Энтертайнмент
ДЭЭД ЛИГИЙН ТАЛААР…
Өмнө нь онцолж байсанчлан энэ жилийн лиг ОНЦГОЙ УЛИРАЛ байх юм. Легионер тоглогчдын ур чадварыг тооцолгүйгээр хэн нь жинхэнэ илүү баг юм бэ, аварга юм бэ гэдгээ үзэх магадгүй ганц улирал. Ирэх жил корона вирус дэлхий дахинаа дуусаж хил нээгдэн, хавар гэхэд гадаад тоглогчид ирэх бололцоо бүрдчихийг үгүйсгэхгүй. Онцгойлоод байгаа учир нь энэ.
Харин энэ чухал өрсөлдөөнд Хасын Хүлэгүүд хоёр дахь багийн статусаар оролцсон. Бүрэлдэхүүн Алдар Танан Гарьдыг бодвол хангалттай зузаан биш, дээрээс нь Билгүүн баруун гараа 100% хөдөлгөж чадахгүй, Сэргэлэн Дорждамба гуяын арын шөрмөс нь гэмтсэн байдалтайгаар цуврал эхэлсэн. Тийм учраас цувралыг 4-0 ээр дуусч мэдэх юм гэсэн таамаг Хүлэгүүдийн фенүүдээс бусдад нь цухалзаж байсан нь нууц биш.
Эхний тоглолтын дараа ч тэр, Билгүүн зүүн гараараа тоглоод 4 хожно гэдэг боломжгүй санагдаж байв. Гэтэл яг одоо Хүлэгүүд 2-1 ээр тэргүүлж явна. Үүнд 7 хоногийн амралт тус болсон. Гэхдээ 3 дахь тоглолтод хожно, ер нь цаашдаа энэ цувралд хожил авна гэж би хувьдаа төсөөлөөгүй гэдгээ нуухгүй. Хүлэгүүдийн тоглогчдод ч өчигдрийн хожил ямар үнэ цэнэ байсныг баярлаж байгаагаас нь харж болохоор байсан.
Энэ цувралд өөрийн хийх ёстойгоо хийж байгаа олон тоглогч бий. Сэргэлэн, Билгүүн, Ууганбаяр, Эрдэнэцогт, Мэндбаяр гээд олон тоглогчийг жагсааж болно. Ялангуяа Сэргэлэн. Хоёр хожилд түүний 3 онооны шидэлтүүд чухал байлаа.
Харин хийх ёстойгоосоо илүү хийж байгаа нь Өрнүүнбилэг байлаа. Өрнүүнийг хамгийн сүүлд хэзээ ингэж дийлдэшгүй тоглож байсныг мартаж, мартсан гэж мэдэхгүй ч байж болох юм. Лав л Өрнүүнбилэг зогсоогдошгүй байлаа гэдэг яриа чих дэлсэж байсангүй. 30 оноо 11 самбар FG 13/19 түүнийг талбайд байхад баг нь +9 оноотой. Энэ бол MVP тоглогчдын гаргадаг үзүүлэлт.
Түүнийг ингэж сайн тоглуулсан нь хүн нь Пүрэвдорж дасгалжуулагч. Байрлалаа зөв оновчтой эзлүүлж, Өрнүүнийг чиглэсэн дамжуулалт олон өглөө. Үүн дээр халз тулаанд Болортулгийн эсрэг илүүрхэн тоглож байсныг нь онцолъё. Ингэнэ гэж хэн мэдлээ, Хүлэгүүд – Гарьд хоёрын тулаанд Өрнүүнбилэг гол хүн нь болно гэж. Өмнөх жилүүдийн олон учраанд тийм зүйл лав болж байгаагүй.
Нэг л зүйл онцолмоор байна. Хэрэв энэ шигшээд Хүлэгүүд хожвол Пүрэвдорж дасгалжуулагч гол хүн нь байх ёстой. Гэмтэл бэртэл ихтэй, сэлгээ хангалттай биш байхад хүчирхэг багийг хожиж байгаа бол.
Яг үүн шиг эсрэгээрээ өрсөлдөгч нь гэмтэлтэй, сэлгээ султай байхад өөрөө сэлгээ болон гараа нь ялгархааргүй 8,9 тоглогчтой хожигдох юм бол Алдар Танан Гарьд багийн дасгалжуулагчид бүх хариуцлага бас хожих ёстой. Тэгэхээр дарамт одоо Алдар Танан Гарьд багийн талд шилжиж байна. Авч байгаа самбар илүү байгаа боловч, будагтай талбайгаас алдаж байгаа оноогоороо бас илүү нь. Хамгаалах, хамгаалалтыг илүү оновчтой зохион байгуулах шаардлага тэдэнд үүсээд байна.
Цуврал дөнгөж л талдаа орж байна. Сэргэлэнгийн гуяны арын шөрмөс ямар байх бол, Алдар Танан Гарьд дараагийн тоглолтод юу бэлдэж гарч ирэх бол гээд олон сонирхолтой асуулт бий.
Өнгөрсөн жил 7 тоглолтод хүрч байсан энэ хоёр багийн цуврал хэдэн тоглолтоор аль багийн ялалтаар өндөрлөх бол, таамгаа болон өөрсдийн өнцгөө үлдээгээрэй.
Жич : Бусдын бодол таамгийг хүндэтгэхийг хүсье.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.