Энтертайнмент
Хөлбөмбөгийн Үндэсний дээд лигийн аваргаар “Атлетик 220” клуб тодорлоо

Энэ жилийн Үндэсний дээд лиг Коронавирусын цар тахлын халдвар, хамгааллын дэглэмийг сахин, хөлбөмбөгийн ногоон талбайд үзэгч хөгжөөн дэмжигчгүйгээр тодорхой хугацаанд хязгаарлалттай зохион байгуулагдсаны зэрэгцээ дээд лигийн 10 багт гадны улс орны легионер тоглогчгүй, Монгол залуус өрсөлдөж, сүүлийн тойрогт хэн нь ч медаль дээр буух магадлалтай сонирхолтой тоглолт, дахин давтагдашгүй гоолууд гээд шинэ содон, онцлог зүйлсээр дүүрэн байлаа.
2020 оны Үндэсний дээд лигийн Аваргын алтан медалийг “Атлетик 220” клуб хүртэж, “Эф Си Улаанбаатар” мөнгөн медаль, “Хангарьд” хүрэл медалийн эзэд боллоо. Мөн өөрийн багтаа амжилт авчрахад онцгой гавьяа байгуулсан “Атлетик 220” клубын довтлогч Н.Наранболд лигийн “Шилдэг мэргэн бууч”, хаалгач Э.Мөнх-Эрдэнэ “Шилдэг хаалгач”-аар тодорлоо.
Үндэсний дээд лигт дэвшин орсон жилдээ хүрэл медал хүртэж байсан тус клубын Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар Капитрон банк ажилладаг. Багийн спорт, тэр дундаа хөлбөмбөгийн спорт өөрөө ивээн тэтгэгчтэй байхыг шаарддаг спорт. Клубууд ивээн тэтгэгчтэй байснаар биеэ дааж, санхүүгийн хувьд найдвартай, тогтвортой болохын зэрэгцээ тамирчид нь нийгмийн асуудалдаа санаа зовохгүй тэмцээндээ анхаарч, энэ нь багийг амжилтанд хүргэхэд томоохон хөшүүрэг болдог.
Спортын клуб, бизнесийн байгууллага хоёрын хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон “Атлетик 220” клуб, Капитрон банк 4 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд хүүхэд залуусыг их спортод уриалан дуудаж, тэдэнд эрүүл амьдралын хэмнэлийг сурталчлан, нийгэмд эерэг үлгэр жишээ үзүүлэн хөлбөмбөгийн спортоор хичээллэх хүүхэд залуусын хүсэл мөрөөдөлд гэрэл гэгээг нэмсээр байна.
“Атлетик 220” клубын тоглогчид, клубын удирдлагууд, фанатуудад баяр хүргэхийн ялдамд Монголын хөлбөмбөгийг дэмжиж байдаг нийт клубууд, байгууллагууд, спорт сонирхогчид, хөгжөөн дэмжигчиддээ өндөр амжилт хүсье!

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
