Нийгэм
УОК-ын журмын сунгасан хугацаа дууслаа
УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ын дагуу өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хаалаа. Тэгэхдээ хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх юм.
Уг журамд зааснаар Улаанбаатарт гацсан иргэдийг гаргах ажлыг 12 дугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулсан. Гэвч зарим иргэний PCR шинжилгээний хариу гараагүй байсныг үндэслэн дээрх хугацааг сунгасан юм. Өөрөөр хэлбэл журмын 2.8-д PCR шинжилгээ өгсөн боловч гарч амжаагүй иргэдийг 12 дугаар сарын 14-18-ны 06:00 цаг хүртэл гаргах ажлыг зохион байгуулна гэж заасан.Мөн журамд 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06:00 цагаас Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зогсооно гэж өөрчлөлт орсон юм. Энэ дагуу өнөөдөр өглөө хотоос гарах зорчигч, тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ хязгаарлалт 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Харин Ковид-19-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөж, нэвтэрнэ. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой бөгөөд тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм.
ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай гэсэн зургаан аймагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Өөрөөр хэлбэл эдгээр аймгаас ирэх иргэдээс заавал шинжилгээний бичиг шаардана.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.