Энтертайнмент
Apple компани шинэ iPhone утсаа энэ сарын 15-нд танилцуулна
Жил бүрийн намар шинэ iPhone болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг Apple компани энэ оны арга хэмжээгээ есдүгээр сарын 15-ны өдөр онлайн горимд зохион байгуулахаар болжээ.
Энэ жилийн гол танилцуулах бүтээгдэхүүн хүмүүсийн нэрлэж байгаачлан iPhone 12 болох нь тодорхой байна. Үүнээс гадна шинэ Apple Watch ухаалаг бугуйн цаг, шинэ iPad таблет танилцуулах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд урьдчилан мэдээлжээ.
iPhone 12-ын хувьд Apple компанийн анхны 5G сүлжээнд нийцэж ажиллах ухаалаг гар утасны загвар болно гэсэн хүлээлт үүсээд байгаа.
Мөн дөрвөн хувилбар танилцуулагдахаас хоёр нь одоогийн iPhone 11-ийг, хоёр нь iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max загваруудыг залгамжлана гэсэн таамгийг Блүүмбэргийн мэргэжилтнүүд дэвшүүлжээ.
Сүүлийн улирлын санхүүгийн тайлангаа танилцуулахдаа Apple компани энэ жилийн шинэ iPhone загвар зах зээлд хүрэхдээ ердийн үеийнхээс хэдэн долоо хоногоор хоцрох төлөвтэй байгааг мэдээлж байв. Үүнд коронавирусийн цар тахалтай холбоотой үйлдвэрлэлийн саатал нөлөөлж байгаа гэнэ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.