Улсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ 58 дахь удаагийн улирлын нээлтээ Монголын сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетээр эхлүүлэх гэж байна. “Учиртай гурван толгой” дуурийг аравдугаар сарын 3-нд, “Үйлийн гурван толгой” балетыг аравдугаар сарын 4-нд тус, тус тоглох юм.
УДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс хэлэхдээ “Хуучны сонгодог бүтээлээ сэргээн тайзнаа тавих, сонгодог урлагийг зөвхөн Улаанбаатар хотын үзэгчдээр хязгаарлахгүй орон нутгийн үзэгчдэд таниулахад анхаарна. Залуучуудад Монголын уламжлалт өв соёлоо сонгодог бүтээлүүдээрээ дамжуулан таниулах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
Мөн театрынхаа орчин нөхцөлийг засч янзлах, тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай талаар дээд албан тушаалтнуудад хүсэл тавьсан ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байгааг театрын захирал онцоллоо.
2020 онд Монгол Улсад Хөгжимт драмын театр үүсч хөгжсөний 70 жилийн ой тохиож байна.