Нийгэм
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар НОК-т хандив өглөө

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ажилтан, албан хаагчид коронавируст цар тахлыг хумих, эрсдэлээс иргэдийг хамгаалахаар ажиллаж буй албан хаагчдад нэг өдрийн цалин болон 25 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгсэл хандивлалаа. Тус хандивыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгсөн.
Энэ үеэр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Коронавирусийн эсрэг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сахиулан ажиллаж буй Нийслэлийн онцгой комиссийн алба хаагчдад манай газрын зүгээс сэтгэлийн дэм үзүүлэхийг зорьсон билээ. Манай байгууллагын ажилтнуудын нэг өдрийн цалин болон хөрөнгө оруулалтын газартай хамтран ажилладаг байгууллагуудын дэмжлэгээр 25 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалах хэрэгслийг та бүхэнд хандивлаж байна. Нийслэлчүүдийн эрүүл мэндийн төлөө хичээн ажиллаж буй та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэсэн юм. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Онцгой нөхцөлд ажиллаж буй нийт алба хаагчдын нэрийн өмнөөс та бүхэнд талархаж байна. Энэхүү хандивыг Нийслэлийн онцгой комиссын нөөцөд бүртгэн авч, голомтын бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад хүргүүлэх болно” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.