.Адъяасүрэн
“Монголын мэдээ” сонин УИХ, Засгийн газрын гишүүдийн хэн нь хэн болохыг бэ гаргаж тавьснаараа сэтгүүл зүйн салбарт өөрийн өнгө төрхийг бий болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрхүү уламжлал ёсоор 2020-2024 онд төр түшилцэх УИХ-ын эрхэм гишүүдийн хэн нь хэн болохыг уншигч танд цувралаар хүргэх болно.
Дашрамд сонирхуулахад, долоо хоногийн даваа гаригт УИХ, лхагва гаригт Засгийн газар, баасанд Төрийн нарийн бичгийн дарга нар гэхчилэн цуварч, улмаар аймгийн Засаг дарга нараар үргэлжлэнэ. Энэ удаад цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Ардчилсан намын үндэсний бодлогын зөвлөлийн гишүүн, Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон Амгалангийн Адьяасүрэнг танилцуулж байна.
Дөлгөөхөн, нүдээрээ инээмсэглэх энэ хатагтайг түүхч, сэтгэл судлаач мэргэжилтэй гэдгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Номгон санчирын захирал гэвэл “ өө тийм тийм, манай хүү, дүү, би тэр сургуулийг чинь төгссөн” гэх нэгэн захаас аван таарах биз. Тэрбээр Баянхонгор аймгийн Богд сумын уугуул. Улсын багшийн их сургуулийн Түүх, сэтгэл судлалын ангийг 1992 онд дүүргэсэн. Багшийн гэр бүлд өсч торнисон нэгэн. Адъяасүрэнгийн ажил амвдралын гараа УБИС-ийн дөрвөн давхар шар байшингаас эхтэй. Тодруулж хэлбэл, дээд сургуулиа төгсөөд сургуульдаа багшилсан хэрэг. Тэр үед Монгол Улс зах зээлд ороод удаагүй байсан тул залуу багшийн цалин амьдралд хүрэлцэхгүй учраас бусдын жишгээр бизнест хөл тавихаар ханьтайгаа ярилцаж шийдсэн байна. ТҮЦ ажиллуулж, машиндаа хонож өнжин, хээрээр гэр хийж явсан явсан үе түүнд бий. Үүнийгээ ч нуудаггүй нь сайхан. Номгонсанчир” авто сургууль бол хосууд эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсохын үндэс суурь байж таарна. Автосургуулиа хэрхэн байгуулсан тухайгаа “ Нөхөр бид хоёрт мөнгө байсангүй, тиймээс хадам аавынхаа байрыг Улаанбаатар хотын банкны барьцаанд тавин дөрвөн сая төгрөг зээлж аваад түүгээр “Номгон санчир”-аа байгуулсан.
Улаанбаатар гэлтгүй улсын бүхий л зам дээр жолоо мушгиж яваа жолооч нарын дийлэнх нь манай сургуулийн бүтээгдэхүүн гээд бодохоор сургуулиараа бахархахгүй байх учиргүй” хэмээн тэрүүхэндээ бардам аргагүй өгүүлсэн байдаг. Адьяасүрэнгийн бизнест хөл тавьсан түүх ердөө энэ. Одоо түүний бодол, бэлчээр хоёрыг гүйцэх аргагүй алсарсан биз ээ. Ямартай ч тэрбээр хурааж, хуримтлуулсан хөрөнгийнхөө хэмжээгээр УИХ дахь эмэгтэй гишүүдийг тэоргүүлэх хэмжээнд яваа. Гэр бүлийнх нь сарын орлого 18 сая, нийт хөрөнгийн хэмжээ тэрбум 500 сая илүүтэй гэхээр ЖДҮ энэ тэр рүү шуналын нүдээр харж саваагүйтэхгүй болов уу. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өгүүлж буйгаар бол мань хүн өдөртөө хүнд даацын 100 машин нүүрст илгээчихээд сууж байдаг болсон гэх. Эмэгтэй хүний хувьд гайхалтай амжилт гэхээс өөрөөр юу гэх билээ.
Харин улс төрд хөл тавьсан түүх нь бизнес шигээ ил биш. Түүнийг хэн хөтөлж улс төрд оруулж ирсэн нь ихээхэн бүрхэг. Гэхдээ мөнгөтэй, бяртай, гүйлгээ ухаан сайтай бүсгүйг “Манай намд элсээч” гэх саналыг улс төрийн хоёр хүчин хоёулаа тавьсан байдаг нь нууц биш. Сонголт нь Ардчилсан нам. Тэр одоо Ардчилсан намын бодлогын зөвлөлийн гишүүн. УИХ-ын гуравдугаар тойрогт АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан цөөн эмэгтэйчүүдийн нэг. УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл шинжлэх ухаан, Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдаж буй. УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд зарчмын болоод зарчмын зөрүүтэй ямар нэгэн санал хэлээгүй. Одоогоор ганц үг амнаасаа унагаагүй л байна. Учраа мэдэхгүй попорч хүний элэг доог болж байснаас олны байдлыг харж нухацтай дуугарах нь ч дээр байж мэдэх юм. Гэхдээ нэг сайн тал нь тэрбээр Чуулганы нэгдсэн хуралдаан болоод байнгын хороодын хуралдаануудад идэвхитэй сууж байгаа харагдсан. Үнэндээ бол мань хүн улс төрд шинэхэн, түүхийгээрээ байгаа шүү дээ. Хөлөө олох, өөрийгөө таниулахад цаг хугацаа орох биз. Одоогоор түүний талаар өгүүлэхэд нэг иймэрхүү. Төрийн жолоог атгалцана гэдэг гоё ганган, үнэтэй машинаар салхи татуулан довтолгохоос тэс ондоо зүйл.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.