Энтертайнмент
Үндэсний сурын отго харваа болно
Үндэсний харвааны “Петровис” багийн отго харваа энэ сарын 10-11-нд Улаанбаатар хотын Үндэсний сур харвааны талбайд болох гэж байна.
Уг тэмцээний зорилго нь Монголын үндэсний сур харвааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрээ төрдөө үнэлүүлж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн С.Батхуяг, гавьяат дасгалжуулагч Б.Өлзийдэлгэр, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Б.Хүрэлбаатар нарын алдрыг тэмдэглэх, уг спортын өв соёл, уламжлалыг сурталчлахад оршиж байна.
Бүртгэл энэ сарын 7-9-ны хооронд явагдах бөгөөд харваачид тэмцээнд оролцохдоо үндэсний иж бүрэн хувцастай байх, эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум болон сургалтын нумаар харваж болох гэнэ.
Тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй харваачид цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал дагалдах бол 2-5 байрт шалгарсан харваач өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулах юм байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.