Энтертайнмент
Дуучин Ө.Цэрэнчунт “Монголын сонгодог бүтээлүүд” нэртэй цомог гаргажээ
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт “Монголын сонгодог бүтээлүүд” цомгоо гаргажээ.
Тэрбээр өмнө нь Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын бүтээл, Жинлавцогзол Говийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн Монгол маанийн хөгжөөл гэсэн цомог гаргасан билээ.
Энэ удаагийн цомогт нь есөн хөгжмийн зохиолчийн 14 бүтээл багтсан бөгөөд үе, үеийн уран бүтээлчдийн өөр өөрийн гэсэн дуулалтыг зөвхөн тенор хоолойд зориулан сонсогчдод хүргэж эхэллээ.
Уг цомгоо гаргасан зорилгоо тэрбээр “Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдыг шинэ үеийн залуустаа эргэн сануулах, уран бүтээлийн онцлогуудыг нь танин мэдүүлэхэд оршиж байгаа” гэсэн юм.
“Монголын сонгодог бүтээлүүд” цомогт Монголын нэрт хөгжмийн зохиолч Ц.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, С.Гончигсумлаа, Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал нарын ари романс дууг сонгожээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.